Хятадын Ардын банктай мөнгөн тэмдэгт солилцоно

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Хятадын Ардын банктай мөнгөн тэмдэгт солилцоно

Монголбанк Хятадын Ардын банктай мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээнд энэ сарын 21-нд Бээжинд гарын үсэг зурсан талаар Хятадын “China daily” сайтад мэдээлжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиао Чуан нар Бээжин хотноо үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 5 тэрбумаас 10 тэрбум юань, 1 их наяд төгрөгөөс 2 их наяд төгрөг болгож нэмэгдүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зуржээ.

Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлснээр хоёр улсын төв банк хоорондын хамтын ажиллагаанд чухал алхам болоод зогсохгүй хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад гол хөшүүрэг болно хэмээн хоёр тал онцолж байна.

Монголбанк Хятадын Ардын банктай 2009 оноос хойш хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж ирсэн юм. Хятадын юань Монгол Улсын валютын зах зээлд идэвхитэй арилжаалагддаг хоёр дахь гадаад валют юм. Монголбанк Хятадын мөнгөн тэмдэгт юанийн нөөцийг бүрдүүлснээр арилжааны банкуудын юаниар төлбөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл гарч валютын дотоодын захад тогтворгүй байдал үүссэн тохиолдолд захад юанийг шуурхай нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх боломжтой болох аж. 

2008  оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш БНХАУ хөрөнгө оруулалт, худалдаан дахь ам.долларын хэрэглээг бууруулахын тулд БНСУ, Хонконг, Беларусь, Аргентин зэрэг 16 оронтой нийт 1.3 их наяд юанийн своп хэлцлийн гэрээ байгуулсан байна.

Н.Энх  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж