Үндэсний брэнд ₮ картыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Үндэсний брэнд ₮ картыг танилцууллаа

Монгол банкнаас бусад арилжааны банкуудтай хамтран үндэсний брэнд ₮ картыг гаргах гэж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү карт нь гадны Виза, Мастер картыг орлох, үндэсний карт юм. Үндэсний брэнд ₮ картаар төрийн үйлчилгээний гүйлгээ болон утсаараа бэлэн бус гүйлгээ хийх боломжтой болох ажээ. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо бэлэн бус гүйлгээг шийдэхээс гадна гадаадад ашиглаж болох боломжийг олгох гэнэ.

Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв 2010 оны зургадугаар сарын 16-ны өдөр бүх карт гаргагч банкуудтай хамтарч “Банк хоорондын төлбөрийн нэгдсэн сүлжээ”-г байгуулсан байна. Энэ нь карт эзэмшигчид аль ч банкаар үйлчлүүлэх боломжийг нээж өгсөн бөгөөд бэлэн бус төлбөр тооцоог дэмжих, тэр дундаа төлбөрийн картын үйлчилгээг хөгжүүлэх хөдөлгөгч хүч болох ажээ. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2011 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 553 тоот тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Төлбөрийн картын журам”-д үндэсний брэнд картыг нэр, лого, загварын стандартыг тусгасан нь тус картыг гаргах хууль эрх зүйн орчин болсон байна.

Одоогийн байдлаар Худалдаа хөгжлийн банк ₮ картыг гаргах эрхийг авсан ба дөрөвдүгээр сарын дунд үеэс хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ.

Нэг жилийн дотор ₮ картыг дотоодын хэрэглээнд бүрэн нэвтрүүлээд дараа нь олон улсад гаргах аж. ₮ цахим картыг унших “ПОС” машиныг эхний ээлжинд төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад байрлуулах юм байна. Энэ талаар Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Ж.Цогтсанаагаас тодрууллаа. 

-₮ картын давуу тал юу вэ?

-Энэ нь Монгол улсынхаа тусгаар тогтнолыг илэрхийлсэн байдал юм.  Картаар төрөөс олгож буй бүхий л тэтгэмж, гүйлгээг хийж болох боломж нь нээгдэнэ. Энд маш том нэг ололт бол төгрөгийн карт болгоод гадаадад очоод, түүгээрээ гүйлгээ хийх бололцоотой болж байгаа юм. Бид гадаадад мастер, виза картаар мөнгөө заавал доллар, евро болгож байж тооцоогоо хийдэг. Өөрөөр хэлбэл заавал хөрвүүлэлт хийх ёстой байдаг. Харин одоо бол үндэсний мөнгөн тэмдэгтээ  ашиглаж болох нь.

-Банкуудын хувьд бас ололттой тал бий байх?

-Тэгэлгүй яахав. Банкууд гадаадаас картаа захиалж, шат дамжлага дамжиж байгаа. Үүнийг халах юм. Түүнчлэн төлбөр тооцооны хувьд бэлэн бус гүйлгээгээ хянаж чаддаггүй. Одоо бол өөрсдийн үндэсний картаараа бүхий л гүйлгээгээ хийгээд, бүртгэл хийх боломжтой болж байна. Үүгээрээ далд эдийн засгийг ил болгож байна гэсэн үг л дээ.

-₮ картыг хаана үйлдвэрлэх вэ?

-Монголбанкнаас стандартыг зааж өгч байна. Картын нууцлал, хэмжээ, лого зэрэг. Харин арилжааны банкууд өөрсдөө хэвлэх, хэрэглэх үйл ажиллагаагаа явуулах юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж