“Худалч залуу” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Худалч залуу” өнөөдөр нээлтээ хийнэ

“Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүүгийн тоглосон “Худалч залуу” инээдмийн шинэ кино өнөөдөр “Тэнгис” кино театрт 17.00 цагт албан ёсны нээлтээ хийх гэж байна. “Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн киноны гол дүрд жүжигчин Т.Бархүү, “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн болон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү, С.Хүрэлхүү болон Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Ё.Алтангэрэл, Б.Отгонбат, “ТВ Коктейль”-ын жүжигчин Ж.Цэнд-Аюуш гээд хошин урлагийнхан энэхүү бүтээлд нэгджээ. Өнгөрсөн долоо хоногт кино театруудаар гарч эхэлсэн уг бүтээл үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа гэнэ. Кино бүтээгчдийн зүгээс өөрсдийн энэхүү бүтээлээрээ дамжуулан өнөөгийн Монгол залуусын амьдралын гэгээлэг зүйлсийг тод томруун, хөгжилтэй байдлаар илэрхийлэхийг зорьсон аж.

Гантөгс гэгч залуу хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөө нутгаа орхин хотод ирнэ. Тэрээр Монголд хэзээ ч гарч байгаагүй даатгалын цоо шинэ үйлчилгээг санаачилна. Гэвч түүнийгээ ажил болгоход тийм ч амар байсангүй. Гантөгсд мөнгө хэрэгтэй байлаа. Өөртөө байгаа бүх эд хөрөнгөө зарсан боловч бас л дутсаар… Харин тэрбээр эцсийн аргаа хэрэглэж аав, ээждээ эхнэртэй болж байна, хоёр өрөө байрны мөнгө яаралтай явуул хэмээснээр киноны үйл эхлэнэ. Гантөгсийн бодсоноор, ажил сайхан бүтэж байтал гэнэт аав нь шинэхэн бэртэйгээ танилцахаар хотод ирнэ. Эхнэр авах байтугай байр сууц ч үгүй, бүх хөрөнгөө шинэ үйлчилгээндээ зориулчихсан Гантөгс сандрахын эрхэнд, найз Бямбаа ахынхаа байрыг өөрийн байр, эхнэрийг нь өөрийн эхнэр болгох арга сэднэ. Аавдаа баригдахгүйн тулд янз бүрийн арга саам зохиовч худал ярианы үнэн илрэх гэж түүнийг зовооно. Энэ бүх адармаатай байдлаас хэрхэн мултрахыг "Худалч залуу" киноноос үзээрэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж