Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийн зөв

АН-ынхан сонгуулийн дараа сумны хонгио олдог “уламж­лал” тогтсон шиг нуу­цаар гарын үсэг зурсан нууц гэ­рээг заавал Ц.Нямдорж ил­рүүл­чихээд байх юм. Түүнийг хуульч гэх үү, чекист гэх үү. “Женко” Х.Баттулга уг нь Ц.Нямдоржоос дутахааргүй л “хатуу самар” сан. Гэтэл ганц гэрээн дээр гарын үсэг зур­чихаад түүнийгээ олигтойхон “нууж” чадалгүй Хууль зүй, дотоод хэргийн сайдад “гар­дуулчихсан” нь тун тоо­гүй. Үнэндээ энэ бүхнийг төсөөлөөд үзэхэд нэг л сэтгэлд буу­хгүй юм. Х.Баттулга сайд яг гарын үсэг зурчихаад байж байтал Ц.Нямдорж сайд давхиж ороод “Одоохон наа­дахаа надад хувилж өг” гэж шаарджээ. Тэр үед Х.Бат­тулгын царай хөрзийн барайж, хөл нь чичрээд аргагүйн эр­хэнд айгаад 20 хуудас гэрээг хувилж өгөөд хадгалуулчихсан юм даг уу даа. Нарийндаа бол Ц.Нямдорж л хэвлэлийнхэнд мэдээлсэн болохоос эхлээд Оросын талынхан “Бидэнтэй бай­гуул­сан гэрээнээсээ яагаад бу­цах болов. БНХАУ, БНСУ-ын компанийнхантай ямар учир­тай гэрээ байгуулчихав” гэсэн асуудлыг тавьсан бо­лол­той юм билээ.

Нууц бол нууц л байх ёстой. Түүнээс биш ЗТБХБЯ-ныхан хэвлэлийн хурал дээр “нууц” гэгдэх гэрээний хуул­барыг барьж суучихаад “үзүүл­нэ, үзүүлэхгүй” гэж мар­гаж суух учиргүй. Өөрөөр хэл­бэл УИХ-ын сонгууль дө­хөж буй нь улсын эрх ашиг­тай холбоотой нууцыг за­далж шоудах үндэслэл бо­лохгүй. Үүнийг хашир сайд Ц.Нямдорж сайн мэдэж бай­гаа. Гэвч энэхүү гэрээний нуу­цыг задлах тодорхой шалтгаан ХЗДХ-ийн сайдад байжээ. Хэрэв тэрхүү гэрээг тухайн үед ЗТБХБ-ын сайдын алба ха­шиж байсан Х.Баттулга үзэг­лэсэн нь үнэн бол Засгийн газарт мэдэгдэлгүйгээр гэрээг батламжилсныхаа төлөө ха­риуц­лага хүлээх ёстой. Мөн тө­мөр зам тавих ажлыг нэг км тутамд 2.5 сая ам.доллараар буюу асар өндөр өртөгтэй гарсан төслийн хүрээнд уг ажлыг хийж гүйцэтгэхтэй хол­боо­тойгоор хуулийн дагуу тен­дер зарлах ёстой байсан.

Энэ бүхэнд сайд асан Х.Баттулга буруутай эсэхийг шалгах үүрэг ч Засгийн газар, ХЗДХЯ-нд буй. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын хувьд тавих ёстой асуудлаа тавьжээ гэж үзэж болохоор байна.

Гэвч сайд асан Х.Баттулга дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа. Гэтэл гарын үсэг нь Х.Баттулгынх мөн гэдгийг  түүнтэй гурван жил хамтран ажилласан тус яамны дэд сайд Т.Пүрэвдорж батлан хэлж буй. Гарын үсэг бол баталгаа мөн. Гэхдээ одоо гарын үсгээ байтугай нүүрний арьсаа сольчихдог болсон цаг шүү дээ. Уг нь Х.Баттулга тэрхүү гэрээнд гарын үсэг зурахын өмнө Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байж. Яагаад гэвэл “олон улсын” гэх статустай, гурван орны төлөөлөл батламжилсан, Монгол Улсын язгуур эрх ашгийг хөндсөн, геполитикийн асуудалд хамаарах гэрээ учраас тэр. Үүнд л Ц.Нямдоржийн “ясны” дургүй нь хүрээд байгаа болов уу.

Гэрээн дээрх Х.Баттулгын гарын үсгийг баллах, хуурамчаар үйлдэх боломжгүй. Тэр ч байтугай “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-ийн захирал Венлиан Ван, ахлах зөвлөх Ён Жү Ким нарын гарын үсгийг хуулбарлан хуурамчаар зурсан гэвэл бүр ч худал болно. Тэгэхээр бүх гарын үсэг “оргиналь”. Сэм үзэглээд нууцаар гэрээ байгуулчихсан нь ч үнэн болж таарах гээд байна. Энд Ц.Нямдорж сайдын ашиг сонирхол гэвэл Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар гэрээ байгуулсанд л эгдүүцээд байгаа болохоос Х.Баттулга, “MCS” хоорондын дажинд хамаагүй л болов уу. Яахав, С.Баярын хүн энэ тэр гээд “механик” аргаар холбож болно л доо. Гэхдээ хол явахгүй ийм тактикт Ц.Нямдорж зөнөсөн хойноо ч автахгүй биз ээ.

Ц.Нямдоржийг “нам дарж” авах амаргүй. Ийм хүсэл өнгөрсөн 20 гаруй жилд хүний, өөрийн намын улстөрчдөд байсаар ирсэн. Гэвч одоо болтол хэн ч тэгж чадаагүй. Оролдлого бүхэн бүтэлгүйтсээр буйг бид харж байна. Харин энэ удаагийн хэрэг явдлын тухайд “Хэрэв Ц.Нямдорж сайд Х.Баттулгыг буруутгаагүй, нууц гэрээг нь илчлээгүй бол юу болох байсан бэ” гэдэгт гол асуудал байгаа юм.
Гэрээнд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын эхний шатыг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК нь Хятад, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар Хонконгт байгуулагдсан “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-тай Төмөр замыг хөгжүүлэх тухай хамтарсан гэрээ байгуулснаа дурьджээ. Гэрээний эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөтийн чиглэлд 140 км, Хөөтөөс Чойбалсан хүртэл 150 км, нийт 1100 гаруй км төмөр зам тавих бөгөөд нэг км тутамд 2-2.5 сая ам.доллар зарцуулах шаардлагатай гэсэн байна. Үүний дараа хоёрдугаар шатны ажлыг хэрэгжүүлэх аж. Үүнд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 45.5 км, Ухаахудаг-Гашуунсухайт чигдэдп 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг чиглэлд 380 км, Хөөт-Бичигтийн чиглэлд 200 км, нийт 900 км төмөр зам барьж улмаар Чойбалсангаас БНХАУ-ын Дандонг боомт хүртэл төмөр зам барихаар тусгажээ. Гэхдээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт төмөр зам барих ажилд Монголын тал оролцохгүй гэдгийг уг гэрээнд онцолсон байна. Мөн компанийн хувийг эзэмших талаар дурьдахдаа “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани 33 хувь, “Морик Кореа” компани 33 хувь, “Дандонг Порт” компани 34 хувийг эзэмшинэ” гэсэн байна. Тэгэхээр нийтдээ 100 хувь “Монголын төмөр замын дэд бүтэц” компанийн мэдэлд байна гэсэн үг байгаа биз.

Тэгвэл “Монголын төмөр замын дэд бүтэц” компани хэнийх вэ. Тус компани Хонконг дахь Олон улсын санхүүгийн төвийн 2013-2014 тоот өрөөнд байрладаг. Гарын үсэг зурсан байдлаас харвал тус компанийн захирал нь Венлиан Ван, ахлах зөвлөх нь Ён Жү Ким юм байна.

Дээрх компанийг БНХАУ-ын “Дандонг Порт” ХХК, БНСУ-ын “Морик Кореа” ХХК-ууд хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд хүндэт захирал Збигниев Брзезински, захирлаар нь Венлиан Ван нар ажилладаг аж. Хөрөнгө оруулагч “Дандонг Порт” ХХК нь Монгол Улсаас БНХАУ-ын Чичихар, Хелун Жан мужийг дайруулан Дандун боомт хүртэл төмөр зам тавих төлөвлөгөөтэй юм байна. Харин “Морик Кореа” ХХК-ийн тухайд Хонконгт байгуулагдсан, ууд уурхайн ашигт малтмалын салбарт санхүүгийн зах зээл  брокерийн үйл ажиллагаа явуулдаг гэхээс өөр тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй. Захирал нь Наталия гэдэг солонгос эмэгтэй байдаг гэсэн мэдээлэл л олдов.

Харин Монголын талаас “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяа гарын үсэг зуржээ. Түүнийг өмнө нь Х.Баттулга сайдын туслахаар ажиллаж байсан гэлцэж байна. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн төмөр замын төслийг 15 сая ам.доллараар гадны компаниар хийлгээд, түүнээсээ 2.5 сая ам.долларыг нь зөвлөгөө өгсний урамшуулалд олгохоор болсон аж. Цаашилбал гэрээний дагуу нэг зам төмөр замыг 2.5 сая ам.доллараар буюу асар өндөр өртөгтэйгээр барьж байгуу­лахыг зөвшөөрсөн нь Х.Баттулгыг буруутгах хангалттай шалтгаан болж буй аж. Харин Ц.Нямдорж сайд асар өндөр өртөгтэй энэхүү гэ­рээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах, мөн тендер зарлаж байж уг ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан хэмээн үзэж байгаа юм. Тиймээс хэнийх нь зөв, буруу болохыг хөндлөнгөөс тайлбарлах гээд яах вэ. Товчхондоо ийм л юм болсон байна.

Нэг зүйлийг баттай хэлэхэд хэрэв Ардын намын нэгэн сайд Засгийн газартай зөвшил­цөхгүйгээр, тендер зарлахгүйгээр Оросын талтай хийсэн гэрээнээс ухарч, Хятад, Со­лонгосын талтай хамтран ийм гэрээг нууцаар хийж, түүнийг нь АН-ын “харьяат” ХЗДХ-ийн сайд илрүүлсэн бол яах байсан бол. Тэгэхээр улстөржилт, намын харьяалалдаа бус улс орны нийтлэг эрх ашиг, албан тушаалаа ашиглан хууль зөрчиж нууц гэрээ хийсэн эсэхдээ л гол асуудал нь байна гэсэн дүр зураг харагдаж байна.

У.ОРГИЛМАА

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж