Барак Обама, Д.Медведев нар уулзав

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Барак Обама, Д.Медведев нар уулзав

Өмнөд Солонгост болж байгаа цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болж байгаа. Тус уулзалтад оролцож буй АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар өнөөдөр уулзсан талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Төрийн тэргүүнүүдийн уулзалтад сэтгүүлчдийг оруулаагүй бөгөөд хоёр талаас албаны зарим хүмүүс оролцсон байна. ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд С.Лавров, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Приходько, “Росатом” улсын өмчит корпорацийн тэргүүн С.Кириенко, АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд С.Кисляк болон Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Н.Тимакова нар уулзалтад байлцжээ. АНУ-ын талаас Ерөнхийлөгчийн туслах Том Донилон, Эрчим Хүчний Сайд Стивен Чу, ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Макфол, болон Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Гэри Сеймур нар байжээ.

Уулзалт яриа хоёр цаг орчим үргэлжилсэн бөгөөд уулзалтын дараа хоёр гүрэн Сирийн асуудлаар НҮБ-ын тусгай элч Кофи Аннаны бодлогыг дэмжих болсноо сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Д.Медведев хэлэхдээ Сирид илүү хэцүү асуудал үүсгэхгүйгээр засаг захиргаа болон олон бүлгүүдийн хооронд болж байгаа иргэний дайныг шийдэж, тус улсад тайван байдал тогтоох талаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй санал нэгдлээ гэжээ.

Б.Обама “Сүүлийн хэдэн сард Сирийн асуудалд хандахдаа ОХУ болон АНУ өөр өөр үзэл бодолтой байсан. Одоо хоёр гүрний тэргүүнүүд НҮБ-ын чиглэлийг баримтлан, цус урсгасан зөрчилдөөнийг зогсоохоор зөвшилцлөө” гэж хэлсэн байна.

Түүнчлэн хоёр их гүрэн Хойд Солонгосын пуужин хөөргөх төлөвлөгөөнд сануулга өгөхөөр шийдсэн гэжээ. Д.Медведев “Хойд Солонгос пуужин хөөргөх төлөвлөгөөнөөсөө татгалзах хэрэгтэй. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл болно” гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.

Төрийн тэргүүнүүд мөн Ираны цөмийн асуудлыг дипломат замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Б.Обама “Ираны цөмийн асуудлыг шийдэх дипломат аргыг хайх хэрэгтэй гээд олон улсын үүрэг нь улс орнуудын хамтын ажиллагаанд атомын энергийг энхийн үйлст зориулах болохоос цөмийн зэвсэг хөөцөлдөх биш” гэж онцолжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж