Г. Алтантүрүү: Би жаргалтай хайртай учирч гунигтайгаар салж үзсэн ... | News.MN

Г. Алтантүрүү: Би жаргалтай хайртай учирч гунигтайгаар салж үзсэн …

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Г. Алтантүрүү: Би жаргалтай хайртай учирч гунигтайгаар салж үзсэн …

“Танайд хоноё” нэвтрүүлэг “25-р суваг”
телевизээр гарч эхэлснээс хойш хөтлөгч Г.Алтантүрүүг мэдэхгүй хүн
Монголд бараг байхгүй болсон. Энгийн хэрнээ сонин содон асуултууд,
хэнэггүйхэн яриа нь үзэгчдийг нэвтрүүлгээ шимтэн үзэхэд хүргэдэг ч байж
болох юм. Бараг л нийгмийн бүх давхаргын хүмүүсийн гэрт “айлчилсан”
тэрээр нэвтрүүлэгийн зочидтойгоо халуун дотно энгийн яриа үүсгэж
чаддаг. Сэтгүүлчийн хувьд туршлага бага залуу хүн мэт болов ч түүнээс
гайхамшигтай авъяас харагддаг нь нууц биш. “25-р суваг” телевизийн
редактор, “Танайд хоноё” нэвтрүүлгийн Ганбаатарын Алтантүрүүгийн
“UPTOWN” сэтгүүлд өгсөн ярилцлагыг нийтэлж байна.

-Сэтгүүлч
хүнтэй ярилцах сэдэв маань маш өргөн байна л даа. Юуны өмнө энэ
мэргэжлийг яагаад сонгох болсон тухай, “Танайд хоноё” нэвтрүүлгийн
санаа анх хаанаас төрөв гэсэн асуултаас эхлэвэл ямар вэ?

-Би
анх удаа сэтгүүлд ярилцлага өгч байна. Танай сэтгүүлийг мэднэ, үнэхээр
гоё сэтгүүл. Надад таалагддаг. Би мэргэжлээ багаасаа сонгосон. 84
дүгээр сургуулийн 4 дүгээр ангид сурч байхад “Хэн сайн үлгэр мэдэх вэ?”
уралдаан зохиогдсон юм. Би оролцож түрүүлээд сонин дээр хүртэл гарсан.
Энэ явдал надад маш гоё санагдаж өөрийнхөө тухай гарсан сонинг бариад
аав ээжээсээ: “Энэ ямар мэргэжил вэ?” гэж асуухад “сэтгүүлч” гэж
хариулсан. Түүнээс хойш “За би сэтгүүлч л болно” гэж бодсон. Одоо би
25-р телевизэд сэтгүүлчээр ажиллаад гурван жил болж байна. “Танайд
хоноё” нэвтрүүлгийн санааны тухайд гэвэл би олон нэвтрүүлэг хийдэг
байсан. Нэг удаа ажил дээр сэлгүүцээд явж байтал Алтай ах намайг
дуудаад: За Алтантүрүү цоо шинэ, гоё нэвтрүүлэг хийе гэсэн. Тэгэхээр нь
би: Тэгье, talk show хийе гэхэд Алтай ах: Чи залуу хүн байна арай өөр
шинэлэг, явдаг, хайдаг, эрэлхийлдэг нэвтрүүлэг хийвэл яасан юм бэ
гэсэн. Бид хоёр удаан ч ярилцсан, тэгээд л би аяны хөнжлөө үүрээд
“Танайд хоноё” бий болсон доо.

-Хэдий сэтгүүлч ч
гэлээ урьд өмнө хийгдэж байгаагүй шинэ нэвтрүүлгийн хувьд
туршлагагүйтэх ч юмуу хүндрэлтэй асуудлууд байсан байх?

-Тийм
ээ, үнэхээр хэцүү үе байсан. Би одоогоор нийтдээ 44 айлд зочлоод байна.
Тэр дунд галт тэрэг, асрамжийн газар ч байсан. Зарим нэг нь хөөж ч
байсан. Тэр болгонд надад шантрах эрх байгаагүй. Яагаад гэвэл үзэгчид:
“Танайд хоноё” гээд нэг дажгүй нэвтрүүлэг гарчихсан байна лээ гэж
ярьцгаан дараагийн дугаарыг нь хүлээгээд сууж байхад би хийхгүй сууж
байж болохгүй ш дээ.

-Чиний хувьд зочилсон
айлуудаас чинь хамгийн сэтгэлд ойрхон өөрөөр хэлбэл таалагдсан айл
хэнийх байв? Магадгүй үзэгчдийг бодвол чи биеэр уулзаж, хоносон хүний
хувьд илүү дүгнэлт гаргасан байж болох юм?

-Тийм
л дээ, гэхдээ би аль нэг айлыг тэднийх сайн, тэднийх муу гэж хэлмээргүй
байна. Хэн ч намайг хөөгөөгүй, бүгд л аль байдгаараа байлгаж тав тухтай
хонуулахыг хичээж байсан.

-Энэ талаар асуух
надад их хүнд байна л даа. Гэхдээ тэр эмэгтэйг дурсах хэрэгтэй болов уу
гэж бодож байна. Тунгалагийн ар гэрийнхэнтэй уулзсан уу? Хоёр хүүхэд нь
хаана байгаа вэ?

-Надад
ч гэсэн энэ тухай ярихад хэцүү байна. Анх би тэр эмэгтэйтэй зүгээр л
гудамжинд дайралдсан, сүүлд нь бид үнэхээр сайн найзууд болсон. Би
сэхээнд орсоноос нь хойш гурав хоногийн дараа очиж уулзлаа. Тэгэхэд
библийн ишлэлүүд бичсэн цаас цээжин дээрээ тавьчихсан хэвтэж байсан.
Би: “Чи амьдрах ёстой, үхэх эрхгүй хүн шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш
хоёр хоногийн дараа миний утсанд “Би сэхээнээс гарчихсан, дахиж хэзээ ч
тийшээ очихгүй. Хүнд үхэх шалтгаан байдаг, надад үхэх шалтгаан алга”
гэсэн мессэж ирсэн. Би завгүй байсан учир, дараа уулзахаар тохиролцоод
өнгөрсөн. Гэтэл нөгөөдөр өглөө дүүгээс нь “…Өнгөрчихлөө” гэсэн мессэж
ирсэн. (сур: Хэсэг түгдэрснээ нүдэнд нь нулимс цийлэгнэлээ) Би ажил
явдал дээр нь ч очоогүй, сүүлчийнх нь замд ч үдэж чадаагүй. Надад тэнд
очих хүнд байсан. Нэвтрүүлгийн хувьд үнэхээр сайн, гайхамшигтай болж
чадсан. Нуугаад яахав би энэ нэвтрүүлгээрээ бахархдаг. Гэхдээ миний
сайнд биш. Тунгалаг гэдэг эгэл жирийн, ядарсан эмэгтэйн сайнд юм шүү.
Монголд Тунгалагаас өөр иймэрхүү амьдралтай, магадгүй түүнээс ч илүү
зовлонтой эмэгтэйчүүд олон байгаа. Өнөөгийн бодит амьдралыг гаргаж
чадсандаа би өөрөөрөө бахархдаг. Энэ дашрамд Монголынхоо зарим нэг
сэтгүүлчдэд ёс зүйтэй байгаач гэж хэлмээр байна. Талийгаачийн ар
гэрийнхэн болон түүний төлөө зүрх сэтгэл нь цохилж байсан хүмүүсийн
нулимс нь хатаж амжаагүй байхад хэвлэлээр янз бүрийн юм бичигдсэн.
Тэрийг бичсэн хүмүүс ядаж л хүнийхээ хувьд ёс зүйтэй байгаач ээ гэж
хэлье. Хүүхдүүдийнх нь тухайд хоёр дүү дээр нь байгаа. Би хараахан очиж
уулзаагүй байгаа. Гэхдээ сайн байгаа гэдэгт итгэлтэй байна, сайн ч байх
ёстой. Харин ирээдүйнх нь талаар бид бүгдээрээ ярилцаж байгаа. Мэдээж
Монголын ард түмэн өсгөөд өгч болно гэхдээ гурван дүү нь өсгөвөл зөв
байх гэж бодож байна.

-Дуучин Т.Баясгалангийнд хоносны дараа түүний талаарх үзэгчдийн сэтгэгдэл нэлээд буурсан нь ажиглагдсан. Энэ талаар…?

 -Энэ
дээр би нэг юм хэлмээр байна. Миний бодлоор Баясгалан байгаагаараа л
байсан. Тэр хүн надад цай чанаж өгөөгүй ч юмуу, өглөө унтаж байсан нь
тэр хүний л асуудал. Магадгүй үнэхээр тэр хүн ажил ихтэй ядраад ч юмуу,
хоолойгоо амраах хэрэгтэй байсан байж болно. Үзэгчид заавал тэр хүнийг
өөрсдийнхөө бодсон шиг байлгах албагүй байх гэж би бодож байна.

– Ард түмний дунд ийм яриа байдаг л даа. “Од бол од шиг л байх ёстой” гэж…?


Яахав, тийм яриа байх нь байдаг. Би тэднийд хонох албагүй ш дээ,
Баясгалан ч гэсэн нэг хэвлэл дээр “…Би Г.Алтантүрүүг хонуулсан нь
буруу болсон байна лээ” гэж ярьсан байсан.


Танайд хоноё л гээд байдаг. Миний сонссоноор шинэ байрны захиалга
өгчихсөн байгаа гэж дуулсан. Хаана амьдрах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-За,
яг компанийг нь хэлмээргүй байна. Хотоос зайдуухан газар захиалсан
байгаа. Надад нэг барилгын компани санал болгосон юм. Би бодлоо л доо,
жартайдаа байр аваад жараннэгтэйдээ үхэх үү эсвэл одоо зээлээр ч
хамаагүй байр аваад амьдарсан шиг амьдрах уу гэж. Залуу хүн юм юмтай
сайхан амьдрах хэрэгтэй. Одоогоор ээжийнхээ байранд, эмээгийндээ гээд
энд тэнд л амьдарч байна даа.

-Манай уншигч бүсгүйчүүд сонирхож байж магадгүй л дээ, Алтантүрүүг найз охин, сүйт бүсгүйгүйгээр төсөөлөхгүй байгаа байх?

-Хэн
ч байхгүй гэж худлаа яриад яах вэ, гэхдээ одоогийн байдлаар миний ажлыг
ойлгодог, намайг дэмждэг эмэгтэй гарч ирээгүй л байна. Миний амьдралд
олон эмэгтэй байсан, бүгдээрээ л миний ажлыг ойлгож чадаагүй. Хэдхэн
минут гарч ирээд уулзах завгүй ажил гэж юу байсан юм гэцгээдэг.
Тэгэхээр би өөрийгөө л өөрчлөх ёстой юм болов уу.

-Таны бодлоор эмэгтэй хүн ер нь ямар байвал сайхан бэ?

-Надад
тайзан дээр алхдаг, тэр гоё ганган моделууд таалагддаггүй. Гэхдээ өглөө
намайг ажилдаа явахад босоод цай чанаж өгдөг ч юмуу, намайг халамжилдаг
эмэгтэй бол сайхан эмэгтэй гэж би хэлж чадахгүй. Миний эхнэр намайг
ажлаасаа тараад ирэхэд хэдэн хүүхэдтэйгээ зууралдсан, үс толгой нь
сэгсийсэн хүн угтаасай гэж хүсэхгүй байна. Энэ бол зөвхөн миний л бодол
шүү. Миний ээжид эмэгтэй хүнд байх ёстой олон сайхан чанар байдаг. Ээж,
дүү хоёр маань миний хувьд сайхан эмэгтэйчүүд. Мэдээж яг тэр хоёр шигээ
хүн олно гэвэл хэцүү байх л даа. Гэхдээ би дотроо нэг хүн төсөөлчихсөн
байгаа, амьдрал дээр тийм хүн байдаг үгүйг нь мэдэхгүй байна. Гоё,
сайхан эмэгтэй гэдэг ухагдахуун чинь өөрөө их эргэлзээтэй ойлголт юм.

-Эмэгтэй
хүний тухай ярьсан юм чинь хайрын сэдвээр ярихгүй өнгөрч болохгүй байх,
хайрын тухай бодлоо манай уншигчидтай хуваалцаач?

-Би
жаргалтай хайртай учирч, гунигтайгаар салж үзсэн. Гэхдээ тийм
гайхамшигтай мартагдашгүй хайртай учирч байсангүй. Хайртай хүмүүс хоёр
өөр зүгт биш нэг л зүгт харж байх ёстой, бас халаас хоосон хайранд
дургүй.

-Жирийн нэг Г.Алтантүрүү, олны танил Г.Алтантүрүү хоёрын хооронд ялгаа бий юу?

-Байлгүй
яахав, газар тэнгэр шиг ялгаа байгаа. Хариуцлагаа ухамсарлаж чаддаг
болсон, харьцангуй төлөвшсөн гээд олон ялгаа байна л даа. Хүчтэй
өрсөлдөгч байхыг хичээж байна. Зүгээр л миний хамгийн анхны дугаарын
хувцаслалтыг одоо нэг хараарай.

-Г.Алтантүрүү гэж хэн бэ?

-Найзууддаа,
ажилдаа хайртай, хэн нэг нь муухай хандвал яг тэрэн шиг нь хандаж
чаддаг. Хүнд нэг их туслаад байдаггүй, ер нь хүнд туслах дургүй тийм л
хүн. Зав олдвол цагийг найзуудтайгаа, дүүтэйгээ өнгөрөөх дуртай. Хэн
нэгэн намайг хүсэл мөрөөдлөө зараач гэвэл би зөвхөн Билл Гейтстэй л
уулзана гэж боддог.

-Шинэ жилийн уур амьсгал
аль хэдийн орчихжээ. Баярын цэнгүүнүүд ар араасаа цувраад, чиний хувьд
баярын уур амьсгал хэр байна даа?

 -Өө
яахав, ер нь нэг их баярлаад гүйдэггүй бас нэг их уйтгарлаад байдаггүй
дээ. Шинэ жил уг нь гоё баяр гэхдээ манай гэр бүлийн хувьд яг энэ үеэр
хэцүү зүйл тохиолдсон юм. Тэглээ гээд ийм сайхан баярыг тэмдэглэхгүй
өнгөрөөж яаж болох вэ? Ер нь би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн. Янз
бүрийн цэнгүүн хөтлөөч, чөлөөтэй байдалаар чинь хөтлүүлмээр байна гээд
урилгууд ирдэг л дээ. Миний имидж тийм юманд тохирохгүй, тэгээд ч би
өөрийгөө үнэ цэнэтэй байлгая л даа. Юм юман дээр л Алтантүрүү гүйж
явдаг. Би тийм байхыг хүсэхгүй байна.

-Сонсоод байхад чөлөөт цаг маш хомс байдаг бололтой. Орох дуртай газар, унших дуртай ном гээд дуртай зүйлүүдийнхээ тухай яриач?


Дэлгүүрээр ороогүй үнэхээр их уджээ. Би хувцас худалдаж авахдаа заавал
брэндийн хувцас гээд байдаггүй. Аль болох чанартай, үнийн хувьд
боломжийн хувцас авахыг хичээдэг. Найзуудтайгаа сардаа нэг “River
Sounds”-т суудаг, соёлтой хүмүүс үйлчилүүлдэг боломжийн газар. Унших
дуртай ном гэвэл Жек Лондоны “Мартин Иден”, миний ширээний ном гэж хэлж
болно. Намайг хүмүүс машингүй гэхээр гайхдаг, надад одоогоор машины
хэрэг алга. Өглөө ажилдаа ирээд гарах хэрэг гарвал ажлынхаа машинаар
явдаг. Тэртээ тэргүй стресст оруулах олон асуудалууд байхад хөдөлгөөн
ихтэй хотын замд оролцож өөрийгөө улам бухимдуулах ямар хэрэгтэй юм.
Гэхдээ сүүлийн үед машин гэдэг хэрэглээ хүнд байх ёстой юм байна гэж
боддог болсон шүү.

-Залуу хүн, ялангуяа Г.Алтантүрүү шиг чөлөөт ертөнцийг шоу цэнгээнгүйгээр төсөөлөхөд бэрх байна?

-Шоучин
байсан. Оюутан байхад хэн ч надад үг хэлдэггүй, өөрийнхөөрөө юу
дуртайгаа хийдэг байлаа. Оюутны байранд ч байдаг байсан. Тэр үед
зорилготойгоо, өөрөө өөртэйгөө их зөрчилддөг байсан. Одоо бол өөр хүн
болсон. Зорилго маань тодорхой, түүнийхээ төлөө тэмцдэг, хариуцлагаа
ухамсарладаг болсон. Мөн хүчтэй өрсөлдөгч байхыг хичээж байна.

-Хүнд хэлж чаддаггүй ч, амьдралын үнэтэй сургамж сэтгэл зүрхэн дотор хадгалаастай байдаг. Таны хувьд?

-Нэрлэвэл
зөндөө хүн байна л даа, юуны түрүүн аавыгаа нэрлэмээр байна. Аав, ээж
хоёр маань жирийн нэг ажилчин гаралтай хүмүүс. Аав маань надад нэг ч
удаа гараа хүрч үзээгүй хэрнээ надад тэр хүний сургаал, амьдралын
туршлага үнэхээр их сургамж болдог. Мөн сэтгүүлч болоход онол заасан их
сургуулийн багш нар, практикт анх намайг өлгийдөж авсан “25-р суваг”
телевизийн хамт олон гээд надад сургамж хайрласан хүмүүс их бий.

-Сэтгүүлч хүний нүдээр эх орноо харахад?

-Би
эх орон гэж ярих дургүй, урдах ажлаа сайн хийж чадаж байвал тэр нь
миний эх орондоо татвар төлөгчид биш татварын газрынхан л баярладаг.
Манайхан ямарваа нэг юман дээр заавал буруутан хайдаг. Хэзээ ч өөрт нь
буруу байдаггүй. Ингээд яриад байвал их олон юм байна л даа.

-Асуулгүй өнгөрөөсөн ч юмуу, асуугаасай гэж бодож байсан зүйл байна уу?

-Үгүй ээ, тэр гэхээр сэдэв үлдсэнгүй. Үнэхээр олон зүйлийн талаар ярилцлаа.

-Танд амжилт хүсье.

2008 оны 1 сарын 15

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж