Хууль зүйн яамны санхүүжилтээр хийгдэж буй 1 тэрбум воны өртөг бүхий
төслийн хүрээнд бүтээгдсэн роботын эхний загваруудыг ирэх 3-р сараас
эхлэн Pohang хотын засан хүмүүжүүлэх газар 1 сарын хугацаанд ажиллуулж
турших гэж байна. Эдгээр нь шоронгийн коридороор эргүүл хийж
хоригдлуудыг хянах зориулалттай юм. Мөн мэдрэгчүүдийн тусламжтайгаар
хоригдлуудын олон төрлийн үйлдэлд дүн шинжилгээ хийж, амиа хорлохыг
оролдох, хүчирхийлэл үйлдэх зэрэг тохиолдлуудыг илрүүлэн хянагч нарт
мэдээлэх чадвартай програм хангамжаар тоноглогдсоноороо зөвхөн дэлгэц
дээрх дүрслэлээр хянах уламжлалт CCTV камеруудаас давуу талтай ажээ.
Роботууд нь мөн яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд хоригдлуудыг
хянагч нартай холбох нэмэлт холбооны суваг хэлбэрээр ашиглагдана. Үүнээс
гадна хянагч нарын ажлын ачааллыг ялангуяа шөнийн цагт ихээхэн
хэмжээгээр бууруулах учир шоронгийн офицерууд тун тааламжтай хүлээн авч
байгаа юм байна. Харин хоригдлуудын хувьд ямархуу байх нь эргэлзээтэй
байна. "Эдгээр роботууд терминатор биш. Тэдний ажил уурссан хоригдлыг
дарж номхруулах биш бөгөөд тэд бол туслагчид, хэрэв хоригдлын бие муудах
зэрэг гэнэтийн тохиолдол гарвал тусламжийг цаг алдалгүй хүргэхэд
туслана" хэмээн төслийн удирдагч Kyonggi их сургуулийн профессор Lee
Baik-chul хэлсэн байна.
Роботын удирдлагын системийг бараг бүрэн хийж дууссан байгаа бөгөөд
одоогоор хоригдлуудад илүү нөхөрсөг харагдуулахад шаардлагатай жижиг
хэсгүүдийг бүтээж байна. Өмнөд Солонгос улс роботын технологиор дэлхийд
тэргүүлэхийг зорьж байгаа бололтой. Тус улсад бүтээгдсэн роботууд
цэцэрлэгийн хүүхдүүдэд хичээл заах, хойд хилээ хамгаалах, тэквондогийн тэмцээн хийх, гэр цэвэрлэх мэтийн олон хэлбэрээр бодит амьдралд ашиглагдаж эхлээд байна.