Оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр зарлалаа

MCS  групп ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР зарлалаа

М-Си-Эс Группын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг олон төсөл, хөтөлбөрийн нэг, жил бүр уламжлал болгон зарладаг ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-ийн 2012-2013 оны хичээлийн жилд тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт эхэллээ. Дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж буй гурав ба түүнээс дээш курсын бүх оюутанд нээлттэй уг хөтөлбөр энэ онд ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Сурч мэдэх, сайн мэргэжилтэн болох хүсэл тэмүүлэлтэй, шилдэг тэргүүний оюутан залуусыг дэмжих зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд жил бүр 30 оюутныг сонгон шалгаруулж, нэг хичээлийн жилийн турш 800 мянган төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгодог. Мөн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд М-Си-Эс Группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн буюу дипломын өмнөх дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах боломжтой болдог. ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-ийг хэрэгжүүлж эхэлсэн 2004 оноос хойш нийт 230 гаруй шилдэг оюутан уг тэтгэлэгт хамрагдсанаас өдгөө олон залуус тус группын харьяа компаниудад ажиллаж, эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явна.

М-Си-Эс Группын ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-ийн шалгаруулалт нь тестийн шалгалт, бүлгээр ажиллах дасгал, ярилцлага гэсэн гурван үе шаттай бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн оюутнууд www.mcs.mn хаягаар бүртгүүлнэ үү. Шалгаруулалтын эхний үе шат болох тестийн шалгалт 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд МУИС, СЭЗДС, ХААИС, ШУТИС-КтМС-ийн хичээлийн байранд 09.00 цагт эхлэх бөгөөд шалгалтанд урьдчилан бэлтгэхийн тулд www.mcs.mn хаягаар орж дадлагын тесттэй танилцах боломжтой. Харин 4 дүгээр сарын 26-ны өдөр 3 шатны шалгаруулалтаас сонгогдсон 30 оюутанд тэтгэлэг гардуулах, мөн амжилттай оролцсон 10 оюутныг ажлын байранд урих ёслолын ажиллагаа болно. Нийт оюутан залуусыг ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-т  идэвхтэй оролцохыг урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж