Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар энэ жил 2010 оныхтой харьцуулахад хоёр дахин их ногоон байгууламжийн ажлуудыг хийх тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат онцолж байлаа. “Нийслэлийг ногоон болгоё гээд зөвхөн ярилцах биш, ажил болгох хэрэгтэй байна. Бодит байдал дээр хотоо яаж ногооруулъя гэдэг асуудал нь иргэн бүрийн оролцооноос хамаарах ба хогоо гудамжинд хаяхгүй байх, байгууллагууд ангилсан хогийн савтай болох, боломж бололцоогоороо ногоон байгууламжийн үйл хэрэгт оролцож, мод тарьж, ургуулахаас эхэлнэ” хэмээн МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хэлсэн юм.
2012 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 183 га газрын ерөнхий төлөвлөгөө батлагдсан бөгөөд байгаль орчин, хөрсний, судалгаа хийгдсэн байна. Энэ жил хийгдэх гол ажлуудийн нэг бол 800м урттай, 25м өргөн гол зам, гэрэлтүүлэг, гудамж талбай, усан оргилуурын ажлууд байгаа гэнэ. Үндсэндээ намар гэхэд хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх цэвэр агаартай цэцэрлэгт хүрээлэндээ алхах боломжтой болох гэнэ. Харин 2020 он гэхэд бүрэн барьж дуусгах аж.