Амиа хорлолт аюулын харанга дэлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Амиа хорлолт аюулын харанга дэлдлээ

Зарим хүмүүс амьдрахыг илүүд үздэг байхад өөр нэг нь үхлийг хүсдэг. Харин үхэл хүсч хийсэн үйлдлийг амиа хорлох гэнэ гэдгийг өнөөгийн бага ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгочихно. Долоон тэрбум гаруй хүн амтай манай дэлхийд жилд дунджаар 900 орчим мянган хүн амиа хорлодог аж. Харин манай орны хувьд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт сүүлийн жилүүдэд хүчтэй өсч байгаа нь олон нийт болоод  хууль хяналтын байгуулгынхнын сэтгэлийг түгшээх болжээ. Жил бүр цагдаагийн газраас гаргадаг гэмт хэргийн мэдээллийг ажиглахад, амиа хорлох үзэгдэл жил ирэх тутам өссөн байгааг харж болно. Тухайлбал, улсын хэмжээнд 1990 онд 42 хүн амиа хорлож байсан бол 2000 онд 146, 2003 онд 208, 2008 онд 340, 2011 онд 167 хүн амиа хорлосон байна. Цагдаагийн ажилтнуудын хэлснээр, амиа хорлоод буй иргэдийн олонх нь ид хийж бүтээх насандаа буюу 18-30 насны залуучууд байдаг аж. Харин хүйсний хувьд эрэгтэйчүүд амиа хорлох нь элбэг гэнэ. Мэдээж үүнд нөлөөлөх сөрөг үзүүлэлтүүд олон. Эрчүүдийн дийлэнх нь ажилгүйн дээр боловсрол тааруу байгаа нь бэрхшээлийн өмнө сөхөрч амиа эгүүтгэхэд хүргэж буй гэсэн дүгнэлт ч гарчээ.

Нөгөөтэйгүүр нь сэтгэл санаа­гаа засах гээд согтууруулах ундаа хэрэглэж, ухаан балартсан үедээ амиа хорлодог гэдгийг шүүх эмэнэлгийнхэн шинжилгээгээр тогтоожээ.

“Зөв шийдэл” төвийн сэтгэл зүйч Л.Болортуяа “Өсвөр насны хүүхдүү­дийн хувьд эцэг, эх нь ойлгохгүй, найз нөхөд, гэр бүл нь бие хүн гэж хүлээн зөвшөөрөөгүйгээс болж голдуу амиа хорлодог. Мөн сургууль, анги хамт олныхоо дунд дарамт шахалтад орж, ганцаардсандаа өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодсондоо амиа хорлох алхмыг хийдэг. Ер нь хүүхэд гэдэг зовлонг хурааж, буглуулж чаддаггүй амархан баярлаж, гомддог учраас би хэнд ч хэрэггүй амьтан юм байна гээд амиа хорлох шийдвэрт хүрэх нь элбэг” гэлээ. Түүний хэлснээр, өнөөгийн нийгэмд залуус өөрийн гэсэн байр сууриа олж чадалгүй, хийх гэж байгаа зүйлдээ амархан шантарч, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж  чаддаггүйн улмаас гутарч, амиа хорлох шийдвэрийг гаргадаг аж. Түүнчлэн бүтэлгүй хайр дурлалын асуудал, үерхдэг хүндээ  хаягдах, хууртагдах, түүнгүйгээр амьдрал утгагүй мэт санагдаж, би үхвэл л миний хойноос харамсана гэх бодлоор амиа хорлох нь элбэг байдгийг тэр дурдаж байна. Тэдгээр хүмүүст өчүүхэн жаахан бэрхшээлийг асуудал гэж хүлээж авдаггүй байх сэтгэлийн хат тэнхээ дутаж байгаагаас л болж байгаа хэрэг гэх хүмүүс ч байна.

Харин эмч нарын хийсэн судалгаагаар хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс илүү их сэтгэл гутралын өвчинд өртөж, амиа хорлох нь элбэг байдаг аж.  Учир нь эмэгтэй хүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход тэр зүйлээ бусадтай хуваалцаж чаддаг учраас стрессээ гаргачихдаг. Гэтэл эрчүүд дотроо хадгалаад, бухимдсаар эцэстээ тэр нь амиа хорлолт болно хувирдаг аж. Эрчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй нэгэн ижил давтагддаг үйлдэл нь амиа хорлох шийдвэр гаргах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх явдал аж. Ер нь амиа хорлоно гэдэг тухайн хүнээс бас ч үгүй зориг шаардаж байгаа болоод ч тэр үү согтуу байх үедээ амиа хорловол амар байх болно гэсэн ойлголт байдгийг үгүйсгэхгүй. Энэ бүх жишээнээс харахад манай нийгмийн сэтгэл зүйн боловсрол муу байгааг л харуулж байгаа хэрэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэллээ. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд нийгэм нь хөгжиж, хүн ам нь өсөхийн хэрээр хувь хүн ганцаардах, нийгмийнхээ дунд хөлөө олж чадалгүй байснаар амиа егүүтгэх үзэгдэл их гардаг аж. Харин  манайх шиг хөгжиж буй орны хувьд энэ асуудал арай эртдэж байгаа талаар судлаачид хэлж байна.

Өөр нэгэн тоо баримтыг иш татахад, өндөр хөгжилтэй гадаадын орнуудад 5-10 хүн тутамд нэг сэтгэлзүйч оногддог аж. Учир нь нийгмийг хөгжлийг дагасан стрессээс болоод иргэд нь амиа хорлох, сэтгэцийн эмгэгтэй болох нь элбэг байдаг гэнэ. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлэх үүднээс хүн бүрийг сэтгэлзүйчтэй болгох бодлогыг барьдаг болжээ. Харин Монголд энэ төрлийн “найзууд” байхгүй гэж болно. Шуудхан хэлэхэд, тэднийг шашныхан орлож байна.
Энэ бүхнээс үүдээд нийгмийн сэтгэл зүйг эмчлэх мэргэжлийн хүмүүсийг олноор нь бэлтгэж, тэднийг дэмжсэн бодлого барихгүй бол “Шархад”-ныхан ч ачааллаа дийлэхээ байжээ. Дан ганц өөрийн амиа егүүтгэхээс гадна, бусдыг амиа хорлоход нөлөөлсөн хэрэг ч сүүлийн үед ихээр гарах болжээ. Энэ хэргийг аваад үзвэл, 2010 онд 727, 2011 онд 314 гэсэн тоо дурайж байх юм.

Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж