“Монгол мал”, “Ус” хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

“Монгол мал”, “Ус” хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж “Монгол мал”, “Ус”  үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, газар тариалангийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаархи  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн мэдээллийг сонслоо. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Балдан-Очир танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд  ажлын хэсгийн ахлагч, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаас асуулт асууж, санал хэллээ. Хуралдааны үеэр  дэлхийн зах зээлийн стандарт, шаардлагад нийцсэн сүү, мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулах нь хөтөлбөрийн үндсэн гол зорилго бөгөөд  үүний тулд цаашид  малчдын хоршиж ажиллах үйл ажилагааг  дэмжих, санхүүжилтийн хөшүүргийг төрөөс бус сангийн үйл ажиллагаанд чиглүүлэх нь ихээхэн  үр дүнтэй хэмээн үзэж буйгаа  гишүүд илэрхийлцгээж байсан. Түүнчлэн  хөтөлбөрийн нэрийг   өөрчлөх талаар ч гишүүд  санал хэлж байв.  
Тухайлбал, Э.Бат-Үүл гишүүн “Монгол мал” хөрөнгө оруулалтын сан, Д.Энхбат гишүүн “Мал аж ахуйн хоршооллыг эрчимтэй хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, Н.Ганбямба гишүүн “Монголын мал сүрэг” сан гэсэн томьёоллуудыг хэлсэн юм.  Харин  “Монгол мал” үндэсний хөтөлбөр гэсэн нэр томьёог өөрчлөх боломжгүй, цаг хугацааны хувьд хоцорсон гэсэн хариултыг  байнгын хорооны дарга өглөө.  УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, энэ хөтөлбөр үнэхээр хэрэгжиж чадвал мал аж ахуйн салбарт өөрчлөлт гарах сайн хөтөлбөр болсон гэж үзэж байна.  Сүүлийн үед УИХ-д оруулж ирээд байгаа олон хөтөлбөр төслүүд сэтгэл зовоож байна.  Уул уурхайн баялаг их хэмжээгээр орж ирэх чимээ гарахаар асар их мөнгө хөрөнгө ярьсан хөтөлбөр төслүүд орж ирдэг. Энэ нь уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгийг завшдаг сонгодог арга юм байна.   Өөрөөр хэлбэл төр их зардал гаргаж өөрөө энэ төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  болоод байгаа юм. Сум бүр дээр нядалгааны цех , лаборатори байгуулья гэж байна. Үүний  эзэн нь  хэн байх юм, хариуцлагыг нь хэн хүлээх юм. Ингээд харахаар бизнесийн сонирхол харагдаад байгаа юм. Төрийн хөрөнгөөр төр юм хийнэ гээд оруулаад  ирдэг. “Утаагүй Улаанбаатар” төсөл  мөн ийм маягаар орж ирсэн. Манай иргэд хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл  юуг ч хийхэд бэлэн байна. Тэгэхээр эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг төрөөс биш ямар нэгэн сангийн үйл ажиллагаагаар явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
  Мөн гишүүн Д.Тэрбишдагва, малчдын хоршиж ажиллах, сан байгуулах асуудалд цаашид анхаарах хэрэгтэй.Гэхдээ хоршоод татварын дарамтад ордог учраас  Хоршооллын тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэлээ.    Малчдын амьдралыг  сайжруулахын тулд улсын төсөвт  тодорхой хэмжээний хөрөнгө тусгах нь зүйтэй.  Удаан хугацаанд яригдаж байгаа Хөгжлийн банкийг  байгуулж иргэдэд урт хугацааны зээл олгон үйлдвэр, үйлчилгээний газруудыг  сэргээх цаг болсон. Өнөөдөр монгол малын сүү, мах үнэд орохгүй байгаа нь  бруцеллёз өвчинтэй холбоотой.  Дэлхийн хэмжээнд манай улсыг  бруцёллезгүй орон гээд зарлачихвал мах, сүүний үнэ өсч эдийн засгийн эргэлтэд орно. 2012 онд монгол улс малын бруцёллез өвчингүй  болох зорилт тавих хэрэгтэй.  Энэ бол зарчмын том асуудал. Иймд малыг эрүүлжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм.
            Ингээд Ажлын хэсэг, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж байнгын хороогоор дэмжигдсэн саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Үүний дараа газар тариалангийн салбарын 2009 оны ажлын үр дүн, 2010 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн мэдээллийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онд 392,9 мянган тонн үр тариа, 156,0 мянган тонн төмс, 81,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч жилийн хэрэгцээт буудайны 97,0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын ургацаас хангажээ.  “Тариалангийн тухай” хуульд нэмэлт өөчлөлт оруулан улсад болон гурилын үйлдвэрүүдэд тушаасан хүнсний буудайн тонн тутамд урамшуулал олгохыг хуульчилсны үр дүнд өнгөрсөн онд 704 аж ахуйн нэгж, иргэний 209,9 мянган тонн хүнсний буудайнд 10.5 тэрбум төгрөгний урамшуулал олгосон бөгөөд 270.0 мянган га талбайд чанартай уринш бэлтгэсэн байна. Түүнчлэн тариалан эрхлэгч жижиг аж ахуйн нэгж, иргэдийг техник, технологийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор 11 аймгийн 22 суманд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын нэгжийг байгуулснаар 4000 гаруй ногоочдын гар хөдөлмөрийг механикжуулжээ. Ийнхүү “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт 3800 гаруй механикжуулагч, ногоочид ажлын байраар хангагдан, техник, технологийн дэвшил, шинэчлэл нэвтэрч эхэлснээр нэгжээс авах ургацын хэмжээ 16.0цн-т хүрсэн нь томоохон ахиц гэж үзэж байгаа аж. Харин 2010 онд 282.2 мянган га-д үр тариа, үүнээс 270.0 мянган га-д буудай, 13.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 12.2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалж 410.0 мянган тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангахын зэрэгцээ 274.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх зорилт тавин хэрэгжилтийг зохион байгуулж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд танилцууллаа. Мөн ойрын үед шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлыг талаар мэдээлэл өгсөн. Үүнд, аяны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дотоодын буудай үйлдвэрлэгчидээ дэмжих, санхүүгийн чадавхийг нь сайжруулах, эргэлтийн хөрөнгөтэй болгох зорилгоор Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр 80.8 мянган тн, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс 95.5 мянган тн нийтдээ 176.3 мянган тн буудайг хүнсний хэрэгцээнд нөөцөлсөн байна. Түүнчлэн тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс бүрдүүлсэн 1 тонн буудай үнэ 290-330.0 мянган төгрөг буюу дунджаар 307.0 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 1 тонныг нь 270.0 мянган төгрөгөөр үнэлэн борлуулахаар шийдвэрлэсэн боловч гурилын үйлдвэрүүд ОХУ-аас 200.0-230.0 мянган төгрөгийн  үнэтэй импортын буудайг хэрэглэсээр байгаа нь дотоодын буудайн борлуулалтад сөргөөр нөлөөлж байна гэлээ. Хуралдааны эцэст “Ус” үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан дэмжигдсэн саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж