“Баффетын татвар”-аар 47 тэрбумыг хураана

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Баффетын татвар”-аар 47 тэрбумыг хураана

Уоррен Баффетын санаачлагаар супер баячуудаас авах татварыг нэмэгдүүлснээр АНУ-ын төсөвт арван жилийн дотор 47 тэрбум ам.доллар орно гэж тус орны Сенатын сайтад өгүүлсэн байна.

Ямар нэгэн намд хянагддаггүй Америкийн Сенатын татвар хураамжийн нэгдсэн хорооны тооцоогоор баячуудын татварыг 30 хувиар нэмэгдүүлэхэд төсөвт 47 тэрбум хуримтлагдана. Сенатын Санхүүгийн хорооны сайтад Юта мужийн сенатор, бүгд найрамдагч Оррин Хэтч “Баффетийн” гэх татварыг шүүмжлэн түүнийг “хуцдаггүй нохой” гэж нэрлэсэн байна. Түүний бичсэнээр ерөнхийлөгч Барак Обама татвар нэмэгдсэнийг улс төрийн ашгийн үүднээс хийсэн. Учир нь баячуудын татварын нэмэгдэл төсвийн алдагдалд төдийлөн нөлөөлөхгүй гэжээ.

Энэхүү 47 тэрбум доллар нь цалингаас авах татварын хөнгөлөлтийг 10 сараар сунгасан зардлын дөнгөж тал хувьтай тэнцэх ажээ. Энэ хөнгөлөлтийг томоохон бизнесийг  уламжлал ёсоор дэмждэг бүгд найрамдахчууд эрс эсэргүүцэж байгаа юм. Өнгөрсөн сард энэ асуудлаар Конгресс тохиролцоо хийж чадсан юм. Цагаан ордны зүтгүүлж байгаа цалингийн ашгийн татварын хөнгөлөлтийн  зардал нь 100 тэрбум ам.доллар байх бөгөөд үүнийг улсын өрөнд хамруулах бололтой.

Обамагийн 2013 оны төсвийн төлөвлөгөөгөөр төсвийн алдагдал нэмэгдэх бөгөөд ойрын арван жилд энэ зөрүү нь 6,4 их наяд болно гэж Bloomberg мэдээлсэн байна. Ийм маягаар ерөнхийлөгчийн санал болгосон баячуудын татварыг нэмэх арга хэмжээ дээрх үзүүлэлтийг дөнгөж 0,7 хувиар буулгах ажээ.
 
“Баффетийн татвар” төслөөр жилдээ саяаас дээш ам.долларын орлоготой америкчуудаас авах татварыг нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр ерөнхийлөгч Конгресст хандахдаа супер баячуудын татварыг доод тал нь 30 хувь болгох хэрэгтэй гэсэн билээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж