Энэ жилийн “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр, Дорноговь аймгаас эхлэн зохион байгуулахаар болсон байна. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг өнөөдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас дээрх ажлыг эхлүүллээ. Тэд маргааш Дорноговь аймгийн Сайншанд суманд, энэ сарын 28, 29-нд Замын-Үүд суманд ажиллах ажээ. “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр болон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах бөгөөд энэ үеэр Комиссын дарга Ж.Бямбадорж дээрх аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын удирдах албан тушаалтнууд болон шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай уулзалт, ярилцлага хийнэ. Мөн цагдаа, прокурор, шүүх, өмгөөлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд, иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн албан хаагч нарт хүний эрхийн сургалт явуулж, аймгуудын эрүүлжүүлэх, цагдан хорих байруудын нөхцөл байдалтай танилцах юм байна.Мөн энэ өдөр ХЭҮК тухайн орон нутгийн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч үйлчлэх юм байна.
Б.Саран