-Газар тариалангийн ажил эхлэхэд сарын хугацаа үлдлээ. Тариаланчид тариалалтандаа хэр бэлтгэж байгаа бол?
-Иргэд хаврын тариалалтынхаа бэлтгэл ажлыг аль хэдийн базааж эхэлсэн. Техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, шинээр худалдан авахад анхаарч байна. Дөрөвдүгээр сарын 12-нд Дархан-Уул аймагт тариланчдын улсын зөвлөлгөөн болно. Жил бүр тариаланчдын улсын зөвлөлгөөн болдог. Тариаланчид энэхүү зөвлөгөөнөөр тулгарч байгаа саад бэрхшээлийнхээ талаар ярилцаж, өөр хоорондоо туршлагаа хуваалцдаг. Манай яамны зүгээс тариаланчдын улсын зөвлөгөөнөөр яригдаж байгаа асуудалд нэлээд анхаарал тавьдаг. Мэдээж, хөрөнгө мөнгөний асуудлаас эхлээд техник хэрэгслийн хангалт гээд тариаланчдад асуудал их байгаа. Тэр бүх асуудлыг нь шийдвэрлэхэд манай яам боломжийн хэрээр тусалдаг.
-Тариалалт хэзээнээс эхлэх вэ?
-Таван сар гаргаад тариалалт эхлэх байх. Энэ жил 318 мянган га талбайд уринш бэлтгэсэн. Тэгэхээр 320 мянган га талбайд улаан буудай тариалах зорилт тавьсан байгаа. Улаан буудайн үрийг дотоодоосоо 100 хувь хангах боломжтой. Тариалан эрхлэлтийн сан болон улсын нөөцөд хангалттай үрийн нөөц бий. Гадаадаас үр худалдаж авахааргүй болсон.Энэ бол Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарсан нэг том амжилт юм. Урьд өмнө нь улаан буудайн үрийг Оросоос худалдан авч тариалдаг байсан. Одоо бол хүнээс гуйхааргүй болсон.
-Танай яам хаврын тариалалтад зориулж техник хэрэгсэл шинээр худалдан авсан уу. Гаднаас шинэ техник хэрэгсэл худалдаж аваад тариаланчдад хөнгөлөлтөө үнээр худалддаг байх аа?
-Техник төхөөрөмжийн хувьд энэ хаврын тариалалтад зориулж 20 ширхэг үр тариа хураах комбайн худалдаж авсан. Мөн төмс, хүнсний ногоо хураах иж бүрэн хэрэгсэл худалдаж авсан байгаа. Манай яамны зүгээс тариаланчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр техник хэрэгслээр хангахад багагүй анхаардаг. Нэг үеэ бодоход иргэд болон аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгсэл сайжирсан.