“Төмөр хатагтай” яагаад Оскарын шагнал хүртсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Төмөр хатагтай” яагаад Оскарын шагнал хүртсэн бэ?

“Хэрэв бид зардлаа ба­гас­гахгүй бол дампуурна. Энэ бол өвчтэй хүн амьд үл­дэхийн тулд гашуун эм уух­тай адил зүйл. Бид улс ор­ноо хэрхэн сүйрэхийг хара­хын төлөө сонгуульд ялах шаардлагагүй”. Энэ бол Мар­гарет Тетчэрийн тойрон  хү­рээлэгчдэдээ хандаж хэлсэн үг. Консерватив намын гишүүд мөн­гө хэмнэхийн төлөө төр­сөн мэт аягладаг Ерөнхий сайд­даа хандаж, “Төсвөө энэ хэ­вээр танавал удахгүй болох сонгуульд ялагдахаас өөр гарц­гүй” хэмээн тайлбарлаж бай­жээ. Гэвч М.Тетчэр байр суурь дээрээ хатуу зогсоно гэдгээ илэрхийлж байгаагаар “Төмөр хатагтай” киноны хэсэгт дүрсэлдэг. Найруулагч Пил­­лида Ллойлын энэхүү бү­тээ­лийн гол дүрд тоглосон Мерил Стрийп Оскарын шаг­нал хүртсэн билээ. Тэр үнэхээр сайн жүжиглэсэн. Гэх­дээ түүний бүтээсэн дүр нь Их Британи төдийгүй дэл­хийн хэмжээнд нөлөө­лөхүйц олон чухал шийдвэрийг гаргасан хүн гэдэг утгаараа илүү ач холбогдолтой байсан. Ерөнхий сайд байх үедээ гар­га­сан М.Тетчэрийн олон шийдвэр өнөөдөр ч дэлхийн эдийн засагт нөлөөлсөн хэвээр байна. “Төмөр хатагтай” кино хүмүүсийн анхаарлыг татахад хүргэсэн нэг шалтгаан энэ ч байж болох юм.

Маргарет Тетчэр Их Бри­та­нийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд. Тэрбээр гүйцэтгэх за­саглалын тэр­гүүнээр хамгийн удаан буюу 11 жил ажилласан. Түү­­ний тэргүүлж байсан Кон­­сер­ватив нам сонгуульд гур­­ван удаа дараалан ялалт бай­гуулсан юм. Хүйтэн дайны гал мөхөөгүй байх үед оросууд М.Тетчэрийг “Төмөр хатагтай” хэ­мээн нэрлэж байсан нь хо­жим түү­ний мөнхийн алдар болж үлджээ. Харин “Төмөр ха­тагтай” кинонд нэгэн цагт олон хүнийг айлган, бас бишрүүлж байсан хүчирхэг эмэгтэй одоо жирийн нэгэн хүн болж хувирсан тухай харуулдаг. Киноны эхэнд нөхөртэйгээ дөн­гөж танилцаж байх үедээ М.Тет­чэр “Би нөхрийнхөө сүү­дэр дор амьдарч, аяга угаахын төлөө төрсөн хүн биш.

Би энэ улсын төлөө өөрий­гөө зориулна” хэмээн хэлдэг. Харин киноны төгсгөлд нас барсан нөхрийгөө амьд мэ­тээр төсөөлж, түүнтэй үр­гэлж ярилцан ганцаардмал байд­лаасаа ангижрахыг оролддог настай эмэгтэй цайны аягаа өөрөө угаачихаад цааш явж бай­гааг харуулсан юм. Өөрийг нь ийнхүү өвчтэй, ган­цаард­мал хүн болгож ха­руул­санд өдгөө 87 настай жинхэнэ М.Тетчэр нэлээд гом­дол­ложээ. Их Британийн Ерөн­хий сайд Дэвид Кэмерон “Түү­нийг амьд байсаар байтал сэтгэ­цийн өвчтэй болсон мэтээр дүр­сэл­сэн нь хүнлэг биш хэ­рэг боллоо” хэмээн үүнийг бас шүүм­жилсэн байна.

“Төмөр хатагтай” киноны үйл явдал М.Тетчэр залуу на­саа дурсаж байгаагаар өрнөдөг. Түүнийг ба­гад нь Мааги гэж нэрлэдэг байв. Хүнсний дэлгүү­рийн эзний охин Мааги нэг хайрцаг сүүний үнийг сайн мэднэ. Хэрэв үнэ нь өс­вөл сүү худалдан авахаар ир­дэг бяцхан охинд ямар хүнд тусахыг бас мэднэ. Эцэст нь Оксфордод суралц­саны­хаа дараа 24-хөн настай М.Тетчэр сонгуульд нэр дэвшиж, хожим нь сайд нарын танхимд багтах үедээ хайрцаг сүүний үнийг нэмэхгүйн тулд бүх хүчээ дайчилж ажиллах ёстойг бусдадаа ухуулж байв.

М.Тетчэрийг засгийн эрхэнд га­рах үед Их Британид инфляцийн түв­шин 22 хувьд хүрч, 2.8 сая хүн ажил­гүй болж, аж үйлдвэрлэлийн сал­бар бүхэлдээ унахад ойрхон байв. Үйлдвэрчний эвлэлүүд ажилч­­­дын цалинг нэмүүлэхийн тулд олон хоног үргэлжлэх ажил хаялт зарлаж, Английн эдийн засаг 1930-аад оны үеийн их хямралаас хойш хамгийн том уналтын үедээ очжээ. Хэн ч ажил хийхийг хүсэхээ болилоо. Харин М.Тетчэр “Хөл дээрээ зогсох цаг боллоо. Ажилдаа явах цаг боллоо. Их Британийг дахин хүчирхэг болгохын тулд тэмцэх цаг боллоо” хэмээн уриалж, сонгуульд оролцож байжээ. Тэрбээр Английн үйлдвэрчний эвлэлүүдийн хүч нөлөөг сулруулж, хүн бүрийг ажилдаа дахин явахыг ятгаж чадав. Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээл бүхэлдээ шинэчлэгджээ. Мөн М.Тетчэр төсвийн зардлыг хэд дахин танаж, ширхэг пенс бүрийг хэмнэхийг уриалж байв. Эцэст нь дөрөвхөн жилийн дотор Их Британийн инфляци дөрвөн хувь болон огцом буурч, ажилгүйдлийн түвшин эрс багасчээ. Тэр хайрцаг сүүний үнэ өсөхөөс сэргийлж чадсан юм. “Төмөр хатагтай” киноны эхэнд өндөр настай болсон М.Тетчэр дэлгүүр орж хайрцаг сүү худалдаж авахдаа үнэ нь нэмэгдсэнийг анзаарч байгааг харуулдаг. Тэр ийм байж болохгүй гэдгийг мэдэж байгаа боловч үүнийг өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй болсон гэдгээ харин ойлгохгүй байлаа.

Эдийн засгийн М.Тетчэрийн бодлого бүхэлдээ амжилт да­гуул­сан гэвэл өрөөсгөл болно. Тэр­бээр эдийн засаг дахь төрийн оролцоог сулруулахын тулд то­моохон үйлдвэрүүдийг хувьчилж, санхүүгийн тогтолцоог Засгийн газ­рын хяналтаас гаргасан. Бан­куу­дыг дэмжиж, энэ салбарт ажиллах боловсон хүчнийг олноор нь бэлтгэн гаргасан юм. Төрийн мэдэлд байгаа компаниуд хэрхэвч ашигтай ажиллаж чадахгүй, тэд зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгож байж, ашиг олохын төлөө зүтгэж байж улс орны эдийн засгийг хөл дээр нь босгоно хэмээн М.Тетчэр найдаж байжээ. Үнэхээр ч тухайн үед Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хурдасч, эдийн засгийн хэмжээ нь нэмэгдэж чадсан. Гэхдээ 2000-аад оны эхээр Их Британийн банкны салбар уналтад орж, хэмжээ хязгааргүй, ямар ч зохицуулалтгүй олгосон их хэмжээний зээлээсээ болж дампуурахад ойрхон болсон юм. Тэр ч байтугай энэхүү хямралыг даван туулахын тулд Засгийн газраасаа санхүүгийн тусламж авахад хүр­сэн. Өнөөдөр Англид банкны мэргэжилтэн, санхүүчид хэтэрхий олон байна. Харин төмөр зам, барилгын салбарт ажиллах ажилчин дутмаг болжээ. Үүнийг эдийн засагчид тэртээ 1980-аад оны эцэст нэг салбар руу хэт туйлширсны урхаг хэмээн тайлбарладаг. М.Тет­чэрийн бодлогын үр дүн 30, 40 жилийн дараа ч харагдсаар байна. Түүнчлэн түүний хийсэн хувьчлал, чинээлэг иргэдэд зориулсан татварын хөнгөлөлт, моргейжийн зээлээс болж Их Британийн газар нутаг хойд, урд хэмээн хуваагджээ. Энэ хоёр хэсэг нь эдийн засгийн хөгжлөөрөө хоорондоо илт ялгагдаж эхэлсэн байна. Гэхдээ алдаа, онооноос үл хамаараад М.Тетчэрийн гаргасан шийдвэр бүхэн хожим нь олон үр дагавар дагуулж, сая сая хүний амьдралыг өөрчилсөн гэдэгтэй маргах аргагүй.

“Төмөр хатагтай” киноны хэсэгт М.Тетчэрийн зөвлөхүүд түүнд “Удирдагч хүн шиг ярих ёстой. Хоолойныхоо өнгийг өөрчлөх хэрэгтэй” хэмээн зөвлөдөг. Буржгар үстэй, толгой дээрээ дэгжин малгай тавьж, сургуулийн багш шиг ярьдаг байсан М.Тетчэр үнэхээр өөрчлөгдсөн. Тэр удирдагч хүнд байх ёстой дүр төрхийг бий болгож чадсан. Бодит байдал дээр ч тийм байв. М.Тетчэрийг хэрхэн улстөрч, удирдагч болохоор өөрийгөө бэлдсэн түүхээс нь АНУ, Их Британийн хожмын улстөрчид суралцаж байсан гэдэг. Харин киноны тухайд гэвэл энд түүнийг хэтэрхий их сэтгэлийн хөдөлгөөнтэй мэтээр дүрсэлсэн нь бодит байдлаас өөр болсон хэмээн М.Тетчэрийн дотны хүмүүс дүгнэсэн юм. Гэхдээ урлаг бол урлаг шүү дээ. Үзэгчдийн анхаарлыг татахын тулд төдий дайны хэтрүүлэг хэрэглэх ёстой байсан биз.

М.Тетчэрийн нөхөр Денис Тет­чэр нэгэн ярилцлагадаа “Дэлхий ертөнц түүнийг “Төмөр хатагтай” гэж нэрлэдэг. Хүүхдүүд нь түүнийг “ээж” гэж дууддаг. Би бол түүнийг “Хайрт минь” гэдэг” хэмээн ярьж байжээ. Харин “Төмөр хатагтай” кинонд дэлхий ертөнцийн төлөө өөрийгөө зориулсан ч эцэст нь жирийн ээж, ганцаардаж хоцорсон эхнэр гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон М.Тетчэрийг дүрслэн ха­руулсан юм. Гэхдээ тэр олон хүндхэн шийдвэрийг гаргасан. Үүнээсээ болж олон дайсныг өөртөө бий болгоно гэдгээ мэдэж байсан ч өөрийнхөө зөв гэдэгт бат итгэлтэй байсан тухай кинонд дүрсэлжээ. Киноны хэсэгт М.Тетчэр “Би үзэл баримтлалаасаа ухрах гэж байгаа консервативчуудыг туфлийн өс­гийний дуугаар сэрээхийг хүсч байна” хэмээн хэлдэг билээ.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж