Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн Ц.Нямсамбуу:
-Би хувийн хэвшилд ажиллаад 20 гаруй жил болж байна. Ажил олгогч эздийн холбоо байгуулагдаад мөн 20 жил болжээ. Энэ хугацаанд Монголд бизнес эрхлэхэд хичнээн хүнд болохыг, ажил олгогчдод ямар бэрхшээл тохиолддогийг андахгүй сайн мэднэ. Ажил олгогч эзэд, компанийн захирлууд нэгэн сэтгэлээр нэгдэн нийлсэн анхны тохолдол энэ буй заа. Монголын компаниуд хамтран нэгдсэнээр Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх хэмжээний тамир суужээ. Энэ нэгдэл амжилт олж хөгжин дэвжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Харин ахмад хүний хувьд анхааруулж хэлэх хэдэн зүйл байна. Нэгдүгээрт энэхүү нэгдэл цаг хугацааны хувьд яг зөв үед нь ажлаа эхлүүлж байна. Хоёрдугаарт, Засгийн газар үндэсний компаниудаа дэмжих магадлал тун өндөр байна. Мөн олон нийтийн зүгээс ч “Одоо л нэг өөрийн хүмүүс өөрсдийнхөө төлөө ажилладаг болох нь” гэсэн итгэл төрж байна. Дөрөвдүгээрт монголчууд бидэнд нэг муухай зан байдгийг мартаж болохгүй. “Тамын тогооны үлгэр” гэж нэрлэдэг дээ. Үүнд орчихолгүй энэхүү нэгдлээ улам дэвжүүлэхийг хүсье.
Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү:
-500 жилийн тэртээ хөрөнгийн бирж үүсэн байгуулагдсан түүх яг энэ удаагийн компаниудын нэгдэлтэй адилхан байдаг. Монголчууд бид банкны хүүтэй зээлээр бус өөрсдийн хөрөнгөөр, итгэлцэл дээр хөгжих эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Энэхүү үндэсний компаниудын нэгдлийн хувьцааны арилжааг маргаашаас эхлүүлсэн ч бид бэлэн байна. “Монгол-999”-ийнхөн маань зөвхөн Тавантолгойд төдийгүй зуд болохоор зутарчихдаг малчдынхаа төлөө, монгол гурилаар ард олноо тэжээх тариаланчдын төлөө хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө зориулдаг өргөн хүрээтэй томоохон корпораци болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр уул уурхайн салбарын хөгжлөөр нь улс орнуудыг хоёр хуваадаг юм байна. Эхнийх нь хөрөнгө нь баялаг нь байгаа ч хөгжүүлж ашиглаж чаддаггүй бол удаах нь хөрөнгө баялаггүй ч бусдын баялагаар хөрөнгө босгогчид юм. Бид эхний зэрэглэлд нь багтана. Өнөөдөр дэлхийн томоохон биржүүд дээр Монголын баялгаар хөрөнгө босгодог 27 компани бий. Тэднээс дутахааргүй хөрөнгө босгох чадамжтай үндэсний компани байгуулагдсанд маш их баярлаж байна.
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар:
-Өнөөдрийн энэ үйл явц гадаадын зөвлөх нэрээр орж ирдэг эдийн засгийн алуурчдад маш том цохилт өглөө. Гадаадынхан төдийгүй саарал ордонд ч шоконд орсон хүн ч цөөнгүй байгаа. Барьцаа улам чангатгаж зорилгодоо хүрэх хэрэгтэй. Тавантолгойг 100 хувь төрийн өмчит компани байна гэж Засгийн газар зарлалаа. Энэ бол том дэвшил. Төрийн өмч гэдэг бол угтаа ард түмний өмч. Төр бол өмчгүй, ард түмний өмчийг ашигтай зарцуулах л үүрэгтэй байгууллага. Төрийн өмчийн хороог ч Ард түмний өмчийн хороо болгох хэрэгтэй гэсэн юм.
Компани том ч бай, жижиг ч бай улсад татвар төлж байдаг. Тэр утгаараа бол төрийг тэжээгчид нь хувийн хэвшлийнхэн. Гэтэл манай улсын хууль эрхзүйн орчноос шалтгаалан Хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу ХХК-ийнхан төрийн албаныхны буулган доор аж төрж байгааг ч энэ үеэр хөндөн өгүүлж байсан. Энэхүү дарамт шахалтаас залхсан зарим нь улстөрчдийн халаас руу үсрээд орчихдогийг ч зогсоох цаг болсон гэдэгтэй захирлууд санал нэг байсан юм. Ямартай ч хувийн хэвшлийнхэн хэний ч захиалгагүйгээр эвлэлдэн нэгдлээ.Тэдний хуралдааны нээлт дэглэлт, жүжиглэлгүйгээр өрнөсөн бөгөөд маргааш Соёлын төв өргөөнд үргэлжлэхээр болсон.Тэд маргааш “Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-ийн дүрмийн төсөл, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг хэлэлцэж, компанийн Хяналтын зөвлөл болон ТУЗ-ийн гишүүдээ нэр дэвшүүлэн сонгох юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг уриа энэ түүхэн үйл явдалд л яг зохихоор байлаа. Одоо уриаг ажил хэрэг болгох л үлдлээ.
Д.Цээпил