Газар газрын шандаст хурдан Азарганы уралдаанд 60 азарга гарааны зурхайгаас хөдөлснөөс Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн халзан азарга түрүүлж уяасан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа. Ц.Хэнмэдэхийн халзан азарга “Нийслэлийн тэргүүн магнай хүлэг” шалгаруулах уралдаанд гурав түрүүлж, нэг аман хүзүүдээд байна. Мөн энэ жилийн “Дүнжингарав-2012”-т есөд, “Боржигон-2012” хаврын уралдаанд аман хүзүүнд хурдалсан байна.
Аман хүзүүнд Төв аймгийн Жаргалант сумын уяач Пүрэвийн халтар, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Туушин” ХХК-ийн захирал Н.Зоригтын хар хурдаллаа. Энэхүү азарга Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын унаган адуу бөгөөд өнгөрсөн жилийн “Нүүрэнтэйн их хурд” хаврын уралдаанд айргийн таваар хурдалж, энэ жил тус уралдаанд түрүүлсэн аж. Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантулгын халиу, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Чимэгбатын хонгор азарга айрагдсан байна. “Дүнжингарав-2012”-т 10-т хурдалсан байсан.
Их насны уралдаанд 110 морьд уралдсанаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уугуул, “Босоо хүлэг” галын уяач М.Энх-Амгалангийн хээр түрүүлж Архангай аймгийн “Унаган хурд” галын уяач Мөнгөншагайн хээр аман хүзүүнд, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Босоо хүлэг” галын уяач Ц.Бат-Энхийн цавьдар айрагджээ. Энэхүү морь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын унаган адуу аж. Айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул, “Босоо хүлэг” галын уяач М.Цэрэнжавын халтар, айргийн тавд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Наранбаатарын буурал айрагдлаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Юндэнгийн унагасан адуу бөгөөд Төв аймгийн Борнуур сумын уяач Сайнзаяа уяа сойлгыг нь тааруулжээ.
Монголчуудын хамгийн их бэлгэшээдэг соёолон насны уралдаанд газар газрын 60 гаран морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс Өвөрхангай аймгийн Арвай хээр сумын уугуул, “Босоо хийморь” галын уяач С.Түмэнбаярын бор түрүүлж уяасан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа. Сүхбаатар аймгийн унаган адуу аж. Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Баясгалангийн хүрэн, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Л.Сүрэнжавын халтар, айргийн дөрөвт Улаанбаатар хотын уугуул, “Цэцээ гүн” галын уяач Үнэнбатын хээр, айргийн тавд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул “Асар өргөө” ХХК-ийн захирал Наранбаатарын халиун тус тус айрагдан уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа. Халиун үрээ нь Төв аймгийн Жаргалант угшилтай бөгөөд уяа сойлгыг нь Төв аймгийн Борнуур сумын уяач Сайнзаяа тааруулсан байна.