Грекчүүд бүх нийтийн ажил хаялт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Грекчүүд бүх нийтийн ажил хаялт хийж байна

Грек зарлагаа багасгах арга хэмжээний хүрээнд төсвийн зарцуулалтаа танах төлөвлөгөөг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт Грект өрнөж байна. Тээврийн салбарынхан 48 цагийн хугацаатай бүх нийтийн ажил хаялт зарласантай холбоотойгоор галт тэрэг, нисэх онгоц, усан тээврүүд нам зогслоо. Олон улсаас Грект туслах 110 тэрбум еврог хүлээж авах шаардлагын хүрээнд Грекийн засгийн газар төсвөө танаж, зарлагаа бууруулах үүрэг хүлээсэн юм. Энэ арга хэмжээний талаар эцсийн шийдийг энэ долоо хоногийн сүүлээр болох Грекийн парламентийн хэлэлцүүлгээр шийдэх болно. Төсөв танах арга хэмжээний хүрээнд цалин нэмэхийг зогсоож, тэтгэвэр, нийгмийн халамжийг танах болно. Ингэснээр ойрын гурван жилд 30 гаруй тэрбум еврогийн хэмнэлт Грекийн засгийн газар хийх бөгөөд тэгж чадвал 2014 он гэхэд Грекийн засгийн газрын өрийг ДНБ-ний гурван хувьд барих болно. Одоогийн байдлаар Грекийн засгийн газрын өр ДНБ-нийх нь 13.6 хувьтай тэнцэж байна.

Энэ зуур одоо Германы парламент Грект өгөх тусламжийн асуудлыг хэлэлцэж байна. Европын бусад орнуудын удирдлагууд, сангийн сайд нартай хэлэлцэн хамтран гаргасан шийдвэрээ Германы Канцлер Angela Merkel парламентынхаа өмнө тайлбарлаж, хамгаалж, дэмжлэг авах хэрэгтэй байгаа.

Өнгөрсөн шөнө дундаас Грект нислэг зогсож эхэлсэн бөгөөд үүрээр, галт тэрэгнүүд, усан онгоцнууд байрнаасаа хөдлөөгүй байна. Грекийн сургууль, эмнэлэг, бусад олон нийтийн байгууллагууд өнөөдөр ажиллахгүй хаалттай байна. Улаанбаатарын цагаар үдэш буюу, Грекийн цагаар үд дунд өргөн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал нийслэл Athens хотод өнөөдөр зохион байгуулагдах гэж байна. Өчигдөр хэдэн мянган багш, оюутнууд оролцсон жагсаал парламентын ордны урдуур болсон бөгөөд тайван байдлаар эхлэсэн. Гэвч парламентын ойролцоо жагсаал тайван бус болж, жагсагчид цагдаа нарлуу чулуу шидэж, цагдаа нар нулимс асгаруулагч цацсан байна. Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа бодлогод орлого багатай Грекчүүд хэлмэгдэх болно гэж Үйлдвэрчний эвлэлүүд ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж