Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар иргэн Ч.Бат-Эрдэнэ гомдол гаргажээ. Тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ч.Бат-Эрдэнийн хэлснээр Сансарын аюулгүйн тойрог дахь "Эвтэй дөрвөн амьтан" хөшөөг 350 сая төгрөгийн хөрөнгөөр бариулсан гэдэг ч дээд тал нь 30 сая төгрөгөөр бүтдэг гэв. Мөн БНХАУ-д захиалгаар хийлгэхэд дээд тал нь 180 сая төгрөгийн өртөг гардаг аж. Гэтэл Засаг дарга Б.Батзориг хөшөөг бариулах тендер зарласан эсэх нь тодорхойгүй, гүйцэтгэлийн процесс нь нууц байгаа учир хэдэн төгрөгөөр хөшөө босгосныг нь шалгуулахаар АТГ-т өгсөн нь энэ аж. Түүнчлэн “Чулуун овоо" дахь 750 сая төгрөгөөр босгосон гэх нохойтой хөшөө, аюулгүйн тойрог дахь 400 орчим сая төгрөгийн өртгөөр байгуулсан гэх усан оргилуур зэргийн бодит өртгийг шалгаж, тогтоох ёстой гэж үзжээ. Одоогийн байдлаар АТГ иргэн Ч.Бат-Эрдэнийн гомдол, мэдээллийг хүлээн авсөн бөгөөд хөшөөг ямар материалаар хийсэн болохыг тогтоолгохоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлээд байгаа аж. Засаг дарга Ч.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа аж.
Саяхан Өвөрхангай аймгийн АН-ынхан Засаг дарга Д.Тогтохсүрэнг АТГ-т шалгуулахаар бариимт материал өгсөн. Гэхдээ Д.Тогтохсүрэн даргад АТГ-аас одоогоор эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа аж. Түүнийг Өндөр Гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнг барихад тэрбум гаруй төгрөгөөс хувьдаа завшсан гэж үзэж буй. Учир нь анх уг сэрэг дүрийг бүтээхэд зарцуулах ёстой хөрөнгийг бүрэн зарцуулаагүй, дундаас нь 200 гаруй сая төгрөг алга болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон талаар аймгийн АН-аас мэдээлж байсан юм.
С.Отгон