Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тус хуралдаанаар бүлгийн гишүүдийн тойрогтоо ажилласан талаарх мэдээллийг сонсож байгаа гэх тайлбарыг бүлгийн ажлын албаны зүгээс өгсөн ч, чанд хатуу хамгаалалт дор хуралдаж буй нь үүнийг үгүйсгэхэд хүргэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “УИХ-ын гишүүн Х.Баттулга нь хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байхдаа Хятад, Солонгосын хамтарсан консерциумтай төмөр замыг хөгжүүлэх төсөл дээр хамтран ажиллахаар нууц гэрээ байгуулсан байсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон” гэж мэдэгдсэн билээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга нь түүний олонд дэлгэсэн “Төмөр замын нууц гэрээ” гэх шуугианы талаар энэ долоо хоногоос эхлэн үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх болно гэж хэлсэн нь энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэхэд хүргэсэн байж болох талтай гэх таамаглал мөн Төрийн ордонд тархаад байна. Гэхдээ бүлгийн хуралдаан дууссаны дараа албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж