Хамтын ажиллагааг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааг үнэлэв

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Азийн хэлтсийн орлогч дарга, хатагтай Тина Мэффордыг өнөөдөр хүлээн авч уулзав.

 

Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагааны талаар санал солилцож,  протоколд гарын үсэг зурсан юм.  
     УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон улсын Хүрээлэнтэй тогтоосон   хамтын ажиллагаа өнөөг хүртэл амжилттай явагдаж байгаад баяртай байна гэдгээ илэрхийлээд,  орон нутагт зохион байгуулж буй  сургалт, арга хэмжээ тухай бүртээ  үр дүнтэй болж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн УИХ-ын  гишүүний сонгогдсон тойрогт ажиллаж байгаа бие төлөөлөгч болон  туслахууд, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн орон нутаг дахь ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах тал дээр ахиц гарч байгааг үнэлсэн.
 
    Мөн АНУ-ын конгрессын гишүүний туслахуудтай хийсэн теле-ярилцлага амжилттай явагдсан, бэлтгэл ажлын  зохион байгуулалт сайн байсныг тэмдэглэн, цаашдын үйл ажиллагаандаа техникийн дэвшлийг ашиглан  холыг ойртуулж, мэдээлэл солилцох тал дээр хамтарч ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийлж байв.
 
     Тэрбээр, хатагтай Тина Мэффорд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг дэмжиж байдагт  талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд  АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн зүгээс мөн  хамтран ажиллаж байгаад баяртай буйгаа  ч дурдлаа. Дараа нь талууд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, цаашдын үйл ажиллагааны талаарх чиглэлээ тодорхойлов. 
Үүний дараа хатагтай Тина Мэффорд УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн үйл  ажиллагаатай танилцсан юм. Тэрбээр тус төвийн судалгаа хийж буй үйл явц, судалгааны мэдээллийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлж байгаа аргачлал болон тус төвийн     судалгааг УИХ-ын гишүүд  хууль тогтоох явцдаа хэрхэн  ашиглаж  байгааг сонирхсон юм. 

     Мөн талуудын хамтын ажиллагааны протоколд заасны дагуу тус судалгааны төвийн чадавхийг бэхжүүлэх, судлаачдад арга зүйн туслалцаа үзүүлэхэд хамтарч ажиллахдаа таатай байх болно гэдгээ хатагтай Тина Мэффорд илэрхийлж байлаа. 
    Түүнчлэн Судалгааны төвийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлууд болон хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн тухай асууж, санаа тавьж байв. 
    Уулзалтад АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Монгол дахь хөтөлбөрийн менежер Жон Миллер, Монгол дахь хөтөлбөрийн захирал Х.Өрнөх, Монгол дахь хөтөлбөрийн ажилтнууд, УИХ-ын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж