Шарын голын уурхай өнгөрсөн онд 350 мянган тонн нүүрс олборложээ. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлж, нэг саяд хүргэх зорилтыг тавьсан. Тэгвэл нэг сая тонн нүүрс жилд олборлоод байвал 190 жил хүрэлцэхүйц нөөцөө ЭБЭХЯамны улсын нөөцөд бүртгүүлжээ. Олон улсын JORK стандартаар бол 374 сая тонн, харин Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа стандартаар 198.1 сая тонн нүүрсний нөөцтэй Шаазгайтын ордын судалгааны ажил үндсэндээ дуусч, хөрс хуулалтын ажлыг энэ оны эхний хагаст багтаан хийхээр болжээ. Эхний зургаан сарын дотор нээхээр зэхсэн Шаазгайтын орд 23 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд эргэлтэнд орж эхэлснээс хойш хойд бүсийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэх юм. Мөн олборлосон нүүрсээ угааж, экспортонд гаргах төсөл нь боловсруулах шатандаа явж байгаа юм байна. Үүнээс гадна Шарын гол сумын нэрийн хуудас болсон Шарын голын уурхай 2012 онд хүнээ хөгжүүлэх, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилт тавьжээ. Тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд 400 орчим уурайчдаа мэргэжил бүрээр нь мэргэшүүлэх сургалтыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн байна. Тухайлбал он гарсаар даралтат сав, оосорлох механизм, төмөр зам, уурын зуухны сургалтыг зохион байгуулаад амжжээ. Үүнээс гадна 2011 онд үйлдвэрийн хүнд осол гараагүй амжилтыг үзүүлсэн гэдгээ дурдаж байлаа. Хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг гол болгон ажилласан байна. Өнгөрсөн онд хөдөлмөр хамгааллыг сайжруулах зорилт тавьжээ. Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээг жилийн туршид зохион байгуулж, хөдөлмөр хамгааллыг уурхайн хэмжээнд шинэ шатанд гаргасан байна. Ингэхдээ бусад уурхайн жишгээр туршлага судалж, нийт уурхайчин, ажиллагсадынхаа дунд төрөл бүрийн сургалт хийжээ. Мөн болзошгүй аюул, аваарын үед бэлэн байдаг аврах тасгийн алба хаагчдаа чадваржуулах, техник хангамжийг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлсэн гэж байлаа.
М.Дэлгэржаргал /дархан хот/