23-ны баасан гаригт БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтийн шинэ ханшийг нэг
ам.доллартай харьцуулахад 6,2891 юань юань гэж тогтоожээ. Тэр нь
түүхэн шинэ үзүүлэлт боллоо. Пүрэв гаригт Хятадад ам.долларын ханш албан
ёсоор 6,3004 юань байв. Гуравдугаар сарын 22-ны арилжаагаар трейдерүүд
нэг долларыг 6,2997 юаниар худалдан авч байлаа.
Юанийн ханш сарын турш өсч байгаа нь Хятадын эрх баригчдын үндэсний
валютаа бэхжүүлэх гэсэнтэй холбоотой хэмээн The Financial Times сонинд
өгүүлжээ. Үндэсний валютыг либерчлах бодлогыг Хятадын засгийн газар 2010
онд зарласнаас хойш юанийн ханш өсч байгаа юм.
АНУ ба Европын холбоо өөрсдийн мөнгөний ханшаа өсгөхийг Хятадад нэг биш
удаа уриалж байлаа. Хятадууд өөрсдийн экспортоо дэмжихийн тулд мөнгөний
ханшаа албаар бага барьж байна гэж Хятадыг шүүмжилдэг. Америкийн эрх
баригчдын үнэлгээгээр Засгийн газрын ажиллагааны улмаас хятад мөнгө нь
30-40 хувийн хямдаар арилжигдаж байгаа аж.
Энэ жилийн гуравдугаар сард АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим нь
экспортоо татаастай байлгадаг Хятад зэрэг орнуудын барааны гаалийн
татварыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг батлахын төлөө санал өгсөн
билээ. Шинэ хуулиар нийт 4,7 тэрбум ам.долларын өртөгтэй хорь гаруй
бараанд татвар тогтоогдох юм байна.
БНХАУ-ын Засгийн газар Америкийн парламентын үйл ажиллагаанд сөргөөр
хандсан ба хэрэв хуулийг эцсийн шатанд нь гарын үсэг зуран батлах юм бол
Хятад ДХБ-д гомдол гаргана хэмээн Дэлхийн худалдааны байгууллага дахь
Хятадын төлөөлөгч Сун Женью хэлсэн юм. Хятадын Ардын банк ба Худалдааны
яам нь АНУ-ын тэр үйл ажиллагаа нь “худалдааны дайнд” хүргэнэ гэж
сануулсан байлаа.