Д.Дэмбэрэл Элчин сайд Ри Тэ Ру-г хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл Элчин сайд Ри Тэ Ру-г хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Тэ Ру-г Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Монгол Улсад Элчин сайдаар ажиллахаар шинээр томилогдон ирсэн ноён Ли Тэ Ру-д Спикер Д.Дэмбэрэл юуны өмнө ажлын амжилт хүсээд, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 22 жилийн ой мөн өнөөдөр тохиож буйг онцолсон юм. УИХ-ын дарга цааш нь хэлэхдээ, Монгол Улсын эдийн засгийн хөгжил болон бусад чиглэлд БНСУ-ын зүгээс өнгөрсөн хугацаанд ихээхэн  туслалцаа, нэмэр хандив  үзүүлж ирснийг тэмдэглэхэд тун таатай байна хэмээгээд, манай хоёр орны ард түмний бие биедээ итгэлцсэн найрсаг, дотно харилцаа ч үүний нэг баталгаа юм гэдгийг тэмдэглэв.

Хоёр орны харилцааны шинэ үе шат болох “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г хөгжүүлэх, түүнчлэн Монгол Улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд буй энэхүү чухал цаг үед эрхэм Элчин сайд манай оронд ажиллахаар томилогдон ирсэн нь  хоёр улсын Парламентын харилцааг хөгжүүлэхэд ч онцлох нөлөөтэй хэмээн үзэж байгаагаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзалтын үеэр онцоллоо. УИХ-д Монгол, БНСУ-ын Парламентын бүлэг нэлээд өргөн хүрээ, бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг болохыг УИХ-ын дарга дурдаад, Парламент хоорондын хамтын ажиллагаа цаашид ч үр дүнтэй, шинэ шатанд хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийн Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр тохирч, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтойг тэмдэглэн хэлж,   цаашид хоёр улсын хооронд  уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй гээд өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн ажлуудад өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлон дурдлаа. Мөн Спикер Д.Дэмбэрэл, хоёр орны иргэд хоорондын харилцаа, визний асуудал, БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдийн талаар ноён Элчин сайдтай товч яриа өрнүүлж, харилцан санал солилцсон юм.

 Элчин сайд Ли Тэ Ру хэлэхдээ, Монгол Улс БНСУ Иж бүрэн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх түүхэн цаг үед миний бие шинэ албанд тохоон томилогдож ажиллахаар болсонд баяртай байна. Цаашид Монгол Улс, БНСУ хоорондын харилцааг хөгжүүлэхэд улам хичээн  ажиллах болно. Хоёр орны иргэд хоорондын харилцаа тогтмол сайн байгаа ч үүнийг улам бүр идэвхижүүлж, харилцахад илүү амар хялбар болгох, тухайлбал зорчих виз, цаашлаад нислэгийн хувьд элдэв хүндрэлгүй болгоход анхааран ажиллана. Түннчлэн дэд бүтэц, зам тээврийн салбарт харилцаагаа илүү өргөжүүлэн ажиллахыг зорилго болгож ажиллана” хэмээж байв.

Мөн тэрээр өнөө жил хоёр улсын хувьд онцлог жил болж буйг дурдаад, БНСУ-д ирэх дөрөвдүгээр сард Парламентын сонгууль болно, харин Монгол Улсад ирэх зургадугаар сард мөн УИХ-ын сонгууль болох гэж байгаа нь хоёр орны Парламент хооронд нэгэн шинэ хуудас нээж, цаашид илүү нягтарч, хамтран ажиллах болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн.  

Тодруулга:

Элчин сайд Ли Тэ Ру нь Хангугийн их сургууль, Бээжингийн их сургууль, Стэнфордын их сургуулиудад боловсрол эзэмшсэн, олон улсын харилцааны доктор цолтой. Тэрээр 1990 онд хоёр улс дипломат харилцаа тогтоох үед болон 2006 онд БНСУ-ын ГХЯ-нд Монголын асуудлыг хариуцан ажиллаж байсан дипломат албанд 20 гаруй жилийн туршлага хуримтлуулсан дипломатч юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж