Монгол, Шведийн гадаад хэргийн яамд зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Монгол, Шведийн гадаад хэргийн яамд зөвлөлдөв

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шведийн Вант Улсын Гадаад хэргийн яамдын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2012 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Шведийн Вант Улсын нийслэл Стокгольм хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд  Г.Тэнгэр, Шведийн талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Франк Бельфраж  нар тэргүүлсэн бөгөөд Монгол улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Шведийн ГХЯ-ны Ази,Номхон далайн орнуудын газрын дэд захирал Хенрик Седерин, Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ларс Андерссон, Ардчиллын асуудал эрхэлсэн Элчин сайд хатагтай Мариа Лейсснер, Зүүн Азийн тасгийн дарга Маттиас Чху зэрэг хоёр талын албаны хүмүүс оролцов. Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлаар  хоёр тал санал солилцов.

Монгол Улс, Шведийн Вант Улстай 1964 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2009 оны 12 дугаар сард Стокгольм хотноо  байнгын ажиллагаатай Элчин сайдын яамаа нээж ажиллуулсан нь хоёр орны уламжлалт харилцаа,  тал бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нааштай нөлөө үзүүлж байгааг  талууд  цохон тэмдэглэв.

Монгол, Шведийн хоорондох худалдаа 2011 оны байдлаар өмнөх оныхоос даруй 3 дахин өсч 49 сая ам. долларт хүрсэний дотор Монголын тал автомашин,  уул уурхайн техник, цахилгаан хэрэгсэл худалдан авсан. Шведийн Олон улсын хөгжлийн байгууллага (СИДА)-аас сүүлийн 20 орчим жил Монгол улсад 30 сая орчим ам.долларын  хөгжлийн  албан ёсны тусламж үзүүлсэн.  Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих явцад чухал үүрэг гүйцэтгэсэн Шведийн Засгийн газрын энэхүү тусламжийг тус улсын Засгийн газар өндөр үнэлж байгааг зөвлөлдөх  уулзалтын үеэр дэд сайд Г.Тэнгэр  уламжилж талархал илэрхийлсний зэрэгцээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, Гадаад хэргийн яамд хоорондын ажил хэргийн хэлхээ холбоог идэвхжүүлэх үүднээс Шведийн Вант Улсын Парламентын дарга Пер Эрик Гуннар, Гадаад хэргийн сайд Карл Билдт нарыг Монгол улсад айлчлахыг урьсныг уламжилж, урилгыг гардуулав.

Дэд сайд Стокгольмд байрладаг Энхийн судалгааны олон улсын Хүрээлэнгийн захирал Др. Бейтс Гилл, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын Хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгэсэн, Шведийн Социал Демократ Намын Нарийн бичгийн дарга хатагтай Анн Линде нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал бодол солилцсоны дотор 2012 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын орнуудын  Байгаль орчны сайд нарын бага хурал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэгч улсын хувиар 5 дугаар сард өөрийн оронд зохион байгуулах ардчиллын боловсролын асуудлаарх олон улсын семинарын талаар мэдээлж, ардчилал, сонгуулийн тогтолцоо, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудаар дурдсан байгууллага, хүрээлэнгүүдтнй хамтран сургалт семинар зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэх тохиролцоонд хүрэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газар



Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Шведийн Вант Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Франк Бельфраж нар Монгол, Шведийн ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтын үеэр. Стокгольм хот 2012.03.22.


Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Стокгольмд байрладаг Энхийн судалгааны олон улсын Хүрээлэнгийн захирал Др. Бейтс Гилл нар.  Стокгольм хот 2012.03.21.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Стокгольмд байрладаг Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын Хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгэсэн нар.  Стокгольм хот 2012.03.22.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж