“Гүжир гүтгэлэгт хэмжээ хязгаар байх ёстой, М-СИ-ЭС компанид засгийн газрын нэг ч гишүүн хувь эзэмшдэггүйг хариуцлагатайгаар мэдэгдье”

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Гүжир гүтгэлэгт хэмжээ хязгаар байх ёстой, М-СИ-ЭС компанид засгийн газрын нэг ч гишүүн хувь эзэмшдэггүйг хариуцлагатайгаар мэдэгдье”

ЗТБХБ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын зүгээс сүүлийн үед улс төр, эдийн засаг, бизнесийн ертөнцийн нилээдгүй асуудлуудыг хөндөж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж байгаагийн дотор М-Си-Эс ХХК-тай холбоотой нэр заасан мэдээллүүд багагүй хувийг эзэлж байгаа. Эдгээр мэдэгдлүүд үнэхээр бодитой эсэхийг тодруулахаар бид M-Си-Эс Холдингийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-М-Си-Эс компани Ухаа Худагийн лицензийг хууль бусаар авсан, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн энэ ордын 50 хувийг төр авах ёстой гэсэн яриа гарч байна. Танай компани үүнд ямар хариулт өгөх вэ?

-Юуны өмнө М-Си-Эс, Энержи Ресурс ХХК гэж 2 өөр компани байгаа гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Ухаа Худагийн лицензийг Энержи Ресурс ХХК эзэмшдэг, харин М-Си-Эс компани бол Энержи Ресурсын хувь эзэмшигчдийн нэг юм. М-Си-Эс Энержи Ресурсыг бүхэлд нь эзэмшдэг мэтээр ойлголт төрүүлж байгаа нь Петровис, Шунхлай гэх мэт үндэсний бусад хувь эзэмшигчид болон олон улсын хөрөнгө оруулагчдын хувь, оролцоог үгүйсгэсэн бүдүүлэг алдаа болох байх. Гэхдээ би М-Си-Эс Холдингийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Энержи Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний хувиар таны асуултанд хариулья. 2008 оны 3 сард МУ-ын Засгийн газраас санаачилга гаргаж, Энержи Ресурс компанид албан ёсоор  хүсэлт тавьсны дагуу тус компанийн эзэмшиж байсан том Тавантолгойн лицензийг төрд буцаан авах тухай хэлэлцээр хийгдсэн. Энэ хэлэлцээр нилээд удаан хугацаанд үргэлжилсэн. Тэр үед мөрдөгдөж байсан, одоо ч мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол төрийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн ордын төрийн эзэмших хувь нь 50 хүртэлх хувь байна гэж заасан байгаа. Энэ заалтын дагуу бид 50 хүртэлх хувиа буцааж өгөх ёстой байсан. Гэтэл МУ-ын Засгийн газар Тавантолгойн лицензийн 50-иас дээш хувийг авах хүсэлтэй байна гэдэг санал тавьсан. Яагаад гэвэл Тавантолгойн төсөл бол нийгмийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч чухал ач холбогдолтой төсөл, обьект учраас ийм санал тавигдсан. Энержи Ресурс ХХК Монголынхоо ард түмний эрх ашгийг дээдэлдэг, үндэсний компанийн хувьд төрийн хүсэлт, оролцоог хүндэтгэн үзэж, нийт лицензийнхээ 96 хувийг төрдөө буцаан өгсөн. МУ-ын Үндсэн хуулинд “хэрэв төр хувийн өмчийг дайчилж авбал нөхөн олговор олгоно” гэсэн заалттай. Ингээд төр нэгэнт ордын 96 хувийг дайчлан авсан учир Тавантолгойн ордын нийт талбайн 4 хувь, нөөцийн 6 хувьтай тэнцэх Ухаа Худаг ордыг Энержи Ресурс компанид нөхөн олговор болгон үлдээсэн. Ийм л түүхтэй орд. Өнөөдөр Монголын төр түүхэн шийдвэр гаргаж, улсынхаа нийт иргэдэд том Тавантолгойн хувьцааг эзэмшүүлэхээр шийдсэн нь тэр үед Энержи Ресурс компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүн. Энэ хэлэлцээр хууль дүрмийн дагуу явагдсан уу гэдгийг шат шатны төрийн байгууллагууд сүүлийн 2,3 жил шалгасан. Хамгийн сүүлд МУ-ын Үндэсний аудитын газар шалгаж үзээд энэ хэлэлцээр үнэхээр хууль журмын дагуу явсан байна гэдэг дүгнэлт гаргасан. Х.Баттулга гишүүн бол компанид үлдсэн 4 хувийн 50 хувийг Монголын төр авах ёстой гэж байгаа. Нийт эзэмшиж байсан лицензийн 96 хувийг төрд дайчлуулсныхаа төлөө нөхөн олговорт үлдээсэн Ухаа Худаг орд дээр бид 650 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дан монголчуудын хамтын хүчээр цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, зам, дэд бүтэцтэй холбоотой маш том бүтээн байгуулалтуудыг хийлээ. Энэ бүтээн байгуулалтанд шаардлагатай хөрөнгийг бид зээл авч санхүүжүүлсэн, мөн олон улсын хөрөнгийн биржээс босгож, Монголын хувийн хэвшлийн компаниуд дундаас олон улсын зах зээлд гарах анхны түүхэн алхмыг ч хийсэн. Төр том Тавантолгойн ордын 96 хувийг хуулийн дагуу хэлэлцээр хийж авчихаад байтал дахиад Ухаа Худаг ордынх нь 50 хувийг нэмж авах ёстой гэж байгаа нь үнэхээр аль ч талаараа огт утга учиргүй юм.

-Үүнээс гадна Энержи Ресурс ХХК Засгийн газартай 70 жилийн Тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж байгаа гэж яриад, тодорхой баримтуудыг дэлгэж байсан. Энэ тухайд?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулинд “хэрэв 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн бол 30 хүртэлх жилээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхтэй” гэсэн заалт бий. Тэгэхээр гадны ч бай, дотоодын ч бай ямар ч компани 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол 30 жил хүртэлх хугацаагаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхтэй гэсэн үг. Х.Баттулга гишүүн ч өөрөө уншиж өгсөн. Гэтэл бид 300 сая ч биш, 650 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийчихээд байна. Үүнийхээ дагуу хуулинд заасан эрхээ эдэлж, тогтвортой байдлын гэрээг хийе гэдэг саналыг л тавьсан. Тогтвортой байдлын гэрээ гэдэг бол  төр засгаас тэгтлээ хөнгөлөлт үзүүлж, дэмжинэ гэж байгаа хэрэг биш ээ. Ямар нэгэн татварын хөнгөлөлт, татварын урамшуулал үзүүлэх тухай ч асуудал биш. Уул уурхайн салбар өөрөө маш том хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг, хөрөнгө оруулалтаа удаан нөхдөг, маш их эрсдэл дагуулсан онцлогтой бизнес. Тэгэхээр бизнесийн орчинд өнөөдөр мөрдөгдөж байгаа татварыг тогтвортой байлгах тухай л гэрээ гэсэн үг. МУ-ын Засгийн газар өнөөдрийг хүртэл дандаа гадаадын компаниудтай тогтвортой байдлын гэрээг хийсэн байдаг. Анх удаа Монголын үндэсний компаниудын нэгдэл 650 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийчихээд, хийснийхээ дараа гэрээ байгуулах санал тавьж байна. Харин гадны компаниудтай бол хөрөнгө оруулалт хийхээс нь өмнө байгуулж байсан шүү дээ. Бидний тухайд 650 сая ам.долларын хөрөнгө оруулалтынхаа хүрээнд Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто зам зэрэг дэд бүтцийн бүх асуудлыг шийдээд, шууд ба шууд бус хэлбэрээр 20 мянга орчим ажлын байр бий болгоод байна. Хуулиараа бидэнд олдож байгаа эрхээ эдэлье гэсэн ийм л асуудал гэж ойлгож байгаа. Тэгэхдээ мэдээж УИХ-аас энэ эрх олгогдоно.  Бас нэг зүйлийг энд зориуд тодотгож хэлэхэд, гэрээг 70 жилээр хийх гэж байгаа мэтээр ярьж байгаа нь ор үндэсгүй зүйл юм. Ухаа Худаг уурхай өөрөө 20 жилийн нөөцтэй. Тэгэхээр бидэнд 15-20 жилийн гэрээ хийхэд хангалттай. Тэр 20, 20 жилээр сунгана гэж байгаагийн хувьд нөөц нь хангалттай бол лицензийг сунгаж болох тухай хуулийн заалт байдаг. Үүнтэй андуураад байгаа юм байлгүй дээ.

-М-Си-Эс бол Монголдоо тэргүүлэгч, томоохон компаниудын нэг. Танай компанид одоогийн Засгийн газрын гишүүд хувь эзэмшдэг юмуу?

-М-Си-Эс компанид өнөөдрийн Засгийн газрын гишүүдээс нэг ч гишүүн хувьцаа эзэмшдэггүй гэдгийг би албан ёсоор, хариуцлагатайгаар хэлэх байна.

-М-Си-Эс-ийн Зайсан дахь орон сууцанд Монголын Засгийн газрын гишүүдийн тал нь амьдардаг гэсэн мэдээлэл бас байна. Энэ тухайд?

-Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд олон сайхан хорооллууд шинээр баригдаж байгаа. Манай компанийн барьсан, Зайсан дахь хороолол бол тэдний л нэг. Гэхдээ цаг хугацааны хувьд 2007 онд энэ хороолол зарагдсан байдаг. Тэр үед байр худалдаж авсан хүмүүс нь бизнесмэн байна уу, улс төрч байна уу, хэний гэр бүл, ахдүү, хамаатан садан, найз нөхөд байх нь бидэнд огт падгүй. Улстөрчид байлаа гээд тэдний хэд нь 2008 онд УИХ-ын гишүүн болох, хэд нь Засгийн газрын гишүүн болох нь барилгын компанид хамааралгүй асуудал. Зах зээлийн зарчмаар л бид байраа зарсан. Ер нь одоо баригдаж байгаа бусад хорооллуудтай харьцуулахад тийм их үнэтэй хороолол биш шүүдээ. Тэр үедээ м2 нь 1200-2000 ам. долларт зарагдаж байсан 3-4 өрөө байшингууд ч, хаусууд ч бий.

-M-Си-Эс компанийг бид үндэсний компани гэж ойлгосоор ирсэн. Гэтэл сүүлийн үед танай компанийг Хятадын хөрөнгө оруулалттай, хятад хувь эзэмшигчидтэй гэж ярих боллоо. Энэ хэр үндэслэлтэй зүйл вэ?

-Гүжир гүтгэлэгт бас хэмжээ хязгаар байх ёстой. M-Си-Эс компанид гадны тэр тусмаа Хятадын нэг ч хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Манай компанийн хувьцааны 70-75 хувийг Баянхонгор аймгийн уугуул хүмүүс эзэмшдэг. Үнэхээр Баянхонгорчуудыг хятадууд гэж хэлэх гээгүй бол энэ компанийн хувьцаа эзэмшигчид нь монгол хүмүүс гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна.

-Х.Баттулга гишүүний зүгээс М-Си-Эс компани руу чиглэсэн мэдэгдэл хийж байгаа анхны тохиолдол энэ биш, өмнө нь ч иймэрхүү зүйл ярьж байсан. Төрийн сайд байсан хүний зүгээс ийм мэдэгдлүүдийг удаа дараа хийж байгаа нь бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн зөрчилдөөн гэж ойлгох хүмүүс ч байна. Таны хувьд шалтгааныг хэрхэн харж, тайлбарлах вэ?

-Юу ч хийдэггүй хүний юуг нь шүүмжлэх вэ дээ гэж үг байдаг. Манай компани бизнесийн ертөнцөд олон талаараа анхдагч байж, хийсэн бүтээснээрээ олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж яваа компани. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр олны нүдэнд ил тод, хийж бүтээж байгаа нь илт тодорхой ахицтай байгаа үед өөлж шүүмжлэх хүмүүс байдаг юм болов уу. Хэнд ч тоогдохооргүй, үнэлэгдэхээргүй, хүний нүдэнд харагдаж, үзэгдэх дорвитой зүйл хийдэггүй байсан бол өдийд бидэн рүү чиглэсэн шүүмжлэл, гүтгэлэг байхгүй байсан биз ээ. Түүнээс биш хувь хүнийх нь хувьд бидний зүгээс дайсагналцах, хонзогнох үндэслэл байгаа гэж бодохгүй байна. Бид бүтээн байгуулалтын олон төслийг амжилттай хэрэгжүүлж, сайн яваад байхаар манайхыг сайд нар нь дэмжээд байна гэж хардаад байдаг юм биш байгаа даа. Биднийг үнэндээ дэмжээд байгаа юм байхгүй. Ер нь улстөрчид биднийг нэг их дэмждэггүй юм аа гэхэд саад болохгүй байхад бидэнд болно доо л гэж боддог юм шүү дээ.

-Тодруулга өгсөнд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж