Маргааш дэлхий нийтээрээ олон улсын театрын өдрийг тэмдэглэнэ. Жил бүр театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн хүн өөрийн илгээлтийг сонордуулдаг уламжлалтай. Түүнийг нь Олон улсын театрын институт 20 гаруй хэлнээ хөрвүүлэн дэлхий даяар тараадаг. Театрын өдөрт зориулсан бүхий л арга хэмжээний үеэр уг илгээлтийг сонордуулан, театрт данстай бүхий л уран бүтээлчдэд хийгээд үзэгчдэд үүнийг хүргээрэй хэмээн тус ниститутээс уриалдаг билээ. Өнөө жилийн илгээлтийг Америкийн тайз, дэлгэцийн од, жүжигчин, найруулагч Жон Малкович хэлэх хүндтэй үүргийг хүлээжээ. Тэрбээр ЮНЕСКО-гийн байрны хүндэтгэлийн танхимын индэр дээрээс олон улсын театрын өдрийг 50 дахь жилээ тэмдэглэж буйд зориулсан ёслолын арга хэмжээний үеэр илгээлтээ уншиж сонордууллаа. Харин өнгөрсөн жил Угандагийн жүжигчин, жүжгийн зохиолч, найруулагч Жессика Каава театрын өдрийн илгээлтийг хүргэсэн билээ.
Олон улсын театрын өдөрт зориулсан 2012 оны илгээлтМэргэжил нэгт театрын уран бүтээлчид, эрхэм алдартнууд, хамтран зүтгэгчид ээ. Та бүхний уран бүтээл хүмүүний сэтгэлийн утсыг хөндсөн, бүтээлч байх болтугай. Зүрх сэтгэл рүү өнгийж, дотоод ертөнцөд нэвтэрсэн, бодол уудалсан бас өөрийн гэх өвөрмөц донж маягтай байх болтугай.
Хүн байхын утга учрын тухай таны уран бүтээл асууж байгаасай. Энэ асуулт үнэн сэтгэл зүрх, нээлттэй бодол санаа, уужим ухаанаас жигүүрлэн нисэж байгаасай. Та бүхэн авьяас онгод, хүмүүний зүрхний хэмнэлийг хэрхэн мэдрэхийг зааж сургах сэрэл чадвараар хөглөгдөх болтугай.
Хамгийн шилдэг уран бүтээлч хүн төрөлхтний суурь асуулт болсон “Бид яаж амьдрах ёстой вэ?” хэмээх асуултын хариуг уран бүтээлээрээ агшин зуурын төдийд ч болов зураглан гаргах болтугай.
Жон Малкович, 2012 оны гуравдугаар сарын 22, Парис хот, ЮНЕСКООрчуулан бэлтгэсэн ArtLar House