Британийн ахмадууд саятнуудын өмнөөс татвар төлнө

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Британийн ахмадууд саятнуудын өмнөөс татвар төлнө

Их Британи хамгийн баян иргэдийнхээ татварыг хөнгөлөхөөр шийдлээ. Ингэснээр төсөвт орох мөнгө буурах бөгөөд тэрхүү алдагдлыг тэтгэвэрийнхнээс нөхөж, тэдэнд хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн Лондонгийн хамгийн үнэтэй, тансаг орон сууцанд амьдарч буй оросын баячуудын тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлснээр нөхөх аж.

Их Британичууд ирэх жилийн дөрөвдүгээр сараас эхлэн нэмүү өртөгийн татварын дээд хэмжээг 50 хувиас 45 хүртэл бууруулна. Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Жорж Осборн парламентад төсвийн төслөө танилцуулахдаа энэ тухай мэдэгджээ. Хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн өрсөлдөөнийг идэвхжүүлэн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хангах үүднээс татварын төвшинг бууруулж буйгаа хэлэхдээ “Өнөөгийн 50 хувийн татвар нь эдийн засагт хор хөнөөл авчрахаас гадна үр дүн муутай” хэмээн Осборн онцолжээ. G20-ийн орнуудаас хамгийн өндөр татвартай нь Британи юм.

Үүний зэрэгцээ гэр бүлийн жижиг аж ахуй эрхлэгчдээс нэмүү өртөгийн татвар авч, тансаг хэрэглээний ашгийн татварын төвшинг нэмж буйгаа тэр зарлав. Жилдээ 9205 фунт стерлинг хүртэл орлоготой аж ахуй татварын шинэ төвшинд хамрагдахгүй гэнэ.

Дашрамд дурдахад, жилдээ 150 мянган фунтээс илүү орлоготой 328 мянган чинээлэг британичуудын татварыг Лейборист намынхан 2010 онд нэмсэн юм. Тэрхүү хуулийг “50 пенс” гэж нэрлэж байв. Уг хуулиар олсон фунт бүрээс 50 пенсийг улсын сан хөмрөгт татаж байлаа. Энэ нь ажил хэрэгч үйл ажиллагааг боож байна гэж бизнесменүүд шүүмжилж байсанд гайхах зүйлгүй. Энэ татварыг бууруулснаар Британийн төсөв орох мөнгө жилдээ 400 сая фунтээр хорогдох юм. Осборн тэр алдагдлыг үл хөдлөх хөрөнгө худалдахаас орох сүлдийн гэгдэх татварыг нэмэгдүүлэх замаар нөхнө гэв. Хоёр саяас илүү фунтээр зарагдах байшингийн наймаанаас авах татварыг хоёр хувиар нэмэгдүүлэх гэнэ. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн худалдаанаас төсөвт хагас тэрбумын орлого орно гэж тооцов. Хагас тэрбумын дийлэнх нь Лондоны төв хэсэг болон Зүүн өмнөд Англиас цугларах гэнэ. Учир нь дээрх газруудад оросуудаас эхлээд гадаадын баячууд үл хөдлөх хөрөнгө ихээр авдаг аж. Өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хүмүүс нь одоо цэвэрлэгчээс бага татвар төлж байна гэж Осборн хэлсэн байв. Тиймээс тийм татварт хамрагдах хүмүүст тавих хяналтаа засаг захиргаа нь сайжруулах гэнэ.

Британийн эдийн засгийн дахин унах магадлал өндөр байгаагаас эвслийн Засгийн газар ийм алхам хийж байна. Энэ аргыг 1980-аад онд Маргарет Тэтчер хэрэглэж байсан удаатай. Өнгөрсөн онд хоршооллын гэх татвар нь 28 хувиас 26 хувьд хүрсэн ба дараагийн жилд тэр нь 23 хувьтай болно. Хөрөнгө оруулалтыг татахад энэ нь чухал юм. Сүүлийн жилүүдэд татварын системийн өрсөлдөх чансаагаар Британи дэлхийд 10-аас 18 хүртэл хойшилсон юм. Консерваторууд энэ арга хэмжээнийхээ улмаас улс орон хожино гэж үзэж байгаа. Компани ба хувь хүмүүс офшорын бүсээс хөрөнгөө эргүүлэн татах ба татвараас зугтахаа болино гэж тэд тооцоолж байна.

Төсвийн алдагдлыг бууруулах байдлаар зардлаа эрс бууруулах арга хэмжээг авна. Өндөр настнуудын татварын доод хэмжээг жилдээ 10,5 мянган фунтээр тогтоон барих бөгөөд 2013 оны дөрөвдүгээр сараас 65 насны босгыг алхаж буй хүмүүсийн хөнгөлөлтийг зогсооно. Тэр нь 4,4 сая британичуудын санхүүгийн байдал дундажаар 83 фунтээр буурна гэсэн үг. Гэр бүлийн нэг гишүүн нь 50 мянган фунтээс илүү орлоготой айлын хүүхдийн мөнгийг өгөхгүй болж байна. Тус орны хамгийн ядуу бүс нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдийн цалинг нэмэхгүй. Үүний зэрэгцээ тамхины акцизийн татвар нэг хайрцагаас 37 пенс, архины татвар 7,2 хувиар тус тус нэмэгдэнэ.

Энэ бүх арга хэмжээний дүнд төсвийн алдагдлыг ДНБ-ний 7,6 хувь хүртэл буулгах юм. Тэр нь алдагдал нь 3,9 хувь хүртэл буурч байгаа Герман, Франц ба Итали зэрэг оронтой харьцуулахад хамаагүй их байна. Британийн улсын өрийн хэмжээ 2015 онд ДНБ-ний  76,5%  хүрнэ гэсэн тооцоо байдаг. Тийм урьдчилсан дүн нь Британийн чансааг бууруулах олон улсын агентлагуудын үнэлгээг гаргах болжээ.

Осборны парламентын үгийг сөрөг хүчин шүүмжлэлтэй хүлээн авч байна. Лейбористууд шүүмжлэлдээ улс орон бүсээ чангалж байхад засгийн газар бодит байдлаас тасарсан байна гэв. Сая сая британичуудын татвар нэмэгдэж байхад саятнуудын хийх төлбөр тэднийхээс бага болж байна хэмээн Лейбористуудын лидер Эд Милибэнд шүүмжлэн хэлсэн байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж