Орон сууцны үнэ хэд байна вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ хэд байна вэ?

“100 мянган айлын орон сууц ” хөтөлбөрт хамрагдан орон сууцтай болохыг хүсэгчид байрны үнэ ханш, нөхцөл ямар байгаа, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг хамгийн их сонирхож байгаа. Тэдний хувьд эдгээр мэдээллийг олж авах боломжтой “Шинэ орон сууц -2012” үзэсгэлэнг Барилгын мэдээлэл сургалт сурталчилгааны “Координат Инфо” компаниас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа. Үзэсгэлэнд нийтдээ 40 гаруй компани оролцож, 32 барилгын компани 45 хотхон, хорооллынхоо талаар мэдээллийг танилцууллаа. Ингээд та бүхэнд хэрэгтэй мэдээллийг багцлан хүргэж байна.  

Орон сууц ямар үнэтэй байна вэ?

Үзэсгэлэнг сонирхохоор ирэгсэд юуны түрүүнд тухайн барилгын компани “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан эсэхийг хамгийн ихээр сонирхож байсан болохоор уг хөтөлбөрт хамрагдсан компанийн танилцуулга тараагч, менежерүүд энэ үзэсгэлэнгийн хамгийн завгүй хүмүүс байв. Тэднээс  иргэд байрны чанараас эхлээд хамгийн гол нь урьдчилгаа хэдэн хувийг төлөх, “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-ийн бас нэг гол нөхцөл болсон 55 метр квадрат хүртэлх байр байгаа эсэхийг давтан асууж байлаа. Харамсалтай нь, энд танилцуулсан орон сууцнуудаас жижиг квадрат метртэй буюу “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт заасан 55 м.кв-д багтах байр тун цөөхөн байлаа. 

Орон сууцны дундаж үнэ нь метр квадрат нь 1,4-1,7 сая төгрөгийн үнэтэй байлаа. Хамгийн үнэтэй орон сууц нь  “Номин констракшн” компанийн  River Garden  метр квадрат нь хоёр сая 300 мянган төгрөг аж. Хатан Туул голын хөвөөнд сүндэрлэх энэхүү тансаг өргөөнд иргэд жилийн 0,6 хувийн хүүтэй зээлд хамрагдан орох боломжгүй гэнэ. Учир нь энэ байрны хамгийн жижигхэн нь гэхэд 125 метр квадрат байдаг аж.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан “Өндөр буянт холдинг” компанийн “Happy town” хотхон нь 2013 оны  III улиралд ашиглалтад орох бөгөөд нэг метр квадрат нь 1,5 сая төгрөг аж. Баянзүрх дүүрэг Кино үйлдвэрт байрлалтай энэ хотхонд одоогийн байдлаар 360 айлын захилга авах гэнэ.

Сонгинохайран дүүрэгт байрлах “Орчлон” хорооллын байрны нэг метр квадрат нь нэг сая 195 мянган төгрөг гэнэ. Иргэд энэхүү хорооллын метр квадратын үнэ нь хямдхан байна гэж ихэд сонирхсон боловч гурван өрөө гуравхан байр л үлдсэн гэж менежер учирлав.

Одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа “Есөн бүрд” компанийн Баянгол дүүрэг олны нэрлэж заншсанаар Модны 2-т буюу “Оюуны ундраа” цогцолборын хажууд байрлах байр иргэдийн анхаарлыг татаж байлаа. Гэвч 42,79 метр квадрат байр авлаа гэхэд зээл олгох дээд хэмжээ буюу 50 сая төгрөгөөс илүү гарсан 16 сая төгрөг мөн зээлийн урьдчилгаа 10 хувиа төлж байж л “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдана гэсэн үг.

Хамгийн олон захиалагч авах буюу 4500 айлын захиалга авах X хороололд байрлалтай “Golden Park” хотхоны байруудын нэг метр квадратын үнэ нь 1,499 мянган төгрөг аж. Мөн нэгдүгээр давхарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжтой байр нь 1,699,000 төгрөг аж. Дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн ч менежр бүсгүй “Танилцуулга тараахаас өөр зүйлийг би мэдэхгүй. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй” гэлээ

Үзэсгэлэнд оролцож байгаа барилгуудаас 55 м.квадратад багтах хэмжээтэй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан “Грийн ресурс констракшн”-ы байранд иргэд ам сайтай байлаа. Өгөөмөр захын ойролцоо баригдаж байгаа энэ барилгын метр квадрат нь 1,4 сая төгрөгийн үнэтэй. Мөн 30 м.кв-42 м.квадратын дөрвөн төрлийн орон сууцнаас сонголтоо хийх боломжтой гэнэ.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн ч бүтэхгүй шинжтэй гэж харамсан зогсох Ж. Алтанцэцэг “Би “Форстихоорс” компанийн ерөнхий менежрээр ажилладаг. Олон жилийн турш яригдаж ирсэн энэ хүү багатай зээлийг хүсэн хүлээсээр ирсэн. Охин маань сэтгүүлчээр ажилладаг. Бид хоёрын цалин арай гэж л сардаа 700 мянга хүрдэг. Өмсч идэх нь ч яахав өөрийн гэсэн байртай болох нь гэж баярлаж байтал 50 саяд багтах байр үнэндээ алга. Уг нь цагаан сарын баярын өмнө судлахад байрны м.квадратыг 1,1 сая төгрөгт багтаан таалагдсан байраа авах боломжтой байсан. Гэтэл одоо нөгөө сонирхсон байр маань 1,77 сая төгрөг болсон байна. Тооцоод үзсэн чинь 76 сая төгрөг болж байна. Гэтэл надад бэлэн 26 сая төгрөг алга. Дээрээс нь бас заавал 30 хувийн урьдчилгаа авна гэнэ. Тиймээс охин бид хоёрын байртай болох хүсэл мөрөөдөл хэвээр үлдэх нь тодорхой боллоо” гэж байлаа.

Барилгын компаниуд үнээ яагаад нэмсэн бэ?

Хоёрхон сарын дотор байрныхаа нэг квадрат метрийн үнийг 100- 400 мянган төгрөгөөр нэмснээ үзэсгэлэнд оролцож байгаа барилгын менежрүүд “Барилга дуусах шатандаа ороод гаднах хүлэмж, пассад, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах зэрэг ажлын мөнгийг нэмж авч байгаа юм. Угаасаа л оны эхэнд байрны үнэ нэмэгддэг. Өнгөрсөн оныхтой харьцуулбал барилгын материал харьцангуй нэмэгдсэн” гэж тайлбарлав. Үнэн хэрэгтээ Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэж зарласнаар эрэлт огцом нэмэгдэж, худалдан авагчгүй болоод байсан барилгын компаниуд ийнхүү үнээ өсгөсөн гэж хэрэглэгчид гомдоллож байлаа.

Капитал банк зээлийн журмаа баталжээ

Барилгаа компаниуд орон сууцаа сурталчилж буйтай зэрэгцэн Капитал банкны ажилчид иргэдэд мэдээлэл өгч байлаа. Тус банк нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор зээлийн журмаа баталжээ. Дээрх хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд Капитал банкинд дараахи материалыг бүрдүүлж өгөх ёстой. Одоогийн байдлаар тус банкинд 0.6 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй 40-өөд иргэн материалаа ирүүлээд байгаа аж.

Орон сууц худалдан авах зээлдэгчид тавих шаардлага:

  • Банкны салбар, нэгжийн оршин буй тухайн орон нутгийн байнгын оршин суугч байх,
  • Сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр тогтвор суурьшилттай ажиллаж байгаа, цаашид тогтвортой ажиллах,
  • Хувиараа бизнес эрхлэгч бол сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагааг тогтортой эрхэлсэн, үйл ажиллагааны орлогоо баримтаар баталгаажуулсан байх,
  • Хэвийн зээлийн үлдэгдэлтэй байж болох бөгөөд зээлдэгчийн бүх зээлийн төлбөрийг өрийн дүнд оруулан тооцсон байх,
  • Өрхийн өр, орлогын харьцаа татварын дараах орлогын 45 хувиас ихгүй байх,
  • Хамтран зээл хүсэгч нь зээл хүсэгчийн гэр бүлийн гишүүн байх бөгөөд тухайн зээлийн зээл, хүүний төлбөрийг хамтран төлөх санхүүгийн чавартай байх /Гэр бүлийн гишүүд гэдэгт эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч хамаарна/,

Зээл хүсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Зээл хүссэн өргөдөл
  • Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн анкет,
  • ЦЕГ-н тодорхойлолт / нэг сарын дотор авсан байх/,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тодорхойлолт / нэг сарын дотор авсан байх,
  • Байнга оршин суугаа Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/ 14 хоногийн дотор авсан байх,
  • Түр барьцаа хөрөнгийн хувьд Улсын бүргэлийн ерөнхий газраас авсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /14 хоногийн дотор авсан байх,
  • Дундын өмчлөлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих бол энэ талаархи гэр бүлийн гишүүд, хамтран өмчлөгч нарын бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, итгэмжлэл,
  • Орлого нотлох бусад баримт буюу харилцах, хадгаламж, картын дансны хуулга, банкнаас шаардсан бусад бичиг баримт,

Цалинтай холбоотой бүрдүүлэх бичиг баримт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажсан хуулбарыг эх хувьтай тулгаж авах /сүүлийн хоёр жилийн хугацаан төлсөн НДШ болон ажил албан тушаалын өөрчлөлтийн хавсралтын хуулбар/,
  • Ажил олгогч байгууллагад үндсэн ажилтнаар ажиллаж байгаа хугацаа болон сарын дундаж цалингийн тухай ажлын газрын тодорхойлолт,
  • Хөдөлмөрийн гэрээ,
  • Ажлын газрын үнэмлэхний хуулбар,
  • Бусад цалин, орлогыг батлах баримт,
  • Хийснээр цалинждаг, улирлын чанарттай ажилтай тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт,

Хувиараа бизнес эрхэлдэг бол

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ҮТЕГ-ын улын бүртгэлийн албаны тэмдгээр баталгаажсан хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчдын хооронд хийсэн гэрээ /Нотариатаар баталгаажсан хуулбар/,
  • Сүүлийн хоёр жилийн татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан,
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт /Нотариатаар баталгаажсан хуулбарыг эх хувьтай нь тулгаж авах/
  • Эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг батлах батлах бусад баримт, /нэг жил таван сараас доошгүй хугацаанд/,
  • Өрхийн болон бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын баримт, үр ашгийн тооцоо болон бараа материалын үлдэгдлийн тайлан, орлого зарлагыг тэмдэглэсэн хувийн тэмдэглэл, татвар төлөгчийн цэнхэр дэвтэр,

Хамтран зээл хүсэгчийн зүгээс бүрдүүлэх бичиг баримт

  • Хамтран зээл хүсэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил орлогоо тодорхойлох,
  • Зээлдэгч болон хамтран зээл хүсэгчийн хоорондын холбоог тодорхойлох,
  • Хамтран зээл хүсэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил бичиг баримт бүрдүүлнэ.
  • ОССК-ын тавьж буй шаардлагад нийцсэн иргэд дээрх байдлаар банкинд бичиг баримтаа бүрдүүлж өгөх юм байна. Энэ долоо хоногийн байдлаар ОССК-д “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт  хамрагдахыг хүссэн 130 орчим иргэн бичиг баримтаа ирүүлээд байгаа ажээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж