Ерөнхийлөгч Засгийн газарт санал хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Засгийн газарт санал хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт хоёрдугаар сард ажилласан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар танилцуулга, санал бэлтгэн Засгийн газрын хуралдаанд оруулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.

Танилцуулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 2 дугаар сарын 02-ноос 04-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Мандалговь сумдад томилолтоор ажиллаж, Оюу толгой, Таван толгой орчмын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон хувийн өмчит компаниудын ажил байдалтай танилцаж, уурхайн удирдлага, ажилчид болон нутгийн ард иргэдтэй уулзалт хийж санал, бодлыг нь сонслоо.

Энэхүү томилолтын хугацаанд нийт 6 удаагийн уулзалт хийсэн. “Энержи ресурс”, “Эрдэнэс таван толгой”, “Оюу толгой”, “Таван толгой” компаниудын удирдлага, инженер, техникийн ажилчид болон Цогтцэций, Ханбогд, Мандалговь сумдын иргэдтэй уулзалт хийлээ.

Уул уурхайн компаниудын удирдлага, инженер, техникийн ажилчидтай хийсэн уулзалтаар эрчим хүч, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, ажилчдын цалин, нийгмийн асуудал, байгаль орчны нөхөн сэргээлт, мэргэжилтэй монгол ажилтан бэлтгэх, орон нутгаас ажиллах хүчин бэлтгэх, металлург, шингэрүүлсэн хий болон нефтийн үйлдвэр байгуулах зэрэг олон тулгамдаж байгаа асуудлын тухай ярилцсан болно.

Өмнөговь аймгийн ард иргэдтэй хийсэн 3 удаагийн уулзалтын үеэр бэлчээрийн талхагдал, тоосжилт, агаарын бохирдол, усны асуудал болон эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, материаллаг бааз, барилгын асуудлыг хөндөж ярилцсан юм.

Мөн 2012 оны 2 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллаж, эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк, төмөр замын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага, албан хаагчид, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, албаны хүмүүсийг оролцуулан уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож, орон нутгийн ард иргэдтэй уулзалт хийсэн.

Эдгээр уулзалтын үеэр Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын барилгын  ажлыг түргэтгэх, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлын явцыг эрчимжүүлэх, дотоодын нөөцөд тулгуурлан нефть боловсруулах үйлдвэр байгуулах, “Хэрлэн-Говь” төслийг хэрэгжүүлэх, Дорноговь аймгийн төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай байдлыг хангах, Чойр-Замын-Үүд чиглэлийн автозамын ажлыг түргэтгэх зэрэг орон нутагт тулгамдаж байгаа олон асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн эдгээр томилолтын үеэр орон нутгийн ард иргэд, төрийн болон хувийн өмчит компаниудын удирдлагуудын хөндөж ярилцсан, санал болгосон бодлогын чухал асуудлуудыг нэгтгэн багцалж, Засгийн газрын хуралдаанаар оруулж, цаашид хийх бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг санал болгосноор дараах асуудлуудыг оруулж байна.

Хөндөгдөж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлууд нь зөвхөн аймаг, орон нутгийн асуудал биш бүх ард түмний цаашдын ахуй амьдрал, Монгол Улсын хөгжил цэцэглэлттэй шууд холбоотой болохыг анахаарч шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН  ДАРГА Ч.ХҮРЭЛБААТАР ТАНАА

Засгийн газрын хуралдаанд
асуудал танилцуулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 2 дугаар сард Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт албан томилолтоор ажиллаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажил байдалтай танилцав.

      Энэхүү томилолтын тухай танилцуулга, тухайн бүс нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүргүүлж байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсье.

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                             Д.БАТТУЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын
2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн … тоотын хавсралт
Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал

1. Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэх засмал зам, төмөр зам тавих, шинээр ДЦС барьж байгуулах асуудлаар УИХ, Засгийн газар, уул уурхайн компаниудтай нэгдсэн нэг ойлголцол, зөвшилцөлд хүрч, тодорхой шийдвэр гаргах

2. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын 1-р ба 2-р үе шатанд барихаар төлөвлөж буй төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг 2012 онд багтаан нэгэн зэрэг эхлүүлэх

3. Таван толгой-Гашуун сухайтын чиглэлд нүүрс тээвэрлэх засмал замыг “Ухаа худаг” компанийн барьж байгуулсан замтай зэрэгцүүлэн барих асуудлыг 2012 онд багтаан эхлүүлэх

4. Төмөр замаар тээвэрлэх ачаа эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөн нь авто замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулж байгааг харгалзан Богд уулын урдуур баригдах хоёр дахь төмөр замыг ажлын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, 2012 онд багтаан барилгын ажлыг эхлүүлэх

5. Оюу толгой, Таван толгой орчмын орон нутгийн болон стратегийн ордууд, Сайншандын аж үйлдвэрийн паркийг цахилгаан эрчим хүчээр хангах ДЦС-ыг барьж байгуулах ажлыг 2012 ондоо багтаан эхлүүлэх

6. Металлург, нефтийн үйлдвэр байгуулах асуудалд төрийн бодлогыг чиглүүлэх

7. Сайншанд хотын аж үйлдвэрийн паркийн төслийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг 2012 оны 2 дугаар улиралд багтаан байгуулах

8. Замын-Үүд боомтын дамжин өнгөрүүлэх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн нэгдсэн албадын байрыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулж, хилийн боомтын цогцолбор үйл ажиллагаа явуулах, хил нэвтрүүлэх шинэ терминалыг барьж байгуулах

9. Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтрэх иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үүднээс гаалийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, уртасгасан цагаар ажиллуулах

10. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн ажилчдын хоол, хувцас бараа материал, үйлчилгээг монголын компаниуд болон орон нутгийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ажлыг судалж шийдвэрлэх

11. Уул уурхайд ажиллах мэргэжилтэй монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх асуудалд төрийн бодлогыг чиглүүлэх

12. Түүхий нүүрс, төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулах асуудлыг судалж, 2012 оны 3-р улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх

13. Таван толгой, Оюу толгой орчмын газар нутагт “Байгаль орчны нэгдсэн үнэлгээ” хийлгэх

14. Сайншандын аж үйлдвэрийн парк, Оюутолгой, Таван толгойн орчмын уул уурхайд ашиглах усны хайгуулыг өргөжүүлэх, Нийслэлийн иргэдийн хэрэглэсэн “саарал” ус, томоохон гол мөрний усыг говь руу татах судалгаа хийх, орон нутгийн иргэдийн саналд тулгуурлан гүний усыг  ашиглах тухай асуудлыг шийдвэрлэх

15. Малчдын малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны нутаг нь уурхайн эдлэн газарт орсон нөхцөлд нөхөн олговор олгох асуудлыг судалж, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

16. “Улаанбаатар” төмөр замын харъяалалд байгаа эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг болон орон сууцны дулаан, цэвэр, бохир усны барилга, байгууламжийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж