-Байгаль орчны тухай багц хуулийн төсөлд нийтдээ хэдэн хуулийн шинэчлэл багтаж байгаа вэ, гол холбогдол нь юу юм?
-БОХХААБХ Байгаль орчны тухай багц хуулийн төслийг намрын чуулганы хаалтын үеэр хэлэлцүүлэх байсан ч амжаагүй. Гэхдээ УИХ-ын дарга чуулганы хаалт дээр “Байгаль орчны тухай багц хуулийг хаврын чуулганаар яаралтай авч хэлэлцэж, зайлшгүй шийдвэрлэх ёстой” гэдгийг онцолсон. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам дээр дээрх байгаль орчны салбарын хуулиудын давхардал, хийдлийг арилгах төсөл хэрэгжсэн. Энэ төсөл дээр ажилласан баг Байгаль орчны багц хуулийн төсөл дээр ажилласан. Дараа нь БОАЖЯ-ны баг нэмэгдэж ажиллаад урьд өмнө мөрдөж байсан энэ салбарын 39 хуулийг нэгтгэж, хуулиудын хийдэл, цоорхойг арилгахаар ажилласан. Мөн дээрээс нь өнгөрсөн хугацаанд шинээр батлагдсан байгаль орчны салбарын хуулиудыг нэгтгэж, нийт 18 хуулийг найм болгон, шинээр хоёр хуулийн төсөл санаачилж, нийт 10 хуулийн төслийг боловсруулаад байгаа. Байгаль орчны багц хуульд 1990-ээд оноос хойш гарсан байгаль орчны салбарын бүх хуулийг шинэчлэн оруулсан гэж ойлгож болно. Анх 1992 оноос байгаль орчны салбарын хуулиудыг гаргаж эхэлсэн ч ихэнхдээ өмнөх нийгмийн үед баталсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах журмаар явж ирсэн юм билээ. Энэ бүхнийг бид шинэ концевцид шилжүүлж, ашиглагч нь хамгаалагч байж, бохирдуулсныхаа хэмжээгээр төлдөг больё гэдэг агуулгыг хуулиудад суулгаж өгсөн нь гол юм. Монгол Улс уул уурхайд тулгуурласан эдийн засагт түшиглэн хөгжих гэж байгаа бол байгаль орчиндоо ээлтэй орчин үеийн технологиор байгалийн баялгаа олборлоход шахсан тийм эрх зүйн зохицуулалтыг хуулиндаа хийж өгье гэдэг зорилгоор байгаль орчны багц хуулийг боловсруулсан.
-Хуучин мөрдөж байсан хуулиудаас ямар хуулиуд үлдсэн бэ?
-Багцаар нь өөрчлөхдөө хуучин хуулиудыг тэр чигээр нь өөрчлөөгүй. Байгаль орчны хуулиудын зарим нэг заалтуудыг өөрчлөх, нэмэлт оруулах, мөн давхардлыг нь арилгаж нэгтгээд өнөөгийн шаардлагад нийцсэн нэг хууль л болгож байгаа юм. Энэ хуулиуд батлагдснаар хэд хэдэн өөрчлөлт гарна. Тухайлбал, байгаль орчинг бохирдуулсан торгуулийн хэмжээ өмнө нь хэт бага байсныг одоо бохирдуулсныхаа хэмжээгээр төлөхөөр болсон. Өмнө нь нэг мод таслах, нэг уул сүйтгэх хоёр ижил төлбөртэй байсныг хорирлын хэмжээгээр нь зааглаж, ялгаж төлбөр авахаар болж байна. Байгаль орчны үнэлгээг ч шинээр тогтоож байгаа. Байгалийн орчинд учруулсан хорирлын үнэлгээг шинээр тогтоож, үнэлгээний дагуу төлбөрөө авах ёстой болно.
Нөгөө нэг зүйл нь байгалийн баялгаас орж ирж байгаа орлогыг буцаагаад байгаль хамгаалахад нь зарцуулах. Ойгоос орж ирж байгаа мөнгийг ойд нь зарцуулах, агаараас орж ирж байгааг нь агаарт нь зарцуулах гэдэг ч юм уу, ийм журмаар зохицуулахаар хуульд тусгасан байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд иргэд, орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагууд, иргэний байгууллага, нөхөрлөлүүдтэй хамтарч ажиллах ёстой. Бас нэг зүйл нь Байгаль орчны аудит хийх асуудал. Аудит хийхийн тулд дагаж мөрдөх ёстой журам, стандартыг батлах ёстой. Ингэснээр хяналтын үйл ажиллагаа нэгдмэл болох юм.
-Байгаль орчны хяналт, шалгалтын хувьд ямар өөрчлөлт орсон бэ?
-Байгаль орчны яамны үндсэн үүрэг нь хяналтын үүрэг. Гэтэл хяналт тавих механизм нь энэ яаманд байдаггүй. Тиймээс хуулийн төслүүдэд хяналтын мехнаизмтай холбоотой тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулж өгсөн.
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх явцад байгаль орчин бохирдуулсан хохирлын хэмжээг тогтоосон уу? Хохирлын хэмжээг яаж тогтоож байгаа вэ?
-Байгаль орчин бохирдуулсан, хордуулсны төлбөрийг хуучин бол маш багаар тогтоодог байсан. Төлбөр авах аргачлал нь өөр байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид энэ аргачлалыг шинэчлэн боловсруулсан. Энэ удаагийн багц хуульд ч тусгасан байгаа. Хуучин бол төлбөрийн хэмжээ багаас гадна байршлаасаа шалтгаалан өөр өөр төлбөр авдаг байсан. Тухайлбал нийслэлийн ойролцоох усыг бохирдуулсан бол метр кубээс 10 гаруй мянган төгрөг авдаг байсан юм. Ус бохирдуулсны төлбөр ч байршил, хүн амын суурьшлаас шалтгаалаад өөр өөр гардаг. Харин Байгаль орчны багц хуулинд компани хэр хэмжээгээр усыг бохирдуулсан байна тэр хэмжээгээрээ л төлбөр төлөхөөр тооцсон. Төлбөр авах, төлбөр тогтоох аргачлалыг БОАЖЯ-аас гаргасны дараа төлбөрийн хэмжээ, хохирол тооцдог мэргэжлийн байгууллагууд тодорхой шалгуурын дагуу гэрчилгээ аваад тооцоог хийдэг.
-Урт нэртэй хууль батлагдаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч тодорхой үр дүнд хүрээгүй гэх шүүмжлэл дагуулсаар байна. Гэтэл Байгаль орчны багц хууль ч бас цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд иймэрхүү байдлаар замхарчих вий гэсэн хардлага бас төрөөд байна л даа?
-Өмнө нь, бид эдийн засгаа хөгжүүлэх гээд байгаль орчны асуудлаа хойш нь тавьдаг байсан. Эхний ээлжинд уул уурхайгаар дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх л ганц зорилго тавьж байсан бол одоо уул уурхайгаар дамжуулан эдийн засгаа хөгжүүлэхийн тулд байгаль орчноо эхлээд хамгаал гэсэн зарчмаар явна. Үүний ч тулд байгаль орчны багц хуулийг боловсруулсан. Эдийн засаг нь аль болох байгаль орчинд хор хөнөөл багатай байх, байгаль орчинд өмнө учруулсан хохирлоо нөхөж, сэргээх хэрэгтэй болж байгаа юм. Дээрээс нь байгаль орчны хяналтыг чангатгах үүднээс энэхүү хуулийг боловсруулсан. Ингэж байж эдийн засаг өөрөө хөгжих боломж харагдаж байгаа юм. Хууль хэзээ батлагдана тэр хугацаанаас эхлээд л хэрэгжээд явах юм. Урт нэртэй хууль өөрөө ямар ч эдийн засгийн тооцоо, судалгаа байхгүй шууд л зөвшөөрлийг нь хорино, хаана гээд л баталчихсан. БОАЖЯ хил хязгаар, үнэлгээг нь тооцоолох гэж маш их цаг хугацаа шаардсан том ажил хийсэн. Хууль батлагдаад гарсны дараа араас нь хөөж хийсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл хууль гарсны дараа л судалгаанууд хийгдэж эхэлсэн. Энэ утгаараа хуулийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардсан, хоцорсон зүйлүүд бий. Гэхдээ одоо байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам нь ажиллаж байна. Мөн эдийн засаг, уул уурхайн ашгийг тооцоолж байж Засгийн газраас тогтоол гаргахаар болсон. Тиймээс одоо бол уг хуулийг хэрэгжүүлэхэд нэг их цаг хугацаа орохгүй гэж бодож байна. Мэдээж Байгаль орчны багц хууль гарсны дараа өмнөх бүх хууль, тогтоомжууд алга болно гэж байхгүй. Өмнө нь байсан хууль, тогтоомжийг багц хуулиндаа нийцүүлж, хэрэгжүүлнэ. Шинээр эрх авах аж ахуй нэгжүүд шинэ хуулиар явна, харин хуучин аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг шинэ хуулиндаа нийцүүлэх зэргийг нь тусгаж ажиллана.