Арслан зааны соёо хилээр гаргах гэж байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Арслан зааны соёо хилээр гаргах гэж байгаад баригджээ

Өмнөговь аймгийн Цагаан хадын хилээр арслан зааны соёо гаргах гэж байсныг тус аймгийн Хилийн тагнуулын албаныхан өнгөрсөн сард илрүүлжээ. Хилийн тагнуулынханд иргэн Ө, Ц нар арслан зааны соёо байж болзошгүй зүйлсийг БНХАУ-ын иргэдэд худалдах гэж байгаа талаар нутгийн иргэд мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус хил орчмын нутагт өндөржүүлсэн үзлэг шалгалт хийжээ. Шалгалтын явцад Дундговь аймгийн иргэн Ө, Ц нарын цүнхнээс арслан зааны соёо илэрч тэднийг саатуулжээ. Энэхүү соёлын үнэт зүйлийг хэдий үед хамаарах, үнэ зэргийг нь мэргэжлийн хүнээр таниулах үүднээс Ханбогд сумын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийн дүн шинжилгээний ажилтан Б.Майнбаяраар үзлэг хийлгэсэн байна. Хураагдсан эд зүйлд анхан шатны үзлэг хийж арслан зааны соёоны эх бие мөн гэсэн дүгнэлтийг тавьсан юм байна. Ингээд Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч, хоёрдугаар сарын 21-ний өдөр ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал А.Лхагвасүрэн албаны хүмүүсийн хамтаар Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвд хүлээлгэн өгсөн гэнэ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хэрэгт сэжиглэгдээд байгаа Дундговь аймгийн харьяат иргэн Ө, Ц нар “Арслан зааны соёо гэдгийг нь мэдээгүй. Газар ухаж байгаад л олсон юм. Өндөр үнээр авна гэхээр нь өгөх гэж байсан” гэж мэдүүлжээ. Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийн дүн шинжилгээний ажилтан Б.Майнбаяр “Энэхүү соёоны эх биеийг хараад насыг нь тодорхойлох боломжгүй. Гэхдээ чулуужиж амжаагүй байхыг нь харахад 10-аас 14 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны соёо болов уу гэж үзэж байна. Олдворыг олсноос хойш удсан шинж тэмдэг харагдаж байна. Уг олдвор газрын хөрсөнд чийглэг орчноос гарч газрын гадарга дээр удсан учир хатаж, хагарч гэмтжээ. Энэ бол соёлын өвийн үнэт дурсгалт зүйлсийн тоонд орно. Үүнийг судалж сэргээн засварлаад төвийнхөө фондонд хамгаалалтад авч хадгална. Арслан заан буюу mammunthus нь хүний нийгэмтэй холбоотой. Монгол Улсын томоохон голуудын сав газраас эрүү, шүд, соёо гэх мэт зүйл нь олддог. Байгалийн түүхийн музейд Төв аймгийн Жаргалант сумаас олдсон хоёр хос соёо бий” гэж шударга.мн сайтанд мэдээлэл гарсан байна.
                                                                                                                               Б.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж