Дорноговь аймгийн Сайншанд сумын хэмжээнд өнгөрсөн 2011 оны жилийн эцсийн мэдээгээр 3598 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсныг сумын нийт хүн амтай харьцуулахад газар олголт ердөө 17 хувьтай байгаа юм байна. Сайншанд сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 2000 иргэнд дөрөвдүгээр багийн Өндөрдовын гудамж буюу хуучнаар малчны байрны баруун хойд хэсэгт 400 га газар олгохоор төлөвлөсөн ч үүнтэй зэрэгцээд өөр нэг асуудал тулгарчээ. Учир нь Тавантолгойгоос Сайншанд, Баруун-Урт, Чойбалсангийн чиглэлийн хэвтээ төмөр замын маршрут уг газраар тавигдах бөгөөд төмөр замтай хэтэрхий ойрхон хүн амын сууршил бий болох нь эрсдэл дагуулах аюултай хэмээн үзэж газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг аймгаас гаргасан байна. Хүн ам нь жил бүр өсөн нэмэгдэж байгаа Дорноговь аймагт ийнхүү газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажил удаашралтай байгаа ажээ.
Э.Сараа