Эмэгтэйчүүдийн “нандин” ертөнцөд тухаллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн “нандин” ертөнцөд тухаллаа

МУЭ-ийн танхимд чөлөөт уран бүтээлч О.Үржинханд, Л.Хонгорзул нарын хамтарсан “Нандин” үзэсгэлэн өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь эмэгтэй уран бүтээлчдийн нүдээр эмэгтэй хүний эрхэм, нандин, ертөнц гоо сайхан, баяр жаргал, уйтгар гуниг, хүсэл тэмүүлэл, эрч хүчийг тод өнгөөр дүрсэлсэн орчин үеийн монгол зургийн өнгө төрх, утга агуулгыг бүрэн шингээсэн бүтээлүүд тавигдсан байлаа. Үзэсгэлэнд зураачдын 2010 оноос хойш зурсан 40 гаруй уран бүтээлийг дэлгэжээ.

Зураач О.Үржинханд гурван хүүхдийн ээж. Тиймдээ ч бүтээлүүддээ үр хүүхдээ хайрлан, амьдралын төлөө зүтгэж буй ээж, анхныхаа үрийг элгэндээ тэврээд мишээж байгаа эмэгтэй хүнийг уран зургийн аргаар гайхалтай дүрсэлсэн байв. Эмэгтэй хүн бүр гоёл чимэглэлд дурладаг. Харин түүний дүрсэлсэн энгэрийн зүүлтний сонголт их өвөрмөц. Эх хүн бүр л үр хүүхдээрээ тэднийхээ бүх л зүйлсээр энгэрээ чимдэг аж. Мөн тэрбээр уран бүтээлүүдээ туурвихдаа нүд, тойрогт голчлон тусган илэрхийлжээ. Энэ нь ч санаадгүй нэгэн сонголт биш гэнэ. Зураач О.Үржинханд нүд бүхний толь байдаг учраас ийнхүү уран бүтээлдээ түлхүү тусгадаг хэмээн ярьсан юм. Түүний уран бүтээлүүдээс гэр бүлийн үнэ цэнэ, нандин бүхнийг олж харж болохоор байлаа. Учир нь “хүлээлт” хэмээх зурагтаа эмэгтэй хүний хувьд хүлээлт бол хэцүү, хатуухан мэт зүйл ч тэр хар бодлыг тойрон хүрээлж байдаг гал халуун бодлууд хөвөрч байдаг гэсэн санаа илхэн байсан. Түүнчлэн, “Аавын эзгүйд”, “Хэзээ ирэх юм бэ”, “Хэр удаан”, “Итгэл сэтгэлийг минь бүү бар”, “Илүү харж, билүү долоогч”, “Аз жаргалын эрэлд”, “Удахгүй” бүтээлүүддээ Үржинханд зураач өнөөгийн нийгэмд байгаа харь орныг зоригч залуус, аавууд тэдний ард хүлээн буй гэр бүлийн амьдралыг харуулжээ. Харин “Миний гарт” нэртэй бүтээлдээ эмэгтэй хүний ар гэрийн ямар том үүрэг хариуцлагыг өөртөө үүрэн сэтгээлдээ баяр жаргал, үр хүүхэд, эр нөхөр, тэнгэрлэг хийгээд хар бараан юу эс тээж явдагийг харуулжээ.

Харин зураач Л.Хонгорзул эмэгтэй хүний уян хатан хөдөлгөөн, гоо сайхныг уран бүтээлдээ товойлгон дүрсэлсэн байлаа. Тэрбээр “Эр хүний тухай” гутлаар нь төлөөлүүлэн харулсан бол “Уураг тархи”, “Эвтэй байцгаая” бүтээлүүддээ эмэгтэй хүний гоёмсог гайхан гарыг магтан дуулж, “Гоё хөл”, “Амьдралын зам”-ыг эмэгтэй хүний уран сайхан хөлөөр дүрсэлсэн байв. Өнгө будаг сүлэлдсэн хоёр уран бүтээлчийн “нандин” ертөнцөд тухлан аялалаа.

“Нандин” ертөнц зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү
Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж