“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хуулийн гацаанд оржээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хуулийн гацаанд оржээ

Тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоор л байгаа “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд удлаа гэхэд энэ оны эхний улиралд гаргана хэмээн тооцоолсон Засгийн газрын төлөвлөгөөнд саад тулгараад байна.  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэхгүйгээр энэ асуудал нааштайгаар шийдэгдэж чадахгүй гэдгийг олон улсын хөрөнгийн биржийнхэн ч манайханд анхааруулсан байх юм. Үнэндээ өнөөдрийн хууль аль 10 жилийн өмнө шинэчлэгдсэн гэхээр аргагүй ч биз.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг анх 1994 онд баталж, 2002 онд шинэчлэн найруулсан хэдий ч өнөөгийн хөгжлийн практик шаардлагаас хол хоцорсон, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад эрх зүйн орчин дутмаг, зарим заалтууд нь учир дутагдалтай  гэдгээс болоод  “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргах асуудал хуулийн гацаанд орчихоод байгаа аж.

Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжаатай холбоотой харилцааны тодорхой зохицуулалт байдаггүйгээс үнэт цаасны зах зээлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд, зардал багатай татах боломжгүй гэнэ. Дэлхийн томоохон биржид бүртгэлтэй уул уурхайн компаниуд Монголд үнэт цаасаа арилжаалах сонирхолтой ч түүнийг нь бүртгэх, арилжих, үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал одоогийн хуульд тусгагдаагүй аж.  Энэ нь  зах зээлийг тэлж, хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учруулж,  үүнээс болоод гадаадынханд Монголд хувьцаагаа гаргах нь эрсдэлтэй гэдэг ойлголтыг төрүүлдэг бололтой. Тэрчлэн өнөөдрийн мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай  хуульд хувьцааны ханшийг зохиомлоор өсгөсөн, унагасан, арилжаанд дотоод мэдээлэл ашиглаж оролцсон этгээдэд хариуцлага тооцох тухай  нэг ширхэг  өгүүлбэр ч байдаггүй юм байна.

Хуулиа шинэчлэхгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалах хүсэлтийг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн Хонконгийн биржийн сануулга, ажлын хэсгийнхний тайлбарлаж буйгаар өнөөгийн нөхцөлд тохирохоо больсон  заалтуудыг өөрчлөх,  үүнийг яаралтай зохицуулахын тулд  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хүссэн хүсээгүй шинэчлэх шаардлагатай болж.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгожээ. Уг хуулийн төслийг  Засгийн газрын маргаашийн хуралдаанаар авч хэлэлцээд УИХ-ын намрын чуулганд өргөн барих аж.  Хуулийг дагаад олон арван журам өөрчлөгдөх гэнэ. Шинэ хууль, журам батлагдвал хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын шалгуурыг өндөрсгөж магадгүй юм байна.

 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг УИХ-аас яаралтай батлахгүй бол “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд энэ 2012 онд багтаан гаргаж чадахгүй болно” гэдгийг ч тус компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Граэме Хэнкок  Хонконгийн сэтгүүлчдэд ярьжээ.  Монголын хөрөнгийн биржид зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан Лондонгийн хөрөнгийн биржийн мэргэжилтэн Билл Горман “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын зах зээлд амжилттай гаргахын тулд  Монголын хууль батлагчид Үнэт цаасны зах зээлийн тухай сайн хууль батлах шаардлагатай”-г анхааруулсан бий. 

Өнөөдрийн хүсэл шаардлагад нийцсэн төгс сайн хуульгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”  болон бусад компаниудын  хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох асуудал хүндэрч, хувьцааны үнэлгээнд ч муугаар нөлөөлөх гэнэ лээ. Монголын төр  “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлтгэнэ” гэгчээр IPO нь гадаад, дотоодын зах зээлд  хэзээ гарах нь мэдэгдэхгүй байгаа компанийн хувьцаанаас иргэддээ 1072 ширхэгийг өгөхөөр шийдвэрлэсэн. Сургалтын төлбөрөө төрөөс даалгасан оюутнууд, сая сая төгрөгийн сургаар чихээ мялаасаар суугаа хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болсон байгаа.  Нэрийн дансанд хийсэн гэх  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үнэндээ  иргэд гар дээрээ аваагүй болохоор өгсөн, авсан гэж тооцоход  хэцүүхэн  юм билээ. Нэрлэсэн үнийг нь ч Засгийн газар өнөөг хүртэл тогтоож чадаагүй байгаа шүү дээ. Үнэгүй юм үнэгүй байдаг гэгчээр “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах ажил бүтэлгүйтвэл иргэн бүрт олгохоор болсон 1072 ширхэг хувьцаа  зүгээр л нэг “хог” болно. Үүнийг үнэтэй болгохын тулд УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиа өөрчлөх шаардлагатай болох нь.

 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль цагтаа батлагдахгүй бол “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гэлтгүй,Засгийн газраас эдийн засгийн эргэлтэд оруулахаа зарлаад байгаа Тавантолгой төсөл ч хуулийн “ацан шалаанд” орж болзошгүй байна. 

 Харамсалтай нь, Монголын хууль батлагчид, шийдвэр гаргачдад өнөөдөр сонгуулиас өөр чухал сэдэв үгүй болсон гэлтэй. Тиймдээ ч Тавантолгой төсөл таг чиг болчихоод байгааг анхаарах, асууж сураглах хүн алга. Тавантолгой төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ажлын хэсгийнхэн нь аль дээр таран бутарч, баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах хэлэлцээр хэдийн тасалдчихсан. Уг нь монголчууд “ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг. Анхнаасаа л бүтэл муутайхан, хэл амтай эхэлсэн Тавантолгой төсөл ажил хэрэг болтлоо цөөнгүй хугацааг туулах бололтой. Адаглаад л Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг өөрчлөхгүйгээр, Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гаргах асуудал эвтгүйтэх магадгүй байна. Эдгээр асуудлууд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны үнэлгээнд гол нөлөө үзүүлэх гэнэ лээ. Тэгэхээр Монголын төр таг чиг болсон Тавантолгой төсөлдөө анхаарал хандуулах, эс бөгөөс  энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн  их том мөрөөдлөө толгойноосоо авч хаях хэрэгтэй  болох дэг. “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэдэг л “Эрдэнэс Тавантолгой” компаниад бүү тохиолдоосой доо.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж