Г.Отгонцэцэг: Одоогоор амьдрал зохиох бодол алга

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэг: Одоогоор амьдрал зохиох бодол алга

"Шөнө дундын бүжиг" жүжгийн Шубира, "Чамайгаа алдмааргүй байна" жүжгийн
Сэцэн, "Дурлахыг хориглоно" жүжгийн Хатнаа, "Зургаадугаар cap минь
баяртай" жүжгийн Хөөрхөн, "Миний хайрыг хүлээ" жүжгийн Саран "Парисийн
дарь эхийн сүм жүжгийн Эсмеральда зэрэг үзэгчдийн үзэх дуртай жүжгүүдийн
гол дүрийг бүтээсэн жүжигчин Отгонцэцэгийг үзэгчид "Орхидос" киноны
хойд эх Хандын дүрээр сайн таньдаг.

УДЭТ-ын нүүр царай болж яваа бүсгүйчүүдийн нэг тэрбээр уран бүтээл, гоо
сайхан, эрс шийдэмгий төрхөөрөө ямагт олны анхаарлын төвд байдаг.
Жүжигчин бүсгүй удахгүй нээлтээ хийх гэж байгаа шинэ уран бүтээлийн
ажилдаа ороод байгаа аж.

-Та театрт тавигдаж байгаа бүхий л жүжигт оролцдог. Одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа сурагтай?
-Энэ жил “Гэгээн муза” наадам ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж
байна. Үүнд манай театраас Оролмаа эх, Тэнгэрийн хүү, Ану хатан зэрэг
жүжгүүд нэр дэвшиж байгаа. Миний хувьд дөрөвдүгээр сарын 22-нд нээлтээ
хийх гэж байгаа дэлхийн хамгийн анхны роман болох “Гэрэлт гүнжийн
дурлал” жүжгийн үл таних үзэсгэлэнт бүсгүйн дүр дээр ажиллаж байна.

-Та өмнө нь "Парисын дарь эхийн сүм" мюзикл жүжгийн цыган
бүсгүй, үзэсгэлэнт Эсмеральдагийн дүрийг гайхалтай бүтээж үзэгчдээ
шуугиулж байсан. Одоо ч мөн л гүнжийн дүр бүтээх гэж байгаа юм байна?

-Тийм ээ. Драмын театрт дөнгөж ороод байхад найруулагч Н.Наранбаатар ах
надад итгэж энэ дүрийг өгсөн. Тиймдээ ч уг жүжиг залуу жүжигчдийн өсөн
дэвжих, уран бүтээлийг дэмжих тал дээр ач холбогдол өгч чадсан юм. МУГЖ
Г.Урнаа эгчтэй Эсмеральдагийн дүр дээр ажилласан. Ингэж туршлагатай
жүжигчинтэй нэг дүр дээр ажиллуулсан нь уран бүтээлчийн хувьд цаашид
уран бүтээлдээ ахиц гаргах суралцах маш том боломжийг нээж өгсөнд
баяртай байдаг.



-Таныг харцаараа дүрээ чадварлаг илэрхийлдэг гэж үнэлдэг. Тиймдээ ч
богино хугацаанд тайз дэлгэцийн хэд хэдэн дүр бүтээсэн. Цаашдаа
өөрийнхөө авьяас чадварыг эрэлхийлсэн дүр бүтээхийг хүсч эрмэлзэж явдаг
байлгүй дээ?

-Тэгэлгүй яахав. Залуу хүний хувьд маш их зүйлийг хийж бүтээхийн төлөө
зорьж тэмүүлж байна. Ер нь өмнөө тавьсан зорилго төлөвлөгөөтэй байж
санаж бодсон зүйлээ амжуулна шүү дээ. Түүнээс өөрийн урсгалаар
бодлогогүй явна гэвэл утгагүй зүйл болно. Бүх зүйл төлөвлөгөөтэй,
тодорхой цаг хугацаатай байж ажил, амьдрал, амжилт утга учир агаад үнэ
цэнэтэй болно. Наад зах нь хэзээ нөхөрт гарч хэдийд хүүхэд төрүүлэх,
хэдийд уран бүтээл дээрээ ажиллах зэрэг бүхий л ажлаа төлөвлөдөг учраас
одоогоор шинээр амьдрал зохиох бодол алга.

Өөрөөр хэлбэл уран бүтээл дээрээ түлхүү ажиллаж байгаа гэсэн үг. Манай
багш Монгол Улсын гавьяат багш Р.Уртнасан гуай надад "Үзэсгэлэнт гүнжээс
үзээрийн муухай шулам хүртэл тоглож хувирах ёстой түүнээс нэг л дүрд
тоглоод байвал жүжигчин биш. Бас энэ байгаа биеэрээ дамжуулж, өөр хүний
дүр төрхийг гаргаж чадвал чи жүжигчин" гэж хэлдэг байлаа. Өөрөөр хэлбэл
энэ биеэ зөвхөн энэ чигээр нь харуулаад дандаа сайхан байвал чи жүжигчин
болж чадахгүй гэж хэлдэг. Тийм учраас хамт ажиллаж байгаа уран
бүтээлчдээсээ суралцаж, аль болох өөр дүрд хувирч, өөрийгөө өөрөөр
харуулахыг хичээдэг. Одоо ч гэсэн үргэлж багштайгаа уулзаж зөвлөгөө
авдаг. Энэ утгаараа өөрийгөө азтай хүн гэж боддог.

-Эсрэг талын дүр жүжигчин хүнээс их ур чадвар шаарддагийн хажуугаар зарим үед үзэгчид дүрээр нь хүлээж авдаг нь ч бий?
-Надад эсрэг талын дүр их ирдэг. Ялангуяа "Орхидос" кинонд тоглосноос
хойш энэ жүжигчин эсрэг дүрд тоглож чадах юм байна гэж бодсон юм уу
эсрэг талын дүр их ирдэг болсон. Энэ дүрээ би олон амжилтыг дагуулсан
гэж боддог. Эсрэг дүр жүжигчин хүнээс ур чадвар, дотоод мэдрэмжийг
шаарддаг.

Гэхдээ манай үзэгчид энэ ер нь л ийм хүн юм байна гэсэн сэтгэхүйгээр
хүлээж авдаг. Хэрэв өрөвдөлтэй хүний дүрд тогловол хөөрхий өрөвдмөөр хүн
гээд хүлээгээд авчихдаг. Гэтэл энэ бодит урлаг, уран бүтээлч хүн өөр
дүрд хувирч байгаа юм шүү гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ би эсрэг талын
дүрд тоглосондоо харамсдаггүй. Тухайн зохиолын дүр надад таалагдаад, би
үнэхээр тоглож чадахаар, бас надаас жүжигчин хүний хувьд их зүйл
шаардахаар бол би тэр дүрд тоглоход бэлэн! Хэдийгээр энэ кинонд тоглож
чадсан ч гэлээ тухайн үед зүрх үхэж уйлж явсан ч үе бий. Ядаргаанд
орсон. Ер нь жүжигчин хүн өөр өөр ертөнц, өөрийн гэсэн философитой.


-Өнөөдөр хүнийг бүх талын мэдлэгтэй байхыг цаг үе нийгэм шаардаж байна.
Таны хувьд өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэр цаг зав гаргадаг вэ?

-Ажил ихтэй учраас зориуд сургуульд суралцах боломжгүй. Тийм учраас
богино хугацааны цагийн багшийн сургалтад явдаг. Иогийн дасгал хийж,
усан бассейнд явах гээд залуу хүний хувьд эрүүл мэнд гоо сайхны тал дээр
ажлынхаа хажуугаар тодорхой цаг хугацааг зориулж байна. Дээр нь уран
бүтээлийнхээ ажлыг зохицуулж, аль болох бие дааж ажиллахыг чухалчилдаг.
Түүнээс сурахын тулд заавал сургалтын төлбөр төлж цагт баригдах биш,
хэдийд нь театрынхаа ажилд оролцох вэ, хэдийд нь гадны гэрээт кино
жүжиг, нэвтрүүлгүүдэд орох вэ гэдгээ өөрөө л зохицуулж явах хэрэгтэй.

-Та дээр хувийн амьдралдаа яарахгүй байгаа гэж ярьсан. Гэхдээ
хайр гэдэг гэнэт ирдэг. Тиймээс танд сэтгэлд тань таарсан магадгүй энэ
хүн л надад хань болчих юм байна гэсэн итгэлтэй хүн таарвал яаж хүлээж
авах вэ?

-Мэдээж тийм цаг мөч удахгүй ирэх байх л даа. Тэр асуудлыг тухайн үед нь
л шийднэ. Түүнээс гадна надад олон хүн сэтгэл шингэсэн маш гоё
бэлгүүдийг өгдөг. Тэр хүмүүс надад зориулж өгч байгаа учраас бүх бэлгүүд
нь таалагддаг. Яагаад гэвэл хүн хүндээ урам хайрлаж, урмын үгээр тэтгэж
бэлэг сэлт өгч байна гэдэг хүнд баяр баясгалан аз жаргал бэлэглэж
байгаагийн нэг илрэл юм. Үгээр хүнийг үхүүлж ч болно, алж ч болно гэсэн
хүчтэй үг байдаг. Түүн шиг би ч гэсэн бусдын адил тэдгээр хүмүүст эрч
хүч, энергитэй уран бүтээлээрээ бэлэг барьж тодорхой хэмжээний сэтгэлийг
нь баясгасан зүйл хийх дуртай. Тэдгээр уран бүтээлийг минь дэмжиж,
хайрлан хүндэлдэг хүмүүст үргэлж баярлаж талархаж явдаг.


-Нөгөөтэйгүүр мэргэжил нэгтнүүдтэйгээ зөвлөлдөж байж чанартай уран
бүтээл гардаг гэх. Таны хувьд бусдын зөвлөгөө, шүүмжийг хэр хүлээж авдаг
вэ?

-Уран бүтээлч хүнд хийсэн бүтээснээ дүгнүүлнэ гэдэг чухал мөч. Би үүнийг
чадчихлаа гэж бодохоос илүү үзэгчид, шүүгчдээс үг сонсч, дүгнэлтийг
авна гэдэг сайхан зүйл. Нэг уран бүтээлийн ард гарсны дараах үзэгчдийн
алга ташилтаас гадна шүүмжлэгчдийн шүүмжлэл, бусад найруулагч, хамт
олныхоо зөвлөгөөг авч ажиллана гэдэг сайхан. Хэрэв надад хүн юу ч
хэлэхгүй бол би өөрийнхөө зөв бурууг сайн ялгахгүй, эсвэл өөртөө
итгэлтэй байх тал дээр эргэлзээтэй байж болно шүү дээ. Тийм учраас уран
бүтээлд минь найруулагчид, хамтарч тоглож байгаа уран бүтээлчид, үзэгчид
санаа оноогоо хэлээд, сэтгэл санаагаа хуваалцахад би дуртай.

-Жүжигчин Отгонцэцэг амьдрал дээр ямар хүн бэ?
-Би хүн бүхэнтэй нээлттэй, илэн далангүй харьцдаг. Нүүрэн дээрээ галзуу юм шиг хэрнээ хачир дээрээ зөөлөн хүн.

-Хэдийгээр тухайн үед хичээж тоглож байгаа ч гэсэн хэсэг
хугацааны дараа би тэр хэсэгт тэгж тоглосон бол гоё болох байж дээ гэсэн
харамсал хааяахан төрж явдаг биз?

-"Орхидос" кинонд хойд эх Хандын дүр жүжигчин хүнээс маш их ур чадвар
шаардсан болохоор би хойд эх гэж бодолгүйгээр тоглосон. Надад байхгүй
бүхий л зүйлийг Хандын дүр надаас шаардсан учраас надад том сорилт
болсон гэж боддог. Энэ бүхнийг гаргах гэж их хичээсэн. Гэсэн хэдий ч
киноныхоо нэг хэсэг дээр би тэгээд тоглочихно яасан юм бол гэж цаг
үргэлж харамсдаг. Гэхдээ нэгэнт үзэгчдэд тэр чигээрээ хүрсэн учраас
миний сэтгэлд нууцаар үлдэг.  


-Анхны дүрээ амилуулаад тайзан дээр гарах агшинд юу бодогдов. Хэр сандарсан бол?

-Анх тайзан дээр гараад маш их сандарч байлаа. Харин одоо театрын үе
үеийн алдартай жүжигчдээс суралцаад сандарна гэсэн ойлголт үгүй болсон.
Ер нь бэлтгэлээ хангасан нөхцөлд сандарна гэж байхгүй. Хэрэв өөртөө
итгэл муутай, сэтгэл хангалуун биш тохиолдолд сандрахыг үгүйсгэхгүй.

Д.Нэргүй

Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж