Эмэгтэй боксчид хос алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид хос алтан медаль хүртэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 19-25-нд эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд шар тивийн 17 орны 100 гаруй тамирчин 10 жинд / 48,51,54,57,60,64,69,75,-78,+78кг/ өрсөлдөв. Нутагтаа болсон тивийн аваргын тэмцээнээс манайхан бүтэн багаараа оролцож, хоёр алт, хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдийн шинэ хуудсыг нээлээ. Манай тамирчид 2003 онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон бол 2008 онд Энэтхэгийн Кухатта хотод болсон дөрөв дэх удаагийн тэмцээнээс 52 кг-ын жинд спортын мастер Ц.Цэрэнчимэг хүрэл, 2010 онд Казакстаны нийслэл Астанад болсон тэмцээний 51 кг-д ОУХМ М.Нандинцэцэг мөнгө, 75 кг-д Б.Одмаа хүрэл медаль хүртэж байсан. Энэ удаа ийнхүү нутгийнхаа рингэнд хоёр аваргаа өлгийдөн авлаа. Хамгийн хөнгөн жин буюу 48 кг-д ОУХМ Т.Болортуул алтан медалийн төлөөх тулаанд Пинки Жанграг 24:22-оор буулган авснаар Монголын эмэгтэй боксчдын түүхэнд анхны алтан медаль хүртэв.

Үүний дараагаар 64 кг-д “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Э.Ундрамын төрсөн дүү спортын мастер Э.Уянга алтан медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын Лили Шейг 21:12-оор сөхрүүлж, эх орныхоо рингнээс хоёр дахь алтан медалийг хүртлээ. Мөн манай улсаас -81 кг-д тулалдсан ОУХМ Б.Одмаа, +81-д Б.Бадамханд нар хүрэл медаль хүртсэн. Зургаа дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн дүнг таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай БНХАУ-ын ширэн бээлийтнүүд тэргүүлэв. Нанхиадын боксчид манай улсад бүтэн багаараа ирж, бүгд медальтай буцлаа. Харин дэлхийн таван удаагийн аварга, Мэри Комоор ахлуулсан Энэтхэгийн баг /2 алт, 4 мөнгө, 2 хүрэл/, Монгол /2+0+2/ Тайланд /1+0+0/, Казакстан /0+2+2/ айрагдав.


Ч.Ганзориг: Бид азийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөр түвшинд зохион байгууллаа

Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгч, МОБХ-ны ерөнхийлөгч Ч.Ганзоригтой тэмцээний хаалтын ажилгааны үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалт ямар байв. Монголын эмэгтэй боксчид хоёр алтан медаль хүртлээ?

-Эмэгтэйчүүдийн Азийн АШТ анх удаа Монголд боллоо. Бид азийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөр түвшинд зохион байгууллаа. Энэ тэмцээн хэд хэдэн онцлогтой болсон. Удахгүй олимп, ДАШТ болно. Энэ хоёр чухал тэмцээний өмнө зохиогдсоноороо онцлог. Монголчууд ямар ч том тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж чаддаг гэдгийг эмэгтэйчүүдийн Азийн АШТ-ий үеэр тод харуулсан гэж бодож байна. Мөн AIBA-гийн /Дэлхийн боксын холбоо/ Ерөнхийлөгч Чинг Ко Вүг тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсныг онцоллоо. Олимпийн жил гэдэг утгаараа урьд нь оролцож байгаагүй олон орны тамирчид оролцсон.

-Энэ удаагийн тэмцээнд Монголын боксчид ямар зорилготой оролцсон бэ. Зорилгодоо хүрч чадав уу?

-Бид нутагтаа 4-5 медаль авах зорилготой байсан. Мөн ямар ч байсан аваргатай болох хүсэлтэй байсан. Тэгвэл зорилгоо давуулан биелүүлж, эх орныхоо рингнээс хоёр аваргатай боллоо. Манай улсад эмэгтэй бокс хөгжөөд удаагүй байгаа. Цаашдаа эмэгтэй тамирчдаас их ирээдүй хүлээж байгаа гэдгийг энэ удаагийн тэмцээн харууллаа.

-Монголын эмэгтэй боксчдыг одоо ямар тэмцээн хүлээж байгаа вэ?

-Тавдугаар сарын 21-ээс зургадугаар сарын 10-нд БНХАУ-ын Чуншинд болох ДАШТ биднийг хүлээж байна. Лондонгийн олимпод анх удаа эмэгтэй бокс багтсан. Бид олимпийн жингийн гурван тамирчнаа ДАШТ-д оролцуулж, олимпийн эрх авах зорилготой ажиллаж байна. ДАШТ-д эхний наймд орсон тамирчин олимпийн эрх авна. Бид Азийн АШТ-ий өмнө олимпийн жингийн гурван тамирчнаа Германд хамтарсан бэлтгэл хийлгэсэн. ДАШТ-ий өмнө дахин хамтарсан бэлтгэл хийж магадгүй.

Тэмцээний дүнг хүргэж байна.

48 кг (9):

Төмөрхуягийн Болортуул (Монгол)
Пинки Жангра (Энэтхэг)
МенЧунСие (Тайвань), Луо Южие (БНХАУ)

51 кг /13/:

Мэри Ком (Энэтхэг)
Рен Чанчань (БНХАУ)
Аяако Минова (Япон), Алис Кэйт Апарри (Филиппин)

54 кг (9):

Лю Ке Жиа (БНХАУ)
Соня Латер (Энэтхэг)
Нести Петикио (Филиппин), Гулжан Акимова (Казакстан)

57кг (10):

Тассамале Тонгжан (Тайланд)
Кил Ок Ким (БНАСАУ)
Ян Янзи )БНХАУ), Лу Ти Хан (Вьетнам)

60 кг (13):

Лиащрам Сарита Деви (Энэтхэг)
Чориева Мавзуна (Тацикистан)
Дон Чен (БНХАУ), Хей Ён-Ким (БНАСАУ)

64 кг (5):

Эрдэнэсоёлын Уянга (Монгол)
Лили Шей (БНХАУ)
Фируза Шарипова (Казакстан), Ти Хиен Ли (Вьетнам)

69кг (7):

Дон Мей Ван (БНХАУ)
Моника Саун (Энэтхэг)
Ти Хун Ли (Вьетнам), Дапана Дураге Широмали (Шри-Ланк)

75кг (8):

Ли Жинзи (БНХАУ)
Пооца Ранжи (Энэтхэг)
Шин Хюн Ким (БНСУ), СУ Рим Пак (БНАСАУ)

-81кг (4)

1. Мейчин Юань (БНХАУ)
2. Юлдуз Маматкулова (Казакстан)
3. Багябати Качари (Энэтхэг), Баясгалангийн Одмаа (Монгол)

+81 кг (4):

Юнфей Ли (БНХАУ)
Лаззат Кунгейбаева (Казакстан)
Балжиннямын Бадамханд (Монгол), Кавита Чанал (Энэтхэг)

Б.БАТ

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж