Сэтгэцийн өвчлөл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Сэтгэцийн өвчлөл нэмэгджээ

Цайны цаг хэдийнэ болжээ. Эмнэлэг рүү орох санаатай явтал,

-5000 төгрөг байна уу гэсээр огт танихгүй хүн хүрч ирлээ.

-Мөнгө байхгүй гэвэл,

-Яана аа, хүүхэд төрөх гээд байдаг, би гялс таксидаад ирнэ л дээ гээд аргаа барсан хүн шиг учирлан гуйв. Яах учраа олохгүй түгдэрч байтал эмч бололтой, цагаан халаадтай нэгэн эмэгтэй араас нь дуудаад тасагт нь оруулав. Сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгийн босгоор анх алхмагц өрнөсөн яриа энэ. Чухамдаа өдөр болгон өрнөдөг нэгээхэн хэсэг нь л надтай таарсан хэрэг. Өдөр болгон ийм хүмүүстэй ажилладаг эмч, сувилагч нарын ажил хэцүү гэдгийг нь ингэж мэдэрсэн юм.

Төвийн зургаан дүүргийн өвчтөнүүдийг хүлээн авдаг нэгдсэн амбулатори энэ эмнэлэгт бий. Нийтдээ 10 тасагтай бөгөөд түүндээ 300-400 хүнийг хүлээн авах хүчин чадалтай юм. Тиймээс ачаалал өндөртэй байдгийг эмнэлгийн ажилтанууд учирлана. Хамгийн ачаалалтай тасаг нь архинд донтсон хүмүүсийг эмчилдэг тасаг. Тэнд эмчлүүлэгчдээс хамгийн гайгүй гэх хүмүүс нь тэд. Гэхдээ эмчилгээнийхээ дундуур байн байн гарчихдаг учир эмчилгээ үр дүнтэй болох эсэх нь эргэлзээтэй. Энд архинд гүн орсон хүмүүсийг арай өөр тасагт, эхний шатанд байгааг  нь бас тусдаа тасагт эмчилдэг гэнэ.

Наймдугаар тасгийн үүд. Үү­дэнд нь эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд “тоглоно”. Зарим нэг нь байн байн сонин дуу, авиа гаргах бө­гөөд бусад нь гараа сонин занги­даж, ийш, тийшээ хөдөлгөнө. Энд эмч­лүүлэгсдийн дийлэнх хувийг олдмол сэтгэцийн өвчтэй хүүхдүүд эзэлдэг бөгөөд үлдсэн хувийг нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй хүүхдүүд эзэлнэ. Нэг хэсэг тоглоомонд донтсон хүүхдүүд ихэнхдээ ирдэг байсан ч одоо эдгээр хүүхдүүдийн тоо харьцангуй буурчээ. Харин хичээлээ хэтэрхий их давтсанаас болоод мэдрэлийн ядаргаанд орсон хүүхдүүд чамгүй ирэх болжээ.

Сэтгэцийн эмнэлгийн чамгүй олон өвчтөнтэй тасаг нь архинд донтогсодыг эмчлэх тасаг. Энд архинд гүн орсон, угтал шатандаа явж байгаа гээд олон хүмүүс эмчлүүлдэг ажээ. Сурвалжлага хийхээр очиход хоёр хүн энэ тасагт хэвтэхээр үзүүлж байгаа харагдсан юм. Нэгэнт архинд гүн орчихсон хүмүүсийг архинаас нь гаргана гэдэг тун хэцүү. Тийм учраас тусгай тариа тарьдаг бөгөөд дахиж амсвал биед нь сөрөг нөлөө үзүүлдэг тариаг тэдэнд тарьдаг ажээ.

Сэтгэцийн эмгэг нь хурц үедээ орсон хүмүүсийг эмчилдэг 7 тасаг бий. Эмч, сувилагч нараас тэд байнгын бэлэн байдлыг шаарддаг ажээ. Ийм хүмүүсийг “амманизм” гэх нойрсуулах үйлчилгээтэй тариагаар тарьж тайвшруулдаг гэх. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн дийлэнхэд нь улам  галзуурах тариа тарьдаг гэсэн ойлголт олны дунд байдаг. Гэтэл энэ яриа худлаа болж таарлаа. Учир нь энэ тариа тухайн хүнд зөвхөн нойрсуулах үйлчилгээ л үзүүлдэг ажээ. Сэтгэцийн эмгэг нь дунд үедээ буюу завсарын шинжтэй хүмүүсийг эмчилнэ гэдэг амаргүй. Тэдний өвчин нь хөдлөх үедээ ямар ч үйлдэл үзүүлж мэдэхээр байдаг ажээ. Өвчин нь хөдөлсөн үедээ эмч, сувилагч руу янз бүрээр дайрч, давшлах нь энүүхэнд.

Жил бүрийн хаврын эхэн цагт сэтгэцийн эмгэг судлалын төвөөр эмчлүүлэгсдийн тоо нэмэгддэг гэнэ. Тиймээс сурвалжлага хийхээр очсон үед ч ачаалал ихтэй байлаа. Гартаа цаас барьсан эмч нар тасгаас тасгийн хооронд гүйж, өвчтөнүүдийг хүлээж авах, эмчлэх гээд ажил ихтэй байсан юм. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрөгч 2011 онд 5123 хүн эмчлүүлжээ. Эмчлүүлэх хүмүүс нэмэгдэж байгаа учраас сэтгэцийн өвчтөнүүдийг асрах газар барих шаардлага байгаа гэх. “Уг нь 2004 онд асрах газар байсан ч татан буулгасан. Үүнээс болоод ачааллаа дийлэхгүй байгаа. Үүнийг төр засгаас анхаарах хэрэгтэй байна” гэж СЭМҮТ-ийн эмнэлгийн тусламж хариуцсан гүйцэтгэх захирал О.Ганчулуун ярьж байсан юм.

Одоохондоо шинээр ирэгсдийн тоо харьцангуй цөөхөн байгаа ажээ. Харин тасагтаа эмчлүүлэгчдийн тоо чамгүй олон. Басхүү хоёр, гурван их сургуулиас дадлагын оюутнууд ирж, сувилагч нарт хүч нэмж буй аж. Гэхдээ дадлага хийж байгаа хүүхдүүдийн зарим нь тэгэс гээд дадлагаа дуусгалгүй шантраад явдаг гэх. Учир нь өвчтөнүүд тэднийг айлгаж ичээх нь энүүхэнд. Тэр болгоныг давж гарч чадалгүй буцдаг гэдгийг эмч нар ярив. Жил өнгөрөх тусам нэмэгдэж байгаа сэтгэцийн өвчлөгсдийг хүлээн авдаг, эмчлүүлдэг ганц газар нь энэ. Тиймээс хэвтэх ёстой хүнээсээ байнга 30-40-өөр эмчилдэг аж.

Дээрээ сүрхий хаяг хадсан ч дотроо засч янзлахаар юм их байгааг нь анзаарлаа. Шат, хана туурга, тааз гээд л… Гэхдээ эмч нар нь ийм, тийм байна гэсэнгүй ажлаа хийсээр. Магадгүй өдөр болгон ачаалалтай байдаг болохоор тэд үүнийгээ анзаардаггүй биз. Ямар ч байсан тодорхой хэмжээний төсөв, хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэйг өчигдрийн байдал харуулж байлаа.

Буцах цаг ч боллоо. Гарч явлаа. Гэтэл араас бас нэг өвчтөн дуудав. Эргээд харвал,

-Хөөш. Дараа ирэхдээ лаа авчраарай… гэж байна. Энэ мэтээр л бидний дундаас тэдний эгнээнд шилжигсэд нэмэгдэх болжээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж