АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ асуудлын хүрээнд бүлгийн дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг нь ээлжит бус чуулганыг хаасны дараахан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод  “Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтран зохион байгуулах бэлтгэлийг хангах ёстой” гэсэн шаардлага хүргүүлсэн юм. Харин шаардлагын хариуг өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өгч, “Засгийн газар нь сонгуулийг зохион байгуулахад оролцох нь хууль зөрчсөн үйлдэл болно” гэж мэдэгдсэн билээ.

Энэ хариуг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд “Үндсэн хуульд заасан заалтыг Монгол Улсын Ерөнхий сайд хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ хуулийн хэрэгжилтийг хангаж чадахгүй гэж үзэж байгаа бол Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар асуудлыг тавих ёстой” хэмээжээ.

Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан Орон нутгийн сонгуулийг ирэх зургадугаар сард УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулах хүрээнд хэрхэн бэлтгэл хангаж байгаа талаар асуулга тавьсан. Тиймээс асуулгын хариуг хаврын чуулган эхлэхэд сонсох ёстой. Ирэх өдрүүдэд хуралдах бүлгийн хуралдаанд мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг байлцуулж орон нутгийн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор бэлтгэл хэрхэн хангаж, аймгийн Засаг дарга нарт хэрхэн үүрэг даалгавар өгч буй талаар нь мэдээлэл сонсох ёстой гэсэн шийдлийг ч бүлэг гаргажээ.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-ын гишүүн Х.Баттулга “Төмөр замын нууц” гэрээ гэх мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлжээ. Гэхдээ энэ талаарх мэдээллийг одоо Х.Баттулга гишүүн МоАХ-ны байранд сэтгүүлчдэд хийж буй учраас мэдээлэх боломжгүй хэмээн бүлгийн дарга хэлсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж