“Монгол 999+ ” нэгдэх нь түүхэн шаардлага

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

“Монгол 999+ ” нэгдэх нь түүхэн шаардлага

Монголын vндэсний компаниудын өнөөгийн байдлыг хөндлөнгөөс харахаар хоёр нийтлэг дvр төрх ажиглагдаад байдаг. Нэг хэсэг нь Монголд хөрөнгө оруулсан, эсвэл оруулахаар зэхэж байгаа «Оюу толгой» мэтийн гадаадын том компаниудыг тойрон эргэлдэнэ. Тэдэнд vйлчилгээ vзvvлчих санаатай ажил гуйна, тендерт нь туслангаар орно, ханган нийлvvлнэ, гэрээлнэ, эсвэл дор хаяж зуучлагч болон хэдэн төгрөг олохыг бодно. Нөгөө хэсэг нь төр засгийг тойрон эргэлдэнэ. Tөрийн өмчит барилга байшингийн дээвэр туурга шуурганд нуран унах, аль нэг яам газар тавилгаа солиx, цахилгааны утас тасраx, эсвэл замын хашлага эвдрэx гэх мэтийн эх адаггvй бужигнаан, будлиан дундаас мөнгө босгоx гэж зvтгэнэ. Тендерт нь ялах гэж улайрна, өөр хоорондоо «алалцана». Байдаг мөнгөө шийдвэр гаргагч тvшмэдvvдийн ширээн доогуур сэм сэмхэн гулгуулна.  Өөр гарцгvй, боломж бvр нь боймлогдсон энэ орчинд бизнеc эрхлэх гэж vйлээ vзэж, vгээ бардаг том жижиг нийлсэн зуун тавиад мянган компани Монголд өнөөдөр татвар төлж,  xэдэн зуун мянган xvнийг ажил амьдралтай залгуулдаг.
Тэдний төлөөлөл болсон vндэсний компанийн хэдэн нөхөд долоо хоногийн өмнөх энэ өдөр Улаанбаатарын нэгэн зоогийн газарт цугларч. Шар айраг шимэнгээ тэд юу эсийг ярихав. Тэгж тэгж өнөөх л «xоёр толгой» ярианы гол сэдэв болж. «Оюу толгой ч бvр өнгөрсөөн, одоо энэ «Таван толгой» даанч дээ. Бид ч бvх баялгаа гадныханд өгөөд дуусax нь ээ» гэж баахан шогширцгоож. Тэгснээ «vнэндээ тэр гадны том компаниудтай дангаараа өрсөлдөхөд монгол компаниудын бяд арай л хvрэхгvй байна л даа» гэж санааширцгааж. «Уг нь болдог бол монголын бvх компаниуд нийлээд нэг том компани болчихвол тэдний хэмжээнд өлхөн очно л доо» гэж сайрхацгааж. «Даанч тэгж нийлнэ гэж байхгvй л дээ» гэж гутарцгааж. Тэгснээ… «нээрэн яагаад болохгvй гэж..?» хэмээн нэг нэгнээсээ асууцгааж. Удалгvй ийш тийш утас цохин энэ санаандаа тандалт хийж. Vр дvн нь цочир сонин болж, ердөө маргааш нь л 100 гаруй компанийн захирлууд цугларчихаж.

Ингээд санаачилагчдын хурал аяндаа зохион байгуулагдах болж, Mонголын бvх ажил олгогч компаниудаa уриалан, энэхvv нэгдсэн том vндэсний компанид хувь нийлvvлэн оролцоx боломж олгохоор тогтож. Боломжийг хувь хvнийхээ хувьд дуун дээр тосон авч, хэвлэл мэдээллийн салбарт ажил олгогчдын төлөөлөл болж миний бие ч бvртгvvлээд амжив. Тэр явдлаас хойших 7 xoногт Монголын1000 гаруй vндэсний компани сонирхлоо илэрхийлэн бvртгvvлжээ. Энэ нь өдөрт л дор хаяж 100 гаруй хvн нэг дор цуглан бужигнаж, санаа бодлоо уралдуулж байсан гэсэн vг. Ажлын хэсэгт орсон бидэнтэй тэдний өрнvvлэх яриа тодорхой хэдэн зvйл дээр төвлөрч байв.

Хамгийн амин яриа:
Монголын баялгийг монгол хvн эзэмшье, vр дvнг нь монгол хvн хvртье гэсэн санаа. Cтратегийн орд гэдэг төрийн хувьд хурдан хугацаанд «мөнгө олох стратеги» байж болохгvй. Энэ зорилгодоо хөтлөгдөөд, компаниудыг ажлаа эхэлж, татвар төлөхийг нь хvлээхгvйгээр урьдчилж хэн их мөнгө өгч чадсанд нь ордоо ашиглуулна гэсэн болзол тавих нь vндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдыг л даллаж байна гэсэн vг. Монгол төр энд л жинхэнэ Монгол төрийнхөө стратегийн далд бодлогыг баримтлах учиртай. Тэр нь «таньдаггvй бурхнаас таньдаг чөтгөр дээр» гэсэн бодлого. Өөрөөр хэлбэл монгол хvн дангаараа хийчих боломжтой энэ том орд дээр vндэсний vйлдвэрлэгчид, татвар төлөгч, ажил олгогчдоо дэмжиx бодлого барьж, дотоодын бизнесийн хөгжлийг идэвхжvvлэх стратеги!

Бидний дунд өрнөx хамгийн чухал яриа:
Монголчууд нэгдье, хvчирхэгжье, энэ дорд байдлаасаа өөрсдийн хvчээр гарья гэсэн санаа. Vндэсний vзэл дангаараа бус, эдийн засгийн шударга эрх ашигтай уялдаж байж л Монголчуудыг нэгтгэx жинхэнэ хvч болж чадах аж. Монголчууд «Tаван толгой»-гоо өөрсдөө олборлоё, өөрсдөө ашиглая гэсэн эдийн засгийн эрх ашигт тулгуурласан vндэсний vзэл одоо ид сэргэж, юу юугvй хvчээ аван давалгаалж байгааг долоохон хоногийн дотор сонирхлоо илэрхийлэн бvртгvvлсэн 1000 шахам компанийн идэвхи, хурд батлан харуулж байна. 1206 онд Монголын тарж бутарсан олон овог аймгуудын хvч нь хvрч хийж чадаxгvй байсан дэлхийн даяаршлыг эзэн Чингис хаан нэгтгэн нягтруулж байгаад  чадсаныг тvvx нэгэнт батлан харуулсан билээ. Монголын компаниуд нэгж сум шиг ганц ганцаараа явбал гадныханд хамаг баялгаа тавьж туугаад дуусна гэдгийг одоо л тэд ухаарч, «багласан сум» болон нэгдэж байна. Багласан сумыг хэн ч хугалж чадаагvйн vлгэрээр ингэж нэгдэж чадсан vндэсний баялаг бvтээгч, ажил олгогчдоороо төр бахархаж, тэдэнд бvхий л боломжоорoo vйлчлэх учиртай.

Бидний яриан дунд бас бахархал сайрхал байн байн өрнөнө. Монголчууд бараг гурван vеэрээ нvvрс олборлож, ил далд уурхай ашиглаx арвин туршлага хуримтлуулсан. Xамгийн бага технологи шаарддаг, хамгийн их хийж сурсан ажлаа Монголчууд бид гадныхнаар биш, өөрсдөө хийхийг хvсч байна. Багануур, Шарын гол, Налайхыг мэдэхгvй монгол хvн цөөн. Бэлтгэгдсэн боловсон хvчин ч энд тэнд зөндөө бий. Сайрхан ярих энэ бахархал дунд Макс групп, Энержи Ресурс гээд олон жишээ дурьдагддагаас нэгийг нь энд онцолъё. Таван толгойн стратегийн том орд газрын хашлага зураасны гадна талд газрын зураг дээр бөөрөнд нь наалдсан бяцхан цэг мэт харагдах «нутгийн таван толгой» гэж нэрлэгдсэн нэгэн жижиг уурхай бий. 40 гаруй жил олборлолт эрхэлж аймаг орны нvvрсний хэрэгцээг хангадаг байсан энэ компани 5-н жилийн өмнөөс менежментээ өөрчлөн, олборлолтоо нэмэгдvvлж, экспорт хийж эхэлснээр өдгөө Монголд хамгийн өндөр нэгж хувьцааны ногдол ашиг хуваарилдаг компани болоод байна. Энэ бол нvvрс олборлох бизнес монголчуудын өлхөн хийж чадах ажил гэдгийг харуулах ганц л жишээ.  Нэг дугуй хийж чадаж байгаа хvнд 10-ыг хийлгэх захиалга өгвөл магадгvй 2 хvн нэмж хөлслөөд хийж л орхино. 1000-ийг хийлгэх захиалга өгвөл 200 хvн нэмж хөлсөлснөөр зохион байгуулалтад нь л жаахан өөрчлөлт орохоос, хийж чаддаг дугуй нь хэвээрээ л байх болно.

Бидний яриан дунд бас харамсал гутрал байн байн цухалзана. Бид гадаадын компаниудыг хөрөнгө оруулна гэхээрээ банкнаас мөнгөө тоолж аваад л, хамгийн сvvлийн veийн техник технологи оруулж ирээд л, Эрдэнэт шиг том хот бариад эхэлдэг юм шиг эндvvрч байж. Тэгээд бид өөрсдөө хэдийгээр ашиглаж олборлох чадвартай ч, даанч хөрөнгө мөнгөгvй гээд лицензээ гадныханд зарчихдаг байж. Гэтэл тэр бvxнийг авсан «нэг их мөнгөтэй мэт харагдах» гадны нөхөрт ч бас мөнгө байдаггvй л юмсанж гэдгийг Фридланд андаасаа бэлхэн харж болно. Оюу толгойн лицензийг барьцаа болгоод, ердөө бидний нvдэн дээр Нью Иорк, Торонтогийн биржээс хэдэн тэрбумаар нь тэр хөрөнгө босгочихлоо. Ховдын Хөшөөтийн уурхай, Өмнөговийн Овоот толгойн уурхайг авсан гадныхан ч бас тэгж л мөнгө босголоо. Тэгэхээр барьцаалах баялаг маань нэгэнт байгаа цагт хөрөнгийг хэн ч босгож болоx нь.

Бидний яриан дунд төр засгаа өмөөрөх, хvндлэх vгс ч тодорно. Монголын компаниуд хvчирхэгжиж, дэлхийн хэмжээний том компаниудын зэрэгт хvрч, баялагтаа эзэн сууж, Фридланд шиг бирж дээрээс хөрөнгө босгоод бужигнуулаад өгөхгvй байгаагаас төр засаг аргагvйн эрхэнд тэдэнтэй бизнесийн яриа хэлэлцээрт орох болж, vvрэг функц нь өөрчлөгдөн, эх адаггvй их ажилтай зууралдан, хийх ёстой vндсэн vvргээ умартахад хvрээд байна. Мөнгөтэй гэрээ хэлэлцээрт их орооцолдох тусам төрийн нэр хvнд унаад байна. Энд тэнд мөнгө амлаж буянтны дvрд хувилснаар, дараа нь тэр амлалтаа биелvvлэх гэж хэлэлцээрт орох компаниудад стандарт бус болзол тулган, эхлээгvй бизнесээс нь урьдчилгаа салгах гэж улайрах замаар амлалтаа гvйцэлдvvлэх гэж зvтгэнэ. Энэ бvхэн эдийн засгийн суурь тогтолцоог улам ганхуулж, төрийн нэр хvнд тэр чинээгээр доройтоход хvрээд байна.  Mонгол компаниуд нэгдэн хvчирхэгжиж, бие даан хөрөнгө босгож, стратегийн энэ ордоо ашиглах болсноор төрийг эх адаггvй энэ их илvv ажлаас нь чөлөөлөх vvрэг тvvхийн шаардлагаар гарч ирж байна. Ингэснээр төр жинхэнэ ард иргэддээ vйлчилдэг vндсэн ажилдаа эргэн орох болно.  

Бидний хооронд болж буй энэ бvх ярианд Монголын төр засаг оролцоосой, монгол хvн бvр дэмжээд өгөөсэй гэж хvснэм. XXI зуунд амьдарч байгаа бид нэгдэж байна гээд XIII зууны өвөг дээдэс шигээ аян дайнд мордохгvй нь лавтай. Харин эх орны баялагтаа эзэн болно, хvчирхэг, vндэсний эдийн засгийн суурь чадавхийг бий болгоно гэсэн энэхvv «Монгол 999+» их аяныг монголын татвар төлөгчид, ажил олгогч компаниуд эхлvvлээд байна. Монголчууд нэгдсэн цагтаа хvчтэй байсан, хvчтэй ч байх болно.  

Сэтгvvлч Цагааны ОЮУНДАРЬ

Ажлын хэсгийн ахлагч Л.Ариунболдын
Үүсгэн байгуулагчдын анхдугаар хуралдаан дээр хэлсэн үг

Үүсгэн байгуулагчдаа, эрхэм зочид оо,

Өнөөдөр Tа бид шинэ монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд нэгэн тод хуудас болох үйл явдлыг эхлүүлж, анх удаа татвар төлөгч мянга гаруй компаниуд хүчин чадал, оюун ухаан, хүсэл сонирхлоо нэгтгэсэн ҮНДЭСНИЙ КОМПАНИЙГ үүсгэн байгуулахаар цуглаад байна. Та бидний нэгдэл монголын хөгжил дэвшилд зөв дохиолол өгч, үндэсний нэгдэл нягтралын бэлэг тэмдэг болно гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Өнөөдөр эдийн засгийн шинэчлэл, vндэсний эв нэгдлийн өдөр болж байна.

Засгийн газрын мөнгө гэж байдаггүй. Эрх баригчдын захиран зарцуулж байгаа мөнгө буюу улсын төсөв гэдэг бол татвар төлөгч та бидний төлсөн татвараас л бүрддэг. Засгийн газар бол татвар төлөгчдөөр тэжээлгэдэг бүтэц. Гэтэл Монголын Засгийн газар аливаа асуудалд нээлттэй ил тод хандахгүй, өөрийгөө санхүүжүүлж байдаг татвар төлөгчиддөө хийх гэж байгаа ажил, төсөл төлөвлөгөөнийxөө талаар хангалттай мэдээлэл огт өгөхгүй байна. Зүй нь тэд монголын иргэний нийгмийн гол цөмийг бүрдүүлж байгаа татвар төлөгчидтэй нягт түншилж, хамтран ажиллаж байж, санал санаачилгууд нь хэрэгжиж байх учиртай.  Гэтэл эсрэгээр татвар төлөгчдөө vл хайхарч, байнга асуудлын гадна орхих гээд байдаг нь нийгэмд зүй ёсны бухимдлыг төрүүлж байна. Яагаад Монгол төр англиар ярьж чадаад, монголоор ярьж чадахгvй байна вэ?

“Монгол 999+” бол сонгомол утгаараа нийтийн буюу ард түмний компани болон байгуулагдаж байна. Дүрмийн санд хөрөнгөө нэгтгэж, үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн компани бүрийн цаана тэдгээрт ажиллагсад, тэдний гэр бүлийг оролцуулаад лавтай 300-500 мянган хүний эрх ашиг энэ компанид зангилагдлаа. Та бид нэгдэн нийлж чадсан нь бүх талаар ач холбогдолтой түүхэн алхам болсныг ахин цохож тэмдэглэхийг хүсч байна. Эх орныхоо хөрсөн дорхи арвин их баялгийг эзэн нь болсон монголчууд өөрсдөө олборлож, ашиглаж, боловсруулж чадваас хамгийн наад зах нь олох бvх л орлого зөвхөн монголдоо шингэж, ногдох хувь нь хэдэн арав дахин өсөж үржинэ. Өргөн утгаараа бол “газрын баялаг ард түмний өмч байна” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа бүрэн утгаараа хэрэгжих нэгэн шижим болно.

Тавантолгой бол Монгол улсын стратегийн чухал орд. Ийм ч учраас монгол хvн бvрийн сэтгэл зовниж, эх орны минь хамаг баялаг гадныхны амтат зууш болчих вий гэсэн эмзэглэлээр бид нэгдэн нийлэх санаачилгыг анх гаргасан билээ. Гэвч өнгөрөгч 12 хоногийн туршид 1000 гаруй компанийг нэг бvрчлэн бvртгэж, тэр болгондоо та бvхэнтэй санал бодлоо солилцох явцад ерөөс монголын нийт бизнесийн орчныг эрvvлжvvлэх, нэгдэн нийлж байж төр засгийн бодлогод нөлөөлдөг байх, улмаар төсвийн орлогыг бvрдvvлдэг нийгмийн баялаг бvтээгчдийн хувьд бvрдvvлсэн орлогынхоо төлөвлөлт зарцуулалтад хяналт тавьдаг болох гэх мэт нэгдэн нийлж хvчирхэгжсэнээр ямар их зvйлийг бид өөрчилж чадах боломж бололцоо нээгдэх нь вэ гэдгийг энэ хэдхэн хоногт та бид ухаарлаа. Ийм богихон хугацаанд ингэж олноороо нэгдэж чадсан та бидний энэ vйлдэл энэ нийгэмд бизнесийн шударга эрvvл орчныг бvрдvvлэхийг хvссэн ихээхэн том хvлээлт нэгэнт бvрэлдсэн байсны том баталгаа боллоо.

Ингэснээр бидний эрхэм зорилго тов тодорхой боллоо. Бид үндэсний баялгийг арвижуулан, Монголын үндэсний компаниудын хүч, хөрөнгө, нөөцийг оновчтой зохион байгуулах замаар тэдний чадавхийг сайжруулах, ил тод, нээлттэй, нэр хүндтэй, vлгэр жишээч компанийн засаглалыг бvрдvvлж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын эдийн засгийн үндсийг хангахын төлөө ажиллана. Бид гадны компаниуд шиг хурдан хугацаанд ашгаа хийж аваад явахыг яарахгvй. Учир нь энэ орон бидний эх орон, ирээдvй хойч, vр хvvхэддээ бид хөгжилд дэвшилд хvрсэн, дэд бүтэц, хот байгуулалт, хангамж үйлчилгээний өндөр чадавхитай, иргэдийн хөрөнгө, амьжиргааны түвшин эрс дээшилсэн тийм л орныг хvлээлгэн өгөх чин хvсэлтэй.   Энэ том зорилтоо хэрэгжvvлэх vvднээс одоо бид сэтгэлийн хөдөлгөөн, баяр хөөрөө тvр намжаан ажил хэрэгтээ орох, компанийн засаглалыг сонгох ажилдаа орох гэж байна. Энэ хариуцлагатай мөчид би та бүхэнд хандан дараах зүйлсийг анхааруулах, уриалах нь зүйтэй гэж бодож байна.

Компанийн тухай хууль болон монгол улсын бусад хууль тогтоомжийн дагуу бид компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгох учиртай. Эдгээрт сонгогдох хүмүүсийн тоо хуулиар хязгаарлалттай. Та бид ингэж нэгдэж чадсан vр дvнгээ амжилтанд хvргэх маш энгийн зорилгыг өвөртөлж энд цугларсан. Тэгэхээр бид эрүүл саруул ухаанаар асуудалд хандаж, хvрэх гэж зорьсон хэтийн болон ойрын том зорилтуудыг хангахын төлөө өөрийн эрхэлж байгаа бизнеcээ тvр орхих чадвартай, хамаг цаг зав, хvч оюунаа vvсгэн байгуулж байгаа энэ Vндэсний компанидаа зориулж чадах жинхэнэ ажлын машин хvмvvсийг ТУЗ-д сонгох хэрэгтэй болж байна.

Бидэнд ингэж нэгдэж чадсанаараа цаашдын vйл ажиллагааныхаа эрvvл, шударга орчныг бvрдvvлж, төлөх татвараараа дамжуулан төр засгийн бодлогод нөлөө vзvvлэх олон алхамыг хийх хэтийн том зорилтууд бий. Vvнээс хамгийн эхний ээлжинд тавьж буй томоохон зорилт бол Таван толгойн ордоо гадныханд алдахгvй гэсэн зорилт. Иймд ТУЗ-д орох гишvvний vндсэн шалгуур нь тендер шалгаруулалтанд “Монгол 999” – Үндэсний компаниудын нэгдлийг ялуулах зорилтыг хэрэгжүүлж, ажил хэргийг амжилттай урагшлуулж чадах өндөр болзлыг дааж гарах хvмvvс байх естой. Үүний тулд хувийн амбициа дарж, сэтгэлээ тэвчин, эрvvл саруул ухаанаар том зорилгоо бодож ажиллахыг та бvгдэд уриалж байна. Дашрамд Монгол 999+ Үндэсний компаниудын нэгдлийн үүсгэн байгуулагчдын хурлын ажиллагаанд бэлдэхээр 6 ажлын хэсэгт байгуулагдан нийт 60 хүн цаг, наргүй ажиллсныг зориуд цохон тэмдэглэж, тэдэнд халуун талархлаа илэрхийлье.
 
4 сарын 23-ны өдрөөс хойш 12 өдрийн туш байнга уртасгасан цагаар ажиллаж богино хугацаанд асар их ажлыг амжуулсан ажлын хэсгийнхэндээ баярлалаа. Зөвхөн бүртгэлийн хэсэг сандлаасаа хөндийрч чадахгүй тогтмол ачаалалтай ажиллаж байсныг манай үүсгэн байгуулагчид анзаарсан байхаа. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн 50 гишүүд бүгд сайн дураараа сэтгэл зүтгэлээрээ ажиллажээ. Би дөнгөж өнөө өглөө ажлын хэсгийнснээсээ бvртгэлийн дvн авлаа. Яагаад ч юм бvртгvvлэгчдийн тоо энэ өглөөний байдлаар 1206 болсон байна. Энэ тоо бол эзэн Чингис хааны их Монгол улсаа нэгтгэсэн тvvхт он билээ. Монголчууд эвтэй байхдаа хvчтэй байсныг тvvx гэрчилнэ, бид ч гэрчлэхийг хvсч байна.

Та бидний хүсэл сонирхол монголын ард түмнийхтэй давхцаж, цаг хугацаа, учир шалтгааны нөхцлөөрөө гайхалтай нэгдэн нийлж байгаа учраас бидний үйлс бүтэлтэй, монголын ирээдүй гэрэлтэй байна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Үүсгэн байгуулагчдын хурлын ажилд амжилт хүсье.
 
Үйлс бүтэх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж