Өнгөрөгч ням гаригт буюу 3-р сарын 25-ны өдөр Ардчилсан Намын “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хувьсгал” хөтөлбөрийг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос эхлүүллээ. Хэдийгээр амралтын өдөр байсан боловч Өвөрхангайчууд “Эдийн засгийн хувьсгал”-ын нээлтийн ажиллагаанд маш идэвхтэй оролцож, аймгийнхаа ирээдүйн төлөв, эдийн засгийн нөөц бололцооны талаархи илтгэлүүдийг сонирхон сонссон байна. Өвөрхангай аймаг болон Арвайхээр хотын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн тухай Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат илтгэл тавьж аяны үйл ажиллагааг эхлүүлсэн бол Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Т.Хасбаатар Арвайхээрийн хот төлөвлөлтийн бодлогын сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан байна. Мөн эдийн засаг бизнесийн хөгжилд саад тушаа болж байгаа хүнд суртал, авлига зэрэг сөрөг үзэгдлүүдийн тухай Өвөрхангай аймгийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхбаярын “Шударга ёс, хариуцлага” илтгэл болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, орон нутгийн зонхилох аж ахуйн хэвшил дээр суурилж үйлдвэржилтийг хөгжүүлэх боломжийн тухай өгүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн Хөрөнгө оруулалт,санхүүжилтийн газрын эдийн засагч Б.Оргилын “Үйлдвэржилт” сэдэвт илтгэлүүд иргэдийн анхаарлыг татжээ. “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” гэсэн уриан дор явагдсан энэ үйл ажиллагааны үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нээж үг хэлэхдээ, “Бидний 20 жилийн өмнө эхлүүлж байсан ардчилсан хувьсгалын дараагийн үе шат нь эдийн засгийн эрх чөлөөг олгох хувьсгал байх болно гэж Ардчилсан Нам үзэж байгаа учраас энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм” гэв. “Эдийн засгийн хувьсгал”-ын нээлтийн үйл ажиллагаад Ардчилсан Намын удирдлагууд болон УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гишүүн Д.Зоригт, З.Энхболд нар оролцож, үг хэлсэн байна.
М.НАСТ