Монголбанкнаас их хэмжээний алт алдагдаж, уг хэрэгт хэд хэдэн хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьсон талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэднийг өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр цагдан хорьсон юм. Монголбанкны Валютын газрын Эрдэнэсийн сангийн нягтлан бодогч С.Цагаанхүү нарын гурван хүн, стандарчлал хэмжилзүйн төвийн ажилтан нарын дөрвөн хүнийг өнгөрөгч долоо хоногт цагдан хорих 461 дүгээр ангиас суллаж, батлан даалтад гаргажээ. Учир нь нэр бүхий дөрвөн хүний заримынх нь эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээн авсан байна.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас 20 кг орчим алт алдагдсан гэх хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Уг хэрэгт Монголбанк болон бусад газарт алт тушаадаг иргэн, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шалгах зүйл нэлээд байгаа аж. Одоогоор хэргтийг хэн үйлдсэн, ямар хэмжээний алт дутсан, тэр нь хэний үйл ажиллагаатай холбоотой байсан нь хангалттай нотлогдоогүй байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.
С.Отгон