Боксын ДАШТ-ийг зохион байгуулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Боксын ДАШТ-ийг зохион байгуулах боломжтой

Монголын олимпийн боксын холбоо эмэгтэйчүүдийн боксын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнийг эх орондоо анх удаа амжилттай зохион байгууллаа. Манай ширэн бээлийтнүүд уг тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн. Тэмцээний үйл ажиллагааны талаар Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Чин Күо Ү болон Монголын Олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Чин Күо Ү “Монголын Олимпийн боксын холбооны урилгаар танай улсад хүрэлцэн ирсэндээ их баяртай байна. Монгол оронд хоёр дахь удаагаа зочилж байна. Монголын боксын холбоо идэвхтэй сайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлье. 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнийг Монголд зохион байгуулах боломжтой. Тиймээс “AIBA”-гийн дүр­мээр Монголын олимпийн боксын холбоо хүсэлтээ гаргавал танай улсад дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулахад материаллаг баазын хувьд бүрэн бололцоо байна” гэж дүгнэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Чин Күо Ү-г хүлээн авч уулзан, Монголын боксыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

Эмэгтэйчүүдийн боксын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнийд 17 орны 120 гаруй тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорин оролцсон. Энэхүү тэмцээн нь Дэлхийн аваргын тэмцээний өмнө зохиогдсоноороо онцлогтой.  Учир нь ирэх тавдугаар сард Хятадад болох Дэлхийн аваргын тэмцээнд оролцохын тулд Азийн орнуудын хамгийн шилдэг тамирчид хүрэлцэн иржээ. 2012 оны Лондоны олимпоос эхлэн эмэгтэй­чүүдийн бокс олимпийн төрөлд албан ёсоор орохоор болсон. Нийт гурван жинд 36 тамирчин эрх авах хязгаарлалттай.

МОБХ-ны ерөнхийлөгч Ч.Ганзориг 2011 оны гуравдугаар сард Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. Энэ томилгоо Монголын боксын хөгжилд шууд нөлөөгөө үзүүлж байгаа эхний илрэл бол эмэгтэйчүүдийн Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрхийг олж авсан явдал юм. Олон улсын боксын холбооноос Монгол улс Дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бүрэн боломжтой гэсэн нь Монголын олимпийн боксын холбооны үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, тамирчдын чансаа дэлхийд үнэлэгдэж байгаа юм. Урьд нь манай улс эрэгтэйчүүдийн Азийн АШТ, оюутны ДАШТ-ийг зохион байгуулж байсан билээ.

У.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж