-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил ямар шатанд явж байна вэ?
-Одоогоор техник, эдийн засгийн үндэслэл болон шаардлагатай судалгааны дүн гарч, энэ онд 183 га газрын ерөнхий төлөвлөгөө хийгдсэн юм. Эхний ээлжинд 30 га газрын ажлын нарийвчилсан зураг гарлаа. Ерөнхийдөө талбайн ажлын хувьд авч үзвэл, 3,85 км-ын гол замын ажил эхлээд, 1,6 га талбайд зүлэгжүүлэлтийн ажил хийгдсэн. 45 м/кв талбайд цэцгийн мандал байгуулсан байна.
-Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?
-Техник, эдийн засгийн үндэслэлийг тооцон үзэж, олон улсын тендер зарласны дагуу Японы “Art architect network” компани шалгарсан. Тус компанийн судалгаагаар дөрвөн үе шаттайгаар 93 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 10 жилийн хугацаанд байгуулна. Үндсэндээ 93 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд одоогоор дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байна.
-Цаашдаа ямар ажил хийх вэ?
-Энэ жил хийгдэх гол ажлуудийн нэг бол 800 метр урттай, 25 метр өргөн гол зам, гэрэлтүүлэг, гудамж талбай, усан оргилуурын ажлууд юм. Мөн авто зогсоол байгуулах, иж бүрэн усжуулалтын системийн ажлууд байна.
-Ногоон байгууламж байгуулахад хөрсний байдал чухал байх?
-Хөрсний бүрхэвч нь үр шимийн хувьд, дунджаас доош элэгдэл эвдрэлд хүчтэй орсон, хайргархаг хөрс талбайд их тархсан байна. Хөрс нь давсжилтгүй карбонатгүй байгаа нь сайн үзүүлэлт л дээ. Хөрс сайжруулах арга хэмжээнд янз бүрийн шим бордоо хэрэглэх нь тохиромжтой. Мод, сөөгийг тарихдаа хөрсний бүтэцтэй нь тохируулж, хайргархаг хөрстэй газар улиас, бургас, элсэрхэг хөрстэй газар нарс гэх мэт. Бас хөрсний байдлыг авч үзэхэд, дуслын усалгааны систем ашиглах нь тохиромжтой. Энэ нь хөрсний чийгийн хангамж сайжрахаас гадна, эдийн засгийн хувьд ашигтай, усны нөөц хэмнэх сайн талтай.
-Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд хөрөнгө оруулагчдад ямар санал хүргүүлж байгаа вэ?
-Эхний ээлжинд 30 га газрын нарийвчилсан зураг төслийн хүрээнд хүрээлэнгийн төв хаалга, усан толь, хүүхдийн тоглоомын талбай, цэцгийн мандал, спортын талбай, чөлөөт амралтын бүсийг байгуулах ажлыг санал болгож байгаа. Боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажилд хамтран ажиллах, усжуулалтын автоматжуулалтын системтэй болоход хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах шаардлага бий.