Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэгтэй ярилцлаа.
-Нэгэнт өршөөлд хамрагдаад хэрэгсэхгүй болгочихсон хэргийг хаа нэгтээ дээрээс нөлөөлж дахин сэргээж шүүхээр ял оноолгох гэж байна гэх бодол олон хүний толгойд бий. Та тэдэнтэй санал нийлэх үү?Ерөөс долоодугаар сарын нэгэнтэй холбоотой хэрэг явдлыг шүүх ажиллагааг сонгууль дөхүүлээд эрчимтэй сөхөж, хэт улстөржүүлж байна гэдэгтэй Та санал нийлэх үү.
-Иймэрхүү дүгнэлт өөрөө их улс төржсөн агуулгатай. 7 сарын 1-ний хэрэг явдалтай холбоотой Цагдаагийн албан тушаалтнууд хариуцлага хүлээгээгүй өршөөлд хамрагдсанд амь насаа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон, хэлмэгдсэн иргэд ихээхэн гомдолтой байсан. Энэ гомдлоо прокурорт гаргасан, прокурор иргэдийн гомдлыг үндэслэж хэргийг сэргээсэн, шалгасан. Одоо шүүхээр албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг дахин нягталж тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Ийм л процесс явж байгаа биз дээ. Тавын таван хүний амь эрсэдсэн, нийгмийг цочроосон энэ үйл явдалд ингэж нухацтай хандах, хэн хариуцлага алдсаныг олж тогтоох нь зөв гэж хүмүүс ярьж байгааг зөндөө сонсч байна. Зөвхөн дарга нар биш, жирийн иргэдийн амь амьдрал ч адилхан үнэ цэнэтэй. Өнөөдрийг хүртэл жирийн иргэд, үнэнийг хэлсэн сэтгүүлчид, дарга нартай тэрсэлдсэн хүмүүс л ял үүрдэг байдлаар явж ирлээ. 7 сарын нэгний хэргээр гэхэд л яг ямар хохирол учруулсан нь тодорхойгүй хэдэн зуун залуучуудыг хоморголон баривчилж ял оноосон. Тэд үг хэл болоогүй, хэргийн газарт, ойр хавьд нь байсан, чулуу шидсэн, цонх хагалсныхаа гэмийг үүрээд ялаа эдэлсэн. Гэтэл албан тушаалтнуудыг шалгаад эхлэхээр л шударга ёс зөрчигдлөө, улс төрийн зорилготой үйлдэл гээд шуугидаг. Шударга ёс хаана байна. Манай Үндсэн хуулиар жирийн иргэн, дарга хоёр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй. Хэн ч гэсэн шаардлага гарсан бол хуулийн дагуу шалгуулж, шүүлгэж үнэ мөнөө тогтоолгох л үүрэгтэй. Цагдаагийн дарга нар ч ялгаагүй шүү дээ.
-Зөвхөн 7 сарын 1-тэй холбоотой асуудал биш л дээ. Ер нь сүүлийн үед прокурор, шүүх, авилгатай тэмцэх газар гээд байгууллагууд улс төрийн зорилгоор хүмүүсийг их шалгаж, буруутан болгохыг эрмэлзэж байна гэсэн яриа их байгаа шүү дээ?
-Oдоо Авилгатай тэмцэх газарт 10 гаруй аймгийн Засаг дарга шалгагдаж байна. Ажил хариуцсан байгууллага нь тодорхой үндэслэл буй болсон болоод л шалгаж байгаа байх. Гэтэл үүнийг улс төрийн зорилготой, бүр цаашлаад Ерөнхийлөгчийн явуулга мэтээр ярьж байгаа хүмүүс байна. Ерөнхийлөгч тэдгээр байгууллагуудад хуулийн хүрээнд ажлаа зөв шударга хийх үүрэг чиглэл өгдөг, шаарддаг. Түүнээс биш тэр энэ хүнийг шалга, шийтгэ гэж нэр зааж хуулиас давсан даалгавар өгөх, тэр байгууллагуудын дотоод ажилд оролцох боломж байхгүй. Шаардлагатай асуудлыг шалгаж тогтоож, зөв бурууг ялгаж салгах нь энэ байгууллагуудын төр, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүрэг нь. Тэд харин ажлаа хуулийн хүрээнд явуулах ёстой. Буруу ажиллаж хүн хэлмэгдүүлбэл би ч өөрөө нэг өдөр хуулийн өмнө хүчгүйднэ гэдгээ мэдэж байх ёстой. Хариуцлага алдсан албан тушаалтнуудаа яаж ч чадахаа байчихвал энэ улс оронд хэн хууль биелүүлэх юм бэ, бидэнд ямар ирээдүй үлдэх юм бэ.
-Манай УИХ-ын зарим бүтэц шүүх шиг, зарим гишүүн нь шүүгч шиг ажиллаж байна гэж Танд санагддаг уу. Хүн буудсан баримт гээд сум, хонгио үзүүлээд сууж байдаг болсон байна шүү дээ, төрийн түшээд минь.
-УИХ дээр шүүн таслан ажиллагаа явагдаж байсныг одоогоор мэдэхгүй юм байна. Харин хүн буудсан, гэмт хэрэг үйлдсэн тухай баримт байгаа бол УИХ-ын гишүүн ч бай, хэн ч бай гэмт хэргийг нуун далдлах биш, илрүүлэхэд туслах үүрэгтэй шүү дээ.
-Шүүх ажиллагаанд сүүлийн үед Ерөнхийлөгч нөлөөлөх гэж илт оролдож байна гэж хүмүүс үзэх боллоо. Жагсаалыг үймээн болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэгийг Ц.Элбэгдорж гэж үздэг хүн цөөнгүй. Шүүхийн ажиллагаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн хийж буй зарим алхмыг чухам үүнтэй холбож үзэж буй.
-Ерөнхийлөгч долоодугаар сарын 1-нд амиа алдсан, хэлмэгдсэн иргэдийн өмнөөс хариуцлага нэхэж ирсэн хүний нэг. Ийм үгийг харин хэн хэлээд, анхаарлыг зориуд Ерөнхийлөгч рүү, өөр зүг рүү түлхээд байнагэдэг нь бодох ёстой асуудал. Хэрэг хуучраагүй, гурав дөрөвхөн жил болж байна. Тэр үеийн үйл явдлын бичлэг, баримт телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хангалттай үлдсэн байгаа. Тэр үед Ардчилсан намын дарга байсны хувьд Ерөнхийлөгч талбай дээр гарч ирж, жагссан бухимдсан олонд хандаж үг хэлсэн байдаг. Тэнд жагсаал, цуглаан гэсэн үг, олон нийтийг үймээнд турхирсан зүйл огт байдаггүй. Харин ч намуудын удирдлага сууж ярилцах болно, одоо тарцгаа, харьж тайван хүлээцгээ гэж хүмүүст уриалсан байдаг. Бас асуудлыг даамжруулаад хараад сууж болохгүй боллоо, намуудын дарга нарыг оролцуулж ҮАБЗ дээр нээлттэй ярилцъя, төр асуудлыг нухацтай авч үзэж шийднэ гэдгээ ард түмэндээ ойлгуулж тайвшруулъя гэсэн шаардах бичгийг 7 сарын нэгний өдөр, орой нь үймээн самуун даамжирахаас бүр хамаагүй өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт илгээсэн байдаг. Үймээнийг Ц.Элбэгдорж турхирсан гэж байгаа хүмүүс уг нь энэ бодит үнэнийг мэдэж л байгаа байх.
-Ерөнхийлөгчийг шүүхийнхний үгийг сонсоод цагдаагийнханд гадуурхангуй хандаж буй нь шүүгчдийг өөрөө томилдогтой нь холбоотой гэж хүмүүс ярьж байна. Энэ бүхэн та нарт мэдрэгдэж буй байх. Зөвлөхийн нь хувьд Та Ерөнхийлөгчтэй энэ талаар ярилцаж үзэв үү?
-Ярилгүй яах вэ. Шүүх бол засаглалын гурван том салаа мөчрийн нэг нь. Шүүх засаглалын бие даасан байдал алдагдаж, шүүгчийн эрхэнд халдаж, шүүхийн шийдвэр биелэхгүй болно гэдэг бол төр гацаанд орж, улс оронд хямрал нүүрэллээ гэсэн үг. Сая болж өнгөрсөн үйл явдлыг эргээд харъя л даа. Шүүх цагдаагийн албан тушаалтнуудыг цагдан хорих шийдвэр гаргахад түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаа үүргээ биелүүлэхээс татгалзсанаас болоод шүүхийн шийдвэр биелэхгүй гацаанд орж байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны шүүхэд давж заалдаад асуудлаа шийдүүлдэг хуулийн гарц байхад энэ тогтолцоог эвдэж болохгүй. Тэр тусмаа хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд. Дотор нь сууж байгаад гэрийнхээ баганыг хөрөөдчихөж болохгүй биз дээ. Тэгэхээр энэ бол төрийн аюулгүй байдал, улс үндэсний аюулгүй байдал бүхэлдээ хөндөгдөж байгаа маш ноцтой асуудал. Байдал ийм болчихоод байхад шүүх, шүүгчид өөрсдөө асуудлыг ярьж, Ерөнхийлөгчид хандахаас өөр яах юм бэ. Ерөнхийлөгч шүүхийн бие даасан байдал, шинэчлэлийн төлөө хамгийн их тэмцэж байгаа хүний хувьд, бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд энэ асуудалд нухацтай хандаж, алдааг засч залруулахыг шаардах нь зүй ёсны алхам. УИХ-аас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд дотоод аюулгүй байдал гэсэн бүхэл бүтэн бүлэг байдаг. Авилга, албан тушаалтнуудын буруугаас төр хэвийн ажиллаж, улс орныхоо асуудлыг зохицуулж чадахаа болихыг дотоодоосоо аюулгүй байдал алдагдлаа гэж үздэг. Өнөөдөр яг энэ үзэл баримтлалаа биелүүлэх талаар санаа зовох, арга хэмжээ авах цаг болчихоод байна шүү дээ.
-Ерөнхийлөгчийг салбарын сайд, Ерөнхий сайдыг алгасч, цагдаатай хариуцлага тооцох гэж оролдсон гэж шүүмжилж байгаа шүү дээ?
-Шүүх, цагдаагийн хооронд хямрал үүсч, нийгмийн сэтгэл зүй цочирдоод байхад Ерөнхий сайд, Хууль зүйн сайд юу хийж байсан бэ гэдгийг ингэж ярьж байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй болно. Дуугарахгүй хараад л сууцгааж байсан биз дээ. Яагаад цагдаагийн хэдхэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох болохоор, цагдаагийн даргын цол хэргэм яригдахаар надаас асуусангүй, цагдааг гадуурхлаа гээд мэдэгдэл хийгээд эхэлдэг юм бэ. Энд хоёр зүйлийг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд аюулгүй байдалтай холбоотой асуудлаар аль ч байгууллагын даргыг дуудаж мэдээлэл сонсох, үүрэг даалгавар өгөх эрхтэй. Цагдаагийн дарга шаардлагатай үед Ерөнхийлөгчид ажлаа танилцуулах үүрэгтэй. Энэ бүгд хуулиар зохицуулагдсан эрх, үүргүүд. Дээр нь Ерөнхийлөгч Засгийн газарт хууль шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай арга хэмжээг авч ажилла гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Ажил хариуцсан хүмүүс нь хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.
-Ерөнхийлөгч ЦЕГ-ын даргыг дуудаж уулзахдаа нэлээн сүрдүүлсэн маягтай үг хэлсэн гэсэн яриа олны сонорт хүрсэн байна лээ. Генерал цолыг Ерөнхийлөгч олгодог болохоор хурааж авах эрх нь бас түүнд байдаг уу?
-Жирийн хүмүүс ажлаа тайлагнаад, хариуцлагаа хүлээгээд, шаардуулж зэмлүүлээд, бас шүүхээр шийтгүүлээд, зөв буруу хэргээр шоронд ороод, зарим нь бүр хэлмэгдээд л явж байдаг. Дарга нарт хариуцлага ярихаар л сүрдүүлсэн, улс төржүүлсэн, хэлмэгдүүлсэн болдог. Энэ улс орон чинь ер нь хэний өмч болчихсон юм бэ? Ерөнхийлөгч хуулийн дагуу генерал цол олгох эрхтэй, бас хариуцлага алдаж ноцтой алдаа гаргасан цэргийн хүнээс цолыг нь хураах ч эрхтэй. Ерөнхийлөгч ч хүртэл хуулийн хүрээнд олон түмний эрх ашгийн төлөө хариуцсан ажлаа хийхгүй бол Монгол Улс цаашдаа яах болж байна.
-Цагдаагийн даргыг дуудаж харицлага ярьсан нь зөвхөн цагдааг л буруутгаж байна гэсэн хардлагыг улам лавшруулаад байгаа юм биш үү?
-Ерөнхийлөгч шүүх, шүүгчидтэй байнга л ярьж, шаардаж байгаа. Өнөөдөр цагдаагийн талаар ярих цаг нь болсон. Цагдаа гэдэг чинь хэдхэн дарга биш шүү дээ. Цаана нь байгаа цагдаагийн бүхэл бүтэн арми, тушаалаар үүргээ гүйцэтгээд явж байгаад жирийн цагдаагийн албан хаагчдыг гадуурхсан мэтээр ярьж, албан тушаалтнууд нь тэднийгээ бамбай болгож, ард нь нуугдаж болохгүй. Тэр дарга нар цагдаа нараа хайрлаж л байгаа бол 7 сарын нэгний үйл явдлаас болж эрүүл мэндээрээ хохирсон, өвдөж зовсон, өнөөг хүртэл сэтгэл санааны хүнд байдалд байгаа цагдаагийн жирийн албан хаагчдын төлөө чухам юу хийсэн юм бэ. Өнөөдөр цагдаа нарт үүргээ гүйцэтгэхэд эрх зүй, хуулийн хамгаалалт хангалтгүй байна. Цагдаа нарын цалин, хангамж олон улсын жишигтэй харьцуулахад дэндүү бага байна. Ийм байхад энэ хүмүүс нийтийн сайн сайхны төлөө яаж хоёргүй сэтгэлээр зүтгэх юм бэ. Энэ талаар юу сэдэж хэрэгжүүлсэн бэ гэдгийг цагдаагийн дарга нар, салбарын сайд, мөнгө барьдаг Засгийн газраас асуух ёстой. Бид гэр барьж тоглоогүй, энэ улс орны ирээдүй, бидний үр хүүхэд, дарга нар, албан тушаалтнуудын өөрсдийнх нь ч үр хүүхдийн ирээдүйтэй холбоотой асуудал. Хуультай, хариуцлагатай нийгэмд бүгдээрээ амар тайван амьдрах тухай л ярьж байна.
-Хариуцсан сайдыг нь байлцуулаад ийм асуудлуудаа ярьж болохгүй байсан уу?
-Би зөвлөхийнх нь хувьд Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагуудын асуудлаар Ц.Нямдорж сайдтай байнга л уулзаж ярилцаж, зөвлөж, бас шаардаж байдгийг нь мэднэ. Ерөнхийлөгч шүүх цагдаагийн хоорондын асуудлаас байдал ноцтой болж байгааг мэдэж байсан учраас, Ц.Нямдорж сайдын юу ч хийх сонирхолгүй суугаад байгааг нь харсан учраас өөрөө цэргийн мөрдэстэй хүнийх нь хувьд Ц.Сандаг-Очир генералыг дуудаж, шууд шаардлага тавьсан. Ерөнхийлөгч хийх ёстой ажлаа л хийсэн. Ер нь төрийн ажлыг дур зоргын юм шиг хардаг, миний батлуулсан хууль, миний байгууллага гэж өмчилдөг, хуулийг дур зоргоороо засдаг, хүчний байгууллагуудын тогтолцоогоор судалгаа, мэдлэггүйгээр дураараа оролддог, тэгсэн мөртлөө төрийн өмнө, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ өөрт ашиггүй бол биелүүлдэггүй Ц.Нямдорж сайд шиг хүмүүсээс болж Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирч, төр дотроосоо идэгдэж хямрах аюул бий болчихоод байна шүү гэдгийг хэлмээр байна.
Аюулгүй байдал гэдэг энэ том ойлголтын цаана хүнлэг сэтгэл, ёс зүй гэж маш чухал зүйл байдаг. Үүнийг ялангуяа улс төрд хүн чанар хамаагүй гэж боддог, ярьдаг хүмүүс, шийдвэр гаргагчид байнга бодож байх ёстой. Дарга нар хүн чанараа гээчихвэл, ерөөсөө нийгэмд хүн чанар алдагдаад эхэлбэл амгалан тайван амьдралын тухай ярих аргагүй болно. Би жишээ нь Ц.Нямдорж сайдын үг, үйлдлийг их гайхдаг. Хуульзүйн сайд байж олон түмний эрх ашиг, улс орныхоо ирээдүйг бодож авилга хээл хахуультай тэмцэх сэтгэл гаргадаггүй, тэгсэн мөртлөө өөрийнх нь асуудал хөндөгдөөд ирэхээр, байшин савны тухай яриа гарахаар гарч ирээд айхтар айхтар мэдэгдэл хийгээд эхэлдэг. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй ноцтой нөхцөл байдал улс оронд үүсч байхад огт дуугардаггүй, харин өөрийгөө хамгаалах болохоор л чанга чанга яриад эхэлдэг. Надад ийм, тийм хүмүүсийн тухай ноцтой баримт байгаа, яахав дээ гээд гаргахгүй байсан юм гээд л бусдыг ил цагаан рэкетэлсэн мэдэгдэл хийдэг шүү дээ. Үнэхээр хууль зөрчсөн ноцтой асуудлууд байгаа бол Хууль зүйн сайд хүн хэрэгтэй үед өөртөө ашиглана гэж хадгалах биш, түүнийг тухай бүрд нь илчилж тэмцэх ёстой. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг гэдгийг Хууль зүйн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Олон түмний итгэл хүлээж сонгогдсон их хурлын гишүүн хүн, насаараа төр түшиж амьдарч яваа төрийн өндөр албан тушаалтан ийм байж болдог юмуу. Гэхдээ энэ бол ганц Нямдорж сайдад хаяглаж байгаа үг биш, ийм байдлаар улс төр хийж байгаа хүмүүст хандаж байна.
-Шүүх буруутныг тогтоож чадна гэж та бодож байна уу?
-Буруу зөвийг дэнсэлж тогтоохын тулд л шүүх байдаг. Бид харин шүүхэд ажлаа хийх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангахтай холбоотой гурван чухал хуулийг УИХ баталсан. Цаана нь хүлээгдэж байгаа хуулиудаа хаврын чуулган эхэлмэгц батлах байх гэж бодож байна. Цаг үе шаардаж байна шүү дээ. Гэхдээ шүүхийг дангаар нь шинэчлэх гээд өнөөдөр хуримтлагдсан асуудлуудыг шийдэж чадахгүй. Аюулгүй байдлын салбарыг бүхэлд нь шинэчилж, боловсронгуй болгох асуудал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан. Үүнийг ажил хэрэг болгох ёстой. Ер нь манайд ерэн оноос хойш энэ салбарт бүхэлд нь цогц шинэчлэл хийж чадаагүйгээс болж өнөөдрийн ийм системийн шинжтэй хямрал улам ил болж байна.
-Та сая аюулгүй байдлын салбарын шинэчлэлийг бүхэлд нь авч үзэх ёстой гэж хэллээ. Энэ талаараа жаахан тодруулахгүй юу. Өнөөдөр үндэсний аюулгүй байдал хоол хүнснээс эхлээд маш өргөн хүрээг хамардаг болсон цаг. Ямар байгууллагуудыг аюулгүй байдлын салбар гэж нэрлээд байна?
-Үндэсний аюулгүй байдлын асуудалтай хамаагүй байгууллага, иргэн гэж байхгүй. Гэхдээ дэлхийн нийтэд аюулгүй байдлын салбар гэдэгт цэрэг, цагдаа, төрийн хуулийг манаж, сахиж мөрдүүлэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудыг хамруулж ойлгодог. Энэ хүрээнд ярьж байгаа асуудал. Бид цогц шинэчлэлийг хийх цаг үнэхээр болсон. Наад зах нь тагнуул, цагдаа гэх мэт аюулгүй байдлын салбарын байгууллагуудын бүтэц үндсэндээ социализмын үеэс их өөрчлөгдөөгүй байгаа. Манайхтай адилхан тогтолцоотой байж байгаад шинэчлэл хийсэн Зүүн Европын орнууд, бусад ардчилсан орнуудын туршлагыг судалж хэрэгжүүлэх нь чухал. Аюулгүй байдлын салбар нь ардчилсан тогтолцооныхоо онцлогт нийцээгүй бол ардчиллыг боомилдог аюултай. Цэрэг, цагдааг улс төрчид хүссэнээрээ удирдчихаж болдог бүтэц байх юм бол дотоодын зэвсэгт үймээн самуун гарах нөхцөл, улс төрийг цэрэг цагдаагийн хүчээр гартаа авах нөхцөл оршиж байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр яригдаж байгаа шүүхийн шинэчлэлийг залгуулаад энэ салбарын том шинэчлэлийг эхлүүлэх ёстой. Хамгийн гол нь дараагийн УИХ, Засгийн газар ийм шинэчлэлийг хийх сэтгэлтэй, зориг эрмэлзэлтэй хүмүүсээр бүрдэх нь чухал. Монголын төр аргацааж суудаг биш, асуудлыг шийдэхийн төлөө ажилладаг төр байх ёстой.
-Ийм цогц шинэчлэл хийхэд их хугацаа хэрэгтэй байж таарна. Гэтэл гуравхан сарын дараа болох сонгуулиас болоод дахиад 7 сарын нэгэн шиг үймээн самуун гарч болзошгүй гэсэн айдас, болгоомжлол нийгэмд их байна?
-Үүнээс сэргийлэх гарц нь юун түрүүн улс төрчдийн гарт, тэр дундаа эрх баригч намд байгаа. Эцсийн хариуцлага тэдэн дээр гэсэн үг. Нэгд, сонгуулийг луйвар, будлиангүй зохион байгуулах бүх нөөц бололцоогоо одооноос эрчимтэй дайчлах, сонгууль зохион байгуулах төрийн албан хаагчдад сургалт, сурталчилгаа хүртэл хийж байх ёстой. Иргэний цахим үнэмлэх, санал хураах машины аюулгүй ажиллагааг эрт баталгаатай хангах ёстой. Дээр нь бид цагдаагийн асуудлаар цаг алдалгүй шийдвэртэй алхам хийх шаардлагатай байна. Ямар нэгэн олныг хамарсан жагсаал, цуглаан үймээн боллоо гэхэд цагдаагийн байгууллага үүргээ сайн биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд хамгийн чухал алхам бол нийтийг хамарсан үймээний үед цагдаагийн албан хаагчийн галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой хуулийн заалтууд маш тодорхой болгох шаардлагатай. Хуулийн зохицуулалт тодорхойгүйгээс болоод үүргээ гүйцэтгэсэн албан хаагч хохирч болохгүй. Энэ бол байгаа хуулиа биелүүлэхгүй байгаагаас өөр асуудал шүү дээ. Дээр нь, цагдаагийн хангамж, үйлчилгээнд дорвитой ахиц дэвшил гаргах ёстой. 7 сарын нэгэнд үүргээ гүйцэтгэж яваад шархадсан олон цагдаа нар төрөөс өөдтэй нөхөн олговор аваагүй эрүүл мэндээрээ хохироод үлдсэн. Ийм байхад цагдаа тушаал биелүүлэх ёстой гээд суугаад байж болохгүй. Гэхдээ цагдаагийн нийгэм, эрх зүйн баталгааг сайжруулах асуудал бол цагдаад хийх ёстой шинэчлэлийн зөвхөн эхлэл нь.
-Чухам яг энэ талаар Ерөнхийлөгч ямар нэг алхам хийх гэж байна уу?
-Ерөнхийлөгч хууль санаачилна. УИХ дээр бас Цагдаагийн тухай хууль өргөн баригдсан байгаа. Хаврын чуулганаар цагдаатай холбоотой эрх зүйн асуудлыг нэн түрүүн шийдвэрлэх нь чухал гэж бодож байна. Төр иргэдийнхээ амгалан тайван амьдралын баталгааг хангах эрмэлзэлтэй л байгаа бол энэ арга хэмжээг авах нь чухал.