”Арьс ширний түүхий эдийн 80 хувийг Хятадууд авдаг”

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

”Арьс ширний түүхий эдийн 80 хувийг Хятадууд авдаг”

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөн өнгөрсөн сард болсон. Иймээс зөвлөлгөөний үр дүн болон арьс ширний үйлдвэрлэлийн талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцсан юм.

    
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөний үр дүн нь юу байв?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн улсын зөвлөлгөөн зохион байгуулсан. Энэхүү зөвлөлгөөн дөрвөн жилд нэг удаа болдог юм. Зөвлөлгөөнөөр жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа арьс шир үйлдвэрлэлийн талаар голчлон ярилцлаа. Манай арьс ширний салбар1988 онд хөнгөн, аж үйлвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувийг эзэлж байсан. Энэ ч утгаараа экспортын бүтээгдэхүүн гаргадаг ганц салбар юм. Нийгмийн өөрчлөлт, хувьчлалын алдаанаас болоод маш олон үйлдвэрийг зориулалтын бус байдлаар ашиглаж ирсэн. Үүнээс болоод гутлын болон савхины  үйлдвэрүүд байхгүй болсноос энэ салбар нэг хэсэг уналтанд орсон. Харин одоо салбарын бүтцийг авч үзэхээр 10 сая мал нядлахаар 10 сая арьс гарна. Эдгээр арьсыг дотоодын үйлдвэрлэгчид 20 гаруй хувийг нь авдаг. Үлдсэн 80 хувь нь Хятадын худалдаачид Монголын зах зээлээс худалдаж авдаг. Жишээ нь адууны арьсыг 100 хувь түүхийгээр нь бусад малын арьсыг ч мөн адил. Ийм учраас энэ байдлыг өөрчлөхийн тулд үндэсний үйлдвэртэй арьс ширээ өгсөн иргэдэд урамшуулал олгохоор боллоо. Энэ нь ноосны салбарт маш их дэмжлэг болох болов уу. Ийм маягаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл маш худацтай хөгжинө гэж бодож байна. Арьс шир боловсруулах үйлдвэрийг яагаад дэмжих шаардлагатай вэ гэхээр боловсруулах үйлдвэр маш олон ажлын байр бий болгодог. Давуу тал нь жил бүр тойрог маягаар нөхөгдөж байдат оршино. Энэ нь уул уурхайн салбартай адилгүй. Нэг үгээр хэлбэл байгальд ямар ч сөрөг нөлөөгүй гэсэн үг. Монгол Улсын хөгжлийн гарц бол малын гаргалтай түүхий эд юм.

-Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны үйл ажиллагааны талаар ярихгүй юу?

-Манай холбоонд арьс шир боловсруулах 30 гаруй үйлдвэр байдаг. Энэхүү үйлдвэрүүдийн 10-аад нь жижиг үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүд дотоодын зах зээл дээр бүтээгдхүүнээ гаргаж байгаа. Харин томоохонд тооцогдох тав, зургаан үйлдвэр нь  үйлдвэрлэл эрхэлж гадаадын зах зээл дээр хагас боловсруулсан бүтээдэхүүнээ гаргадаг. Манай арьс ширний үйлдвэрлэлийн холбоо гурван жил үйл ажиллагаагаа явуулахдаа төр, засагтаа хандаад техникийн зохицуулалт гаргаж байгаа юм. Хагас боловсруулж гаргаад байгаа бүтээгдэхүүнээ илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход гол бодлого оршиж байгаа.

-Арьс ширээ ямар замаар худалдан авч боловсруулдаг вэ?

-Ченж олон өөрийн түхий эд авах салбараар дамжуулж авдаг. Цаашдаа малчдын гар дээрээс авах ажлыг эхлэх гээд ажиллаж байна. Хагас боловсруулсан арьсыг экспортод 39 ам.доллараар гаргадаг. Энэхүү импортолж авсан орнууд өнгөлгөө хийгээд буцаад манайх руу 80 ам.доллараар оруулдаг. Үүнээс харахад манай улс 30-аад ам.доллар алдаж байгаа юм. Үүнийг л болих хэрэгтэй.

-Та арьс ширний түүхий эдийн 80 хувь нь Хятад улс руу гардаг гэлээ. Гадны орон руу гаргахгүй дотооддоо боловсруулах боломж байгаа юу?

-Боломж байгаа. Яагаад авч чадахгүй Хятад руу гаргаад байна вэ гэхээр эргэлтийн хөрөнгө байхгүйтэй холбоотой. Үүнд манай төрийн бодлого дутмаг байгаа. Бусад салбарыг бодвол их онцлогтой. Байнга арьс шир гараад байдаггүй. Тодорхой хугацаанд бий болдог. Мөн салбарынхаа яамтай хамтараад төсөл хэрэгжүүлж байгаа. Экологийн талаас ганц хоёр зүйл хэлэх нь зүйтэй байх. Харгиа нэртэй цэвэрлэх байгууламж байдаг. Үүнийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгож нийслэлд өгсөн. Зарим хүн өрөөсгөл бодолтой байдаг. Энэ нь арьс ширний үйлдвэр л гэхээр химийн бодис хэрэглэчихээд, хаягдалыг нь гол руу хаядаг гэсэн. Тийм зүйл огт байхгүй. Бид химийн бодисыг шүүж аваад төв цэвэрлэх байгууламж руу өгдөг.

-Арьс ширний үйлдвэр хэр хортой бодис хэрэглэдэг вэ?

 -Арьс шир боловсруулахад хэрэглэдэг “Хором” гэдэг химийн бодис байдаг. Энэ бодис нь байгаль дээр хатуу биетэй хүнд хор нөлөө байхгүй. Мөн саван, лак зэрэг хор багатай бодис хэрэглэдэг. Хог хаягдлаа Морингийн давааны цаана Европын холбооны тусламжаар хийгдсэн зориулалтын саванд хийж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Ж.БАТТУУЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж