Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын ачааллыг багасгах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтарсан Ажлын хэсэг байгуулсан билээ. Энэ ажлын хүрээнд Замын цагдаагийн газрын тавьсан хүсэлтийн дагуу БСШУЯ-наас замын ачаалал, түгжрэлийг багасгах зорилгоор зарим их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан юм. Шийдвэрийн дагуу ХААИС-ийн хичээлийг 10.00 цагаас эхлүүлэхээр болж, долоо хоногийн турш шинэ хуваариар хичээллэсэн ч тус сургуулийн оюутан, эцэг, эхчүүдийн зүгээс
“Хичээл 10.00 цагт эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал огт буурахгүй байна, оюутнууд хичээлдээ очихдоо замын түгжрэлээс болж хоцрох тохиолдол их байна. Хүний биологийн идэвхтэй цагтай холбоотойгоор оюутны сурах идэвх, ой тогтоолтод муугаар нөлөөлж байна” зэрэг санал, гомдол тавьсны дагуу сургуулийн захиргаанаас хичээлийг 7.40 цагаас эхлүүлэх хүсэлтийг БСШУЯ-нд тавьсан байна. Яамны зүгээс ХААИС-ийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн тул өчигдрөөс буюу гуравдугаар сарын 26-наас эхлэн ХААИС-ийн хичээл өглөө 7.40 цагт эхлэх болжээ. ХААИС-иас гадна ШУТИС гуравдугаар сарын 21-нээс эхлэн 7.40 цагаас хичээллэж байгаа билээ.
Д.Жаргалсүрэн