Өөрийн намын гишүүнд илгээсэн атлаа ажил төрлийн харилцаатай гаднын байгууллагад хандсан мэт хүйтэн, хөндий үг, агуулгатай энэхүү бичигт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дараах хариуг өгч МАН-ын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарт илгээжээ. Гишүүн Д.Тэрбишдагва хариу бичигтээ “Надад ирүүлсэн албан шаардлагатай танилцлаа.
Ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээ, МАН-д суудал авчирсан, намын бага хурал болоод УИХ дахь бүлгийн нэг гишүүнтэйгээ манай намын удирдлага, ёс зүйн хороо уулзаагүй байж, албан бичиг өгч, хариуг бичгээр өгөхийг шаардан, хөндий зэврүү харилцаа гаргаж буйд харамсч байна. Нөгөө талаар хамт олон, гишүүдээсээ хөндийрсөн намын удирдага л хөндлөнгийн мэт байр сууринаас “хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа”-гаа ингэж илэрхийлдэг байх даа гэдгийг хэлмээр байна.
Миний бие 2008 оны УИХ-ын сонгуульд МАХН /одоогийн МАН/-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Үүнийгээ би “Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх ашиг, амгалан тайван амьдралын төлөө үнэнч шударгаар тэмцэх үүрэг хүлээсэн элч төлөөлөгч” гэж бодож явдаг бөгөөд сонгогч олонтойгоо байнгын холбоотой байж, төрийн хууль тогтоох үйл ажиллагааг сурталчилж, тэднийхээ үгийг төр, засагт хүргэж, бас сонгогчидтойгоо хийх уулзалт ярилцлагыг байнга зохион байгуулж байна.
УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш одоог хүртэл миний бие өөрийн сонгогдсон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сонгогчидтой 500 гаруй удаагийн уулзалтыг хийсэн бөгөөд одоо ч тойргийнхоо албан байгууллагуудаар явж, сонгогч, иргэдтэйгээ уулзсаар явна.
Миний бие МАН-ын бодлого, үйл ажиллагаа, намын дүрмийг хүндэтгэхийн дээр Монголын ард түмний мэргэн сонголт, Монгол Улсын эрх ашгийг ямар ч нам, эвсэл, холбоодын эрх ашгаас илүүтэйгээр эрхэмлэн дээдэлдэг. Тиймдээ ч Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиг багатай, алдагдалтай болсон талаар өрнөж буй ард нийтийн санал бодлыг хүндэтгэн үзэх нь зүйтэй тухай өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн ч удаа үзэл бодлоо илэрхийлсэн явдал бий.
Мөн Монголын ард түмэн Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн УИХ-ын 46 суудлыг авах, УИХ-д олонхи болж Засгийн газраа дангаараа бүрдүүлэх чухал боломжийг олгож сонгосоор байтал сонгуульд өөртэй нь өрсөлдөж ялагдсан Ардчилсан намтай эвсэн нэгдэх, “стандарт бус” гэгч хамтарсан Засгийн газар байгуулсан нь ард түмний сонголтыг хөсөрдүүлсэн, тэднийг үл ойшоож, доромжилсонтой адил ёс зүйгүй асуудал болохыг удаа дараа шүүмжилсэн нь ч үнэн.
Монгол Улсад 90 шахам жил төр барьж, Монгол түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээсэн, ууган намынхаа нэрийг солих асуудалд хөнгөн гоомой, яаравчлан хандаж, намын нийт хамт олны санал бодлыг үл ойшоож шийдвэр гаргаснаас улбаалан намаа хоёр хувааж, хүчээ тарамдуулж, удахгүй болох гэж буй хамгийн хариуцлагатай сонгуульд төр барих эрхээ алдах бодит аюул нүүрлэж буйд эмзэглэж явдаг тул энэ хоёр намаа эргэж эвлэлдэн нэгдэх, эгнээгээ тэлж, хүчээ зузаатгах талаар санал, санаачилга гаргах нь зүйтэй бус уу хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Энэ бүгдийг илэрхийлснийхээ төлөө, Монгол Ардын Намаа МАН+АН болгож будлиантуулахад хүргэсэн намын дарга, удирдлагаа шүүмжилснийхээ төлөө намынхаа Ёс зүйн хороонд бичгээр тайлбар гаргах үүрэгт тулгагдаж үг хэлж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүйд хүрч, хатуу анхааруулга авч байгаа юм байна. Намын нэр хүнд, эв нэгдлээ үнэхээр бодож байгаа бол, нам сонгуульд амжилттай оролцоё гэж л хүсч байгаа бол намаа гэсэн сэтгэлтэй, үнэн үгээ хэлж байгаа гишүүдийнхээ үгийг цензурдах, хааж боох, анхааруулах, сануулах биш, тэднийг хамгийн ихээр сонсох, яагаад ийм үг, шүүмжлэл гараад байна, гарах болов гэдэгт дүн шинжилгээ хийх ёстой биш үү.
Өнөөдөр манай намд урьд байсан шигээ хүчиндээ эрдэх, бардам зан гаргах, удирдлага нь гишүүддээ ихэрхэх цаг биш ээ. Намын удирдлага хамт олноосоо тасрах, шударга үнэн үг хэлсэн нэгнээсээ тайлбар авах, тэдэнтэйгээ тооцоо хийх гэж цаг алдах явдал бүр ч биш.
Ер нь МАХН /одоогийн МАН/-ын удирдлагын арга барилд сүүлийн үед бий болсон, одоо ч амь бөхтэй оршиж буй дутагдал гэвэл,
Үнэн үг хэлсэн гишүүдээ адлаж, элдэв нэр хоч өгч, ил далд тооцоо хийж, тэднээсээ хөндий байна. МАН-ын удирдлага үзэл бодлын зөрүүтэй “журмын нөхөд”-өө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн эрх мэдлээр далайлган дарамтлах ажиллагааг маш их явуулж байна. Үүний жишээ нь хэвлэл мэдээллийн хэрэлслээр явуулж буй төлбөртэй, захиалгат нэвтрүүлгүүдийг дурдахад хангалттай,
Намын хамт олныхоо дунд байж, тэдний санал бодлыг мэдэрч байхын оронд удирдлагын хэдхэн хүн улам тасарч, өөрсөдөө “найдвартай хүмүүс”-ийн бүлэглэл үүсгэн гишүүд, дэмжигчид нь уулзах, үгээ хэлэхэд саадтай болж, ойр дотнын хэдхэн хүн, “зөвлөгчид”-ийн хүрээнд намын дотоод амьдралын амин чухал асуудлыг шийдвэрлэдэг,
Намын нийтлэг эрх ашиг гэхээсээ ашиг сонирхлын бүлэглэлд үйлчилж, улс төрийн өрсөлдөгч нам, хүчинтэй хэт ойртож, олон зүйл дээр санал санаачлагаа алдаж байна. Энэ нь удирдлагын эдийн засгийн болон бусад ашиг сонирхолтой хэдхэн хүнд ашигтай болохоос биш, намаа хагалан бутаргаж, хүчгүйдүүлэх ноцтой аюултай юм. Энэ мэт тоочвол олон зүйл байна.
Намын дотоод амьдралын хэм хэмжээ зөрчилдөж, намын эв нэгдэл, нэр хүнд урьд хожид байгаагүй хэмжээнд алдагдаж, улс төрийн бусад нам, хүчнүүдийн дайралт, шахалт шаардлага эрс идэвхжиж байгаа нөхцөлд МАН ийм сулбагар, идэвхгүй байгаа нь УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ үед нам “хүнд цохилт” хүлээх магадлал улам өндөр болж байгаад санаа зовохгүй байж чадахгүй байгаа бөгөөд намын гишүүний хувьд энэ тухай үнэн үгээ хэлэх нь миний үүрэг гэж бодож байна.
Би намынхаа бусад гишүүдийн адил намын эв нэгдлийг хангах асуудлыг онцгой авч үзэх шаардлагатай гэж бодож явдаг хүн. Гэтэл үүний төлөө санаа тавихын оронд намын удирдлага, түүнд ойр байдаг хэдхэн хүн өөрсдийн амбици, хэн нэгэнтэй бодох хувийн тооцоо, өс хонзон, муйхарлан зүтгэх туйлшралаас болж эцэстээ бүхэл бүтэн улс төрийн хүчинд аюул учирч болзошгүй байна.
Энэ бүгд нь бидний санааг зовоож байгаа тул намын удирдлагад хүргэх үгээ бүхий л арга хэлбэрээр хэлсээр байгаа юм. Харин надад намын Ёс зүйн хорооноос сануулга болгосон шиг “намын нэр хүнд, эв нэгдэл, намын эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл”, санаа зорилго байхгүй.
Эцэст нь хэлэхэд, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тухай Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ МАН-ын Ёс зүйн хорооны дарга болон бусад удирдлагаар хасуулахгүй.
Миний хэлэх үг бол гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашиг, улс орны хөгжил, цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө байх болно.
Хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва” гэжээ.