“Asia Mining Awards”-т монголчууд ноёрхлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Asia Mining Awards”-т монголчууд ноёрхлоо

Өнгөрсөн долоо хоногт Хонконг хотноо “Mines and Money Hong Kong 2012” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тав дахь удаагийн чуулга уулзалт болж өнгөрлөө. Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк гээд нийт 2500 орчим төлөөлөгч оролцсон уг чуулга уулзалтыг Mongolian Mining Journal сэтгүүлийн баг гурав дахь жилдээ сурвалжиллаа. 

Энэ жилийн “Mines and Money Hong Kong 2012” чуулга уулзалтын нэг онцлог нь анх удаа “Asia Mining Awards”-ыг зохион байгуулсан юм. Чуулга уулзалтын сүүлийн өдөр буюу 22-нд Азийн уул уурхайн салбарын шилдгүүдийг нийт 6 номнинациар шалгаруулсан. Анхны “Asia Mining Awards”-т Монгол болон Австрали илт давамгайлжээ. Таван номинацид нь Монголтой холбоотой компаниуд ялсан нь Монгол Азийн төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт анхаарлын төвд орсон, гол тоглогч орон болсон гэдгийг харуулж байна.

Ингээд номинаци тус бүрд ялагчдыг танилцуулъя.
Оны шилдэг нээлт- Австралийн Indochine Mining компани, Камбоджид алт зэсийн том нөөц илрүүлснээрээ уг номинацид шалгарсан байна

Оны шилдэг гэрээ хэлцэл- "Хүннү Коал". Австралид төвтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг уг компани Австралийн бирж дээр 0,20 австрали доллараар IPO  хийж, 18 сарын дараа 1,80 австрали доллараар буюу компанийнхаа үнэлгээг 9 дахин өсгөн Тайландын "Банпу"-д зарагдсан нь оны шилдэг хэлцэл болсон байна.

Оны шилдэг төслийн хөгжүүлэлт- Монголын “Оюутолгой” төсөл. Ирэх жилээс олборлолт нь эхлэх “Оюутолгой” төсөлд нийтдээ 4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа.

Оны шилдэг сангийн менежер- "Файрбөөрд глобал сан"-гийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг, менежер Жеймс Пассин. 2010 онд Монголд  Mongolia Fund Class A санг байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сангийн хөрөнгө нь 161 хувиар өссөн бол 2011 оны нэгдүгээр улиралд 90 хувиар өссөн байна.

Оны шилдэг уул уурхайн орон- Монгол. Сүүлийн хэдэн жил дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг эхлүүлснээрээ уул уурхайн салбарын мэдээллийн цөм нь болж чадсан орон.

Оны шилдэг хүн- Роберт Фрийдланд. "Айвенхоу Майнз”-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал. Дэлхийн уул уурхайн хамгийн сонирхол татахуйц төслийг нээж, эхлүүлсэн.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж