Канцлер Грекийг Европын холбооноос гарахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Канцлер Грекийг Европын холбооноос гарахыг эсэргүүцэв

Германы Канцлер Ангела Меркел өрийн хямралд гүн орсон Грек Европын холбооноос гарвал залруулашгүй алдаа болно гэж мэдэгджээ. Тэрбээр Евро бүсийг цаашид хэвээр үлдээхийн тулд чадах бүхнээ хийнэ гэжээ. Канцлер өрийн хямрал Европын холбооны орнуудад том сургамж болсон гэдгийг онцолж, дээрх орнуудад санхүүгийн зээл олгох нь хямралаас гарахад тус болохгүй, харин эсрэгээр нөхцөл байдлыг дордуулна гэсэн таамгийг үгүйсгэсэн байна. Европын холбооны орнуудаас өрийн хямралд хамгийн гүн автсан Грект Европын холбооны санхүүгийн тогтвортой байдлын сангаас хоёрдахь удаа санхүүгийн тусламж болгож, 130 тэрбум еврогийн зээл олгохыг зөвшөөрсөн билээ. Өрийн хямралд орсон орнуудыг хямралаас гарахад туслах Европын холбооны санхүүгийн тогтвортой байдлын санд Герман бусад орнуудаас хавьгүй их хэмжээний хөрөнгө оруулсан нь тус улсын улсын иргэдийн зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгарсан билээ. Грект санхүүгийн зээл олголоо ч одоогийн нөхцөл байдлаас гарахад түүнээс их хөрөнгө хэрэгтэй гэж ажиглагчид бичиж байгаа юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж